Б.Бат-Эрдэнэ: Монголд мэргэшсэн төрийн албан хаагч улс төрд орох эрх нь хаалттай байна
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2017.12.13
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: Монголд мэргэшсэн төрийн албан хаагч улс төрд орох эрх нь хаалттай байна

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэн баталлаа. Энэ хуулийг баталснаар төрийн алба сонгуулийн мөчлөг дагаж өөрчлөгддөг байдлыг арилгах, тодорхой шатлалаар албан тушаал дэвших зарчимтай болж байгаа гэж зарим гишүүд сайшааж байгаа. Харин зарим нь улс төрийн албанд салхи орохгүй, гадаадад сурч, өндөр боловсрол эзэмшсэн хүн ажиллах нөхцлийг бүрдүүлэхгүй байна гэж шүүмжилж байсан. Таны хувьд энэ хууль ямар болсон бэ?

-2004-2008 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд төрийн албаны шинэчлэлийн олон шийдвэр гарсан. Ямар ч гэсэн улстөржилтийг халахад ахиц дэвшил гарсан байдаг. Сая баталсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нилээд сайн заалтууд орсон. Төрийн албыг мэргэшсэн, чадварлаг хүмүүсээр бүрдүүлж, тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөл бүрдүүлэх, улс төрийн нөлөөллөөс ангид байлгах, аль нэг нам төрийн эрхэнд гарахдаа төрийн албанд халаа, сэлгээ хийдэг байдлыг халахад ахиц гарсан гэж үзэж байна.

Нөгөө талаар манайд байдаг нэг том дутагдал нь туйлшрал юм. Жишээ нь хурлын төлөөлөгчид бүгд шахуу төрийн албан хаагчид сонгогдож ажилладаг байсныг хуулийн өөрчлөлт хийгээд туршлагатай, бэлтгэгдсэн төрийн жинхэнэ албан хаагч хүн сонгогдон орох боломжийг хаасан. Үүний уршгаар төрийн албанд дадлага туршлагагүй, ёс зүй, хариуцлага төлөвшөөгүй хүмүүс сонгогддог болсон. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д ч ялгаагүй. Энэ байдал одоо чуулганы ирцээс шууд харагдаж байна. Бусад улс орны жишгийг үзвэл арай өөр байдаг юм.

Тухайлбал, Германы парламентын гишүүдийн дунд төрийн албан хаагчийн эзлэх хувь өндөр байдаг. Тэр чанараараа Германы Бундестаг их хариуцлагатай ажилладаг. Тэнд төрийн албан хаагч улс төрд орох эрх нь нээлттэй байдаг тул гишүүнээсээ боливол өмнө нь ажиллаж байсан төрийн алба, албан тушаалдаа очих боломжтой. Харин манай улсад энэ эрхийг хуулиар хүндрүүлж хязгаарласан нөхцөлтэй. Төрийн албан хаагч сонгуульд өрсөлдөх бол олон сарын өмнөөс ажил, үүргээ хүлээлгэж өгсөн байх ёстой зэрэг олон зүйл бий.

Өнөөдөр анхан шатны хурлын байгууллагаас эхлээд УИХ-д аж ахуйтай, ашиг сонирхолын зөрчилтэй, бизнесмен хүмүүс дийлэнх нь байна. Ийм учраас УИХ-аас гадаадын болон өөрсдийн бизнесийн ашиг сонирхлыг хамгаалсан бодлого, шийдвэр гарсаар байгааг олон түмэн мэдэж байгаа. Парламентын засаглалтай улс орнуудын тухайд гишүүд нь нийтлэг том эрх ашгийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнч, өндөр хариуцлагатай, зарчимтай энгийн даруу хэрэглээ амьдралтай хүмүүс байдаг. Харин манайд тансаг хэрэглээ шүтсэн, эд мөнгөний сонирхол давамгайлсан хүмүүс голлох маягтай болсон.

Төрийн ордны гадаа зогсож байгаа автомашинууд, гишүүдийн хэрэглээг нь хар. Гишүүд нь ийм буруу үлгэртэй байхаар төрийн бүх шатанд төрийн албаны хэрэглээ төсвийн үрэлгэн байдал хэрээс хэтэрч байгаа. Онцын шаардлагагүй байхад өндөр үнэтэй машин, тоног төхөөрөмж авах, их засвар, контор оффисын барилга барихад улсын төсвийн хөрөнгө урссаар байна.

Би УИХ дээр хэлээд байгаа “эдийн засгийн хэмнэлт, төсвийн зардлыг бууруулах ажлыг УИХ-ын гишүүд өөрсдөөсөө эхлэе.“Тансаг хэрэглээгээ болиод энгийн даруухан ажиллаж амьдарья” гэж УИХ-д 4 удаа сонгогдон суухдаа улсын төсөв үрж өрөөндөө нэг ч засвар хийлгээгүй, тавилгаа солиогүй муудсан юм алга гэж хэлээд уриалаад байгаа. Хуулийн хүрээнд шударга хөдөлмөрөөрөө баялаг бүтээж байгаа бизнес эрхлэгчдээ хэлж байгаа биш шүү. Тэд хуулийн хүрээнд олсон ашгаа яаж хэрэглэж зарцуулах нь өөрсдийнх нь эрх.

Гагцхүү түмний төлөө, нийтийн эрх ашгийн төлөө зүтгэнэ гэж төрд орж ирчихээд тансаг хэрэглээтэй, буруу үлгэртэй хувийн бизнесээ хөгжүүлээд хамгаалаад төрийн албан тушаалынхаа нөлөөллөөр хувийн компанидаа зээл концесс, төсөл аваад түүнийгээ зөв зүйтэй ажил хийж байгаа мэт бодож яваа хүмүүсийг би хэлж байна. Тэд эсвэл хувийн бизнесээ хий эсвэл төрдөө зүтгэ. Төр, бизнес хатуу заагтай байх ёстой. Тэгэхээр сая баталсан Төрийн албаны тухай хууль ийм байдлыг арилгахад тодорхой хэмжээнд ахиц дэвшил гаргана гэж бодож байна.

-ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг нь төрийн албан хаагч байх хуулийг баталчихлаа. Тухайн орон нутагт сонгогсдон ИТХ-аас төрийн байгууллагуудын дарга, эрхлэгчийг томилох юм байна. Тэгэхээр сая баталсан Төрийн албаны тухай хуулийн мерит зарчмаар тушаал дэвших заалттай зөрчилдөж байгаа юм биш үү?

Энэ хуулиар тодорхой хувь тогтоож, 30 хувиас илүүгүй байхаар хуульчиллаа. Энэ нь зөв, зохистой харьцаа талаасаа байж болно. Гэхдээ цаана нь хүний тухай асуудал яригдаж байгаа учир ёс зүй, ажилдаа хандах хандлагаас их зүйл шалтгаална. Өөрөөр хэлбэл, харьцангуй бага хувь тогтоосон учир зохистой харьцаа талаасаа болох болов уу гэж ойлгож байгаа.

-Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Цаазын ялыг сэргээх саналд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Олон талаас нь судалж үзэх хэрэгтэй. Би өмнөх Ерөнхийлөгч цаазын ял халах асуудлыг УИХ-д оруулж хэлэлцэж байх үед өнөөдөр цаазын ялыг халах цаг нь мөн үү. Ийм нөхцөл бүрдсэн эсэх талаар тодорхой байр сууриа илэрхийлж ОУ-ын жишиг хандлага, тооцоо судалгаан дээр тулгуурлан өөрийн орны онцлогоо сайтар бодолцож маш нухацтай хандахыг хүсч байсан. Өнөөдөр түрүүчийнх шигээ хөнгөн хуумгай шийдэж болохгүй. Бид цаазын ялыг халаад олон улсын гэрээ конвенцид нэгэнт нэгдсэн.

Харин одоо буцаад цаазын ялыг сэргээх талаар ярьж байна. Ёс суртахууны уналт доройтол нийгэмд гарч байгаа аллага, хүчирхийлэл зэрэг янз бүрийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгааныг нь олж ул сууриар нь асуудалд хандах хэрэгтэй. Бусад улс орны жишиг ямар байдаг, олон улсын мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн, судлаачид юу гэж үзэж байгаа жишгийг судлах хэрэгтэй.

-Таныг бөх хүний хувьд асууя. Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархлын өдрөөр бөхчүүд Өвөр Монголд очиж барилдсан. Тэднийг ашгийг нь бодож, Монголдоо барилдсангүй гэх шүүмжлэл нэлээд гарлаа. Таны хувьд ямар бодолтой байдаг вэ?

-Би тухайн үед Монголд байгаагүй. Бөхчүүд бай шагнал талаас нь харж оролцсон байхыг үгүйсгэхгүй. Монгол бөх гэдэг монголчуудын бүтээсэн их өв соёл хүний дотоод сэтгэл, оюунтай нь барилдуулсан байдаг учраас өөрийн үндэстний үнэт зүйлс, эрхэм зан суртахуунтай нь холбож зөвхөн цол амжилтаар нь үнэлдэггүй жудаг чанараар нь үнэлж, цэгнэдэг нарийн тогтсон уламжлалтай. Мөнгө, ашиг арилжаа хөөсөн энэ зах зээлийн нийгмийн ариншинд нийцэж, бай, мөрий, шагнал урамшуулал амласан тал руу их явж байна.

Өмнө нь тийм зүйл байгаагүй. Хэдэн зууны өмнөх түүхэн эх сурвалжийг үзвэл, монголчууд өөрийн бүтээсэн өв соёл, морь, бөх, наадамд өгч байгаа бай шагнал нь билэгдэлийн агуулгатай зүйл байсан. Түүнээс тухайн хүний амьдрал ахуйг шийдэх, эсвэл дотоод сэтгэл оюуныг нь эвдэхээр бай, шагнал өгч байгаагүй. Хадаг, цай, дээлийн өнгө зэрэг нь хүний амьдралыг асуудлыг шийдэхээр зүйл биш шүү дээ. Ийм л уламжлалтай байсан.

Намайг барилдаж байх үед ч тийм л байсан. Бидний үеийнхэн бөхийн бай шагналаар амьдралаа залгуулдаггүй байсан. Бөхчүүд түүхэн цаг үеийн турш амьдрах арга нь өөр янз бүрийн мэргэжил эзэмшин, төрөл бүрийн ажил эрхэлж амьдарч байсан болохоор одоогийнхоос онцлог юм. Гэтэл одоо нийгмийн араншинг дагаж, нэг тал руу хэт туйлширч монгол бөх мэрэгжлийн спорт болох ёстой бай шагналаараа амьдрах ёстой гэж байгаа нь сөрөг зүйлийг дагуулна.

Мэргэжлийн сумогийн том цолтой бөх зодог тайлаад Сумогийн ордны хамгаалалтын ажилтан хийгээд зогсож байхыг хардаг шүү дээ энэ нь мэргэжлийн тамирчин хүн ч гэлээ дараагийн амьдрал руу шилжихэд ажил хийж амьдрах шаардлага тулгарч байдгийг харуулж байна. Тиймээс би залуу бөхчүүд, шавь нартаа хандан монгол бөхийн жудагт сайн суралц, хатуу сахиж яв, эртнээс амьдрах арга ажил мэрэгжилээ сонго гэж зөвлөдөг. Монголчуудын бүтээсэн оюун соёлын их өв монгол бөхийн уламжлал, үнэ цэнэтэй, сайн сайхан зүйлийг хадгалж хөгжүүлэх чиглэлээр Монгол үндэсний бөхийн холбоотой хамтарч, 20 гаруй жилийн судалгаанд үндэслэн олон үе, шаттай ажлуудыг хийж тодорхой амжилт үр дүн хүрч байна.

ШИНЭ МЭДЭЭ