МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Уламжлалт анагаах ухааны салбарыг хөгжүүлнэ
2017.12.11
Эрүүл мэнд

Уламжлалт анагаах ухааны салбарыг хөгжүүлнэ

Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын анхдугаар хурал өнөөдөр  Төрийн ордонд боллоо. 

Энэхүү чуулга уулзалтад манай улсын уламжлалт анагаах ухааны салбарын урдаа барьдаг шинжлэх ухааны доктор, профессор, академич  нараас гадна ОХУ, Япон, Солонгос, Энэтхэг, Польш зэрэг улс орнуудын эрдэмтэн, судлаачид оролцлоо. Монголын уламжлалт анагаах ухаан түүхэн цагийн үед хэзээ ч тасраагүй, улам хөгжин ирсэн учраас цаашид орчин үеийн шинжлэх ухаантай холбож, дэвшилтэт технологид суурилсан эрүүл мэндийн салбарын онцлох бүтээгдэхүүн гаргах нь чухал гэдгийг чуулганд оролцогчид онцолж байлаа.

Дэлхийн 192 орноос уламжлалт анагаах ухааны нэгдсэн тогтолцоотой 25 орны нэг нь Монгол Улс юм. Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын илгээлтийг танилцуулж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нээж үг хэлсэн. Тэрбээр, Монголын уламжлалт анагаах ухаан нь өвөг дээдсийн хуримтлуулсан ардын анагаах ухааны баялаг мэдлэг, туршлага дээр тулгуурлан өнөөдрийг хүртэл өргөжин, хөгжиж ирсэн. Уламжлалт анагаах ухааны эмчилгээнд таван салаа, нохойн хошуу, мөөг зэрэг маш олон анагаах эрдэм бүхий бүтээгдэхүүнийг үеийн үед эмчилгээний журмаар хэрэглэж байна. Өнгөрсөн хугацаанд энэ салбарт төрийн бодлого алдагдсан ч ард түмний уламжлагдан ирсэн уламжлалт эмчилгээ өнөөдөр ч бидний дунд байсаар байна. Тиймээс уламжлагдан ирсэн энэ салбараа бид цаашид орчин үеийн шинжлэх ухаан, технологийн салбартай уялдуулах нь нэн чухал гэдгийг онцоллоо.

Монголын анагаах ухааны чиглэлийн эрдэмтэн, эмч нар 1990 оноос хойш Польш улсад уламжлалт анагаах ухааны эмчилгээний хөгжлийн гарцыг нэмэгдүүлж, өдгөө Итали, Англи, Герман улсын иргэд Польш улсыг зорин эмчлүүлдэг болжээ. Мөн анагаах ухааны чиглэлээр чадварлаг боловсон хүчин бэлтгэх,орчин үеийн эмчилгээний аргатай, уламжлалт анагаах ухааныг хослуулан хөгжүүлэхэд өнөөдрийн олон улсын хурал үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг онцолж байсан юм.

Монголчуудын бүтээн бий болгосон уламжлалт анагаах ухааны соёлын өв хэрхэн хөгжиж байгааг үнэлж, эрүүлийг мэндийн салбарын хөгжилд түүний эзлэх байр суурийг тодорхойлон, хүн амд үзүүлэх уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээнд тулгарч байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замыг оновчтой сонгон, цаашдын тавих зорилтоо зөв тодорхойлоход өнөөдрийн зохион байгуулж байгаа Уламжлалт анагаах ухааны анхдугаар их хурлын зорилго, ач холбогдол оршиж байна. Түүнчлэн төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор уламжлалт анагаахын эмчилгээ үйлчилгээ, эм тан үйлдвэрлэлийн технологийн чанарт дэвшил гаргах шаардлагатай байгааг оролцогчид онцолж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ