МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд зангиагүй уулзалт хийв
2017.12.16
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд зангиагүй уулзалт хийв

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хэвлэл, мэдээллийн сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт /2017.12.16/ хийлээ.

Энэхүү уулзалтад Батлан хамгаалахын сайдаас гадна тус яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг, дэд сайд Т.Дуламдорж болон бусад албаныхан оролцлоо.

Тэрбээр батлан хамгаалах салбарт хийж хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээ болон хууль эрх зүйн шинэчлэлийн талаар танилцууллаа.

Батлан хамгаалах салбарт улсын төсвөөс тодорхой төсөв суудаггүй бөгөөд төсвийн 95 орчим хувь нь цалин, тэтгэмжид явдаг юм байна. Мөн тус яам цэрэг иргэний харилцааг нэмэгдүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгааг танилцууллаа. Танилцуулгын дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагын газрын дарга Д.Ганзориг салбартаа хийж, хэрэгжүүлж буй ажлын танилцуулсан юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчин 2017 онд Төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний удирдлагын шинэ тогтолцоог төлөвшүүлэх, бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, анги салбаруудын бэлэн байдлын түвшин, цэргийн сургалт, сахилга дэг журмыг бэхжүүлэх талаар тавигдаж буй өнөөгийн зорилт шаардлагад нийцүүлсэн үйл ажиллагаа явуулж байгаа аж.

УИХ-аар батлагдан хэрэгжиж байгаа Батлан хамгаалах салбарын багц хуулиудыг хэрэгжүүлэхээс гадна Улсын нисэхийн тухай, Агаарын зайг нисэхэд ашиглах тухай, Орон нутгийн хамгаалалтын хуулиудын төслийг боловсруулан ажиллаж байгаа юм байна.

Батлан хамгаалах яам НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаа амжилттай үргэлжилж байгаа бөгөөд энэ хүрээнд 15 мянга орчим цэргийн албан хаагч зургаан оронд энхийг сахиулах, дэмжих ажиллагаанд оролцож, үүрэг гүйцэтгэжээ. Энэ дундаа Орон нутгийн хамгаалалтын хуулийг яаралтай боловсруулж, батлуулах шаардлага байгааг ч онцолсон юм. 

Иргэний нийгэмд Батлан хамгаалах бодлого зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлан таниулах, Монгол Улсын иргэдэд цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, иргэн-цэргийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор орон даяар олон арга хэмжээ хэрэгжүүлжээ.

Тухайлбал, Монгол улсын “Төрийн далбааны өдөр” болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч тангараг өргөх ажиллагаанд зориулсан цэргийн ёслолын жагсаал, байгаль орчныг цэвэрлэх, хайрлан хамгаалахад дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллажээ.

Мөн Төв, Дорнод, Дархан-Уул, Говь-Сүмбэр, Ховд, Баян-Өлгий аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт тэсэрч, дэлбэрэх аюултай зүйл илэрсэн тухай 17 дуудлага хүлээн авч, утгал хийжээ. Нийт 25 нэр төрлийн 12269 ширхэг цэргийн зориулалттай тэсэрч, дэлбэрэх аюултай зүйлийг илрүүлж, устгажээ.

Сүүлийн жилүүдэд цэрэгт явах залуусын тоо буурсан бөгөөд 18 нас хүрч, цэргийн алба хаах насны залуучуудын 15 орчим хувь нь цэргийн албанд татагддаг аж. Залуучууд их, дээд сургууль суралцах, гадаадад суралцах, дүрэмд заасан бусад шалтгаанаар цэргийн алба хаах нь багасчээ. Түүнээс гадна залуучууд эрүүл мэндээр тэнцэхгүй байх нь цэргийн алба хаахгүй байх шалтгаануудын нэг болдог гэдгийг албаныхан онцолж байлаа.

Ш.ЧИМЭГ

ШИНЭ МЭДЭЭ