2017.12.08
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Б.Бат-Эрдэнэ: Мал амьтны эрүүл мэндийн асуудлыг төр онцгойлон хариуцаж, хууль бодлогоор шийдэх нь зөв

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Малын эрүүл мэндийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийлсэн юм. 

Б.БАТ-ЭРДЭНЭ: ХЯНАЛТЫН ТОГТОЛЦОО БОЛОН ХЭРЭГЖИЛТИЙН АСУУДЛЫГ ЦОГЦООР НЬ ШИЙДЭХ НЬ ЧУХАЛ

Монгол орны эдийн засгийн зөв тогтолцоог бүрдүүлэх, олон тулгууртай болгох талаар бид олон жил ярьсан. Харамсалтай нь бид төсөв татвар, эдийн засгийн ойр зуурын харилцааны асуудал ярьсаар байгаад энэ ажлыг бид төдийлөн хийж чадаагүй.

Тиймээс эдийн засгийн гол тулгуур салбар болох мал аж ахуйдаа хандсан, ялангуяа малын эрүүл мэндийн асуудал бол маш чухал. Тиймээс энэ хуулийг гаргах нь зөв.

Хуульд тусгалаа олсон удидлага тогтолцооны хувьд Б.Батзориг сайдын хэлсэнээр босоо тогтолцоонд оруулж, нэг хяналтанд оруулах нь зөв. Хяналтын тогтолцоо ямар байх, хэрэгжилтийг хэрхэн хангахыг цогцоор нь шийдэх нь чухал. Тиймээс би өнгөрсөн долоо хоногт байнгын хорооны хуралдааны үеэр хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасан. Ингээд дахиж нягтлаад өнөөдөр оруулж ирж байна.

Мал аж ахуйн хөгжлийн өндөр түвшинд хүрсэн Бразил, Уругвай, Аргентин зэрэг улсуудаар Я.Санжмятав, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн гишүүн бид нар жилийн өмнө явж танилцсан. Тэнд бидний харж үзэх, шинэ санааг авах олон асуудалтай танилцсан. Би энэ талаар хэвлэл, сонингуудаар өгүүлэл, нийтлэл бичсэн.

Хамгийн гол зүйл нь мал амьтны эрүүл мэндийн асуудлыг төр онцгойлон хариуцаж, хууль бодлогоор шийдэх нь зөв.

Бразил гэхэд дөрвөн том лабороторитой, малын эрүүл мэндийн асуудлыг бүрэн шийдсэн. Тэр байтугай мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг хэрхэн бэлтгэх, боловсруулах, худалдаалах зэрэг асуудлыг системээр нь шийдсэн. Энэ сайн туршлага, ололтыг авахгүй бол цаашдаа мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж чадахгүй. Гадаад төдийгүй дотоод зах зээлд борлуулахад эргэлзээтэй байдал руу орно. Тиймээс үүн дээр цаашдаа онцгой анхаарах ёстой. Хуулинд тодорхой зохицуулалтууд орсон байгаа гэдэгтэй санал нэг байна.

Тиймээс энэ хуулийг батлаад хэрэгжилтийг нь хангах чиглэлээр Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн тодорхой УИХ-ын тогтоол гарна. Энэ тогтоолын дагуу шахаж шаардаж хуулийг 2018.06.01-нээс хэрэгжиж эхлэхэд бэлтгэлийг нь сайтар хангах асуудал юу юунаас илүү чухал.

ШИНЭ МЭДЭЭ