МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрүүл мэндийн даатгалын сангийн талаархи Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонслоо
2017.12.19
Эрүүл мэнд

Эрүүл мэндийн даатгалын сангийн талаархи Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонслоо

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.12.19/ хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сан байгуулагдсанаас хойшхи үйл ажиллагааны болон санхүүгийн хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хийсэн.

Улсын Их Хурлаас “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийг батлан, 1994 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс мөрдөж эхэлснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг төсвөөс бүрэн хариуцаж байсныг өөрчилж, төсвийн ачааллыгхуваалцах, эв санааны нэгдлийн зарчимд тулгуурласан үндэсний эрүүл мэндийн даатгалын өнөөгийн тогтолцооны суурийг тавьсан хэмээн сайд С.Чинзориг мэдээллийнхээ эхэнд хэлсэн.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын салбарын хэмжээнд эрүүл мэндийн даатгалын чиг үүргийг 138 ажилтан хэрэгжүүлдэг бөгөөд үүнээс Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт 46, аймгуудад 68, дүүргүүдэд 24 ажилтан ажиллаж байгаа аж.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар Монгол Улсын бүх иргэн эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах үүрэгтэй бөгөөд даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр тогтоохоор хуульчилсан.

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн цагаас эрүүл мэндийн даатгалд Монгол Улсын нийт хүн амын 73.4-98.6 хувийг хамруулж, сангийн орлогын төлөвлөгөөг жил бүр биелүүлэн, сангийн орлогыг жилээс жилд нэмэгдүүлсээр иржээ. Тухайлбал 1995 онд 7.5 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлж байсан бол 2016 онд 302.6 тэрбум төгрөгт хүрч сангийн орлого 40.4 дахин нэмэгдсэн байна.

Харин даатгуулагчийн эрүүл мэндээс үүсэх санхүүгийн эрсдэлийг бууруулах зорилгоор эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах тусламж, үйлчилгээний нэр төрөл, төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж иржээ.

Өөрөөр хэлбэл 1996 онд эрүүл мэндийн даатгалын сангаас давхардсан тоогоор 1246.2 мянган даатгуулагчийн тусламж, үйлчилгээний зардалд 6.4 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2016 онд 5.7 сая даатгуулагчийн тусламж, үйлчилгээний зардалд 238.5 тэрбум төгрөг зарцуулан даруй сангийн зардал 37.3 дахин өссөн байна.

Мөн эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт нь эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн 18.0-31.5 гаруй хувийг, тусламж, үйлчилгээний зардлын 40-45 орчим хувийг эзэлж байгаа аж.

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого жил бүр зарлагаасаа давсны улмаас санд 2017 оны 11 сарын 30-ны өдрийн байдлаар 473.4 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй, үүнээс 442.2 тэрбум төгрөг нь банкны харилцах болон хадгаламжийн дансанд, 31.2 тэрбум төгрөг нь Засгийн газрын бонд хэлбэрээр байршиж буй аж. 

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэн батлагдсанаар 2015 оноос даатгуулагчид үзүүлсэн өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж эхлэн, энэхүү тусламж, үйлчилгээг даатгуулагчид нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Гэмтэл согог судлал, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлгүүд үзүүлсэн бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангаас 2015 онд 2046 даатгуулагчид тусламж, үйлчилгээний зардалд  3.3 тэрбум төгрөг, 2016 онд 11365 даатгуулагчийн 15.6 тэрбум төгрөг, 2017 оны III улирлын байдлаар 10326 даатгуулагчийн 1563 тэрбум төгрөгийн зардлыг дээрх эрүүл мэндийн байгууллагад олгосон нь даатгуулагчийн халааснаасаа төлөх төлбөрийг бууруулж, санхүүгийн эрсдэлээс хамгаалсан байна.

Элэг шилжүүлэн суулгах мэс заслын үед хэрэглэсэн хэрэгслийн үнийн тодорхой хэсгийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байгаа бөгөөд 2016, 2017 онд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн 8 даатгуулагчийн хэрэгслийн зардалд98.8 сая төгрөгийг зарцуулжээ.

Энэхүү өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн зардлыг эрүүл мэндийн даатгал сангаас санхүүжүүлсэн нь даатгуулагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай тусламж, үйлчилгээг худалдан авах, тэдний эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлийг хуваалцах, эрүүл мэндийн даатгалд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, нөгөө талаас улсын эмнэлгийн ачааллыг бууруулах, эмнэлгүүдийн хооронд өрсөлдөөнийг бий болох,  улмаар гадаад оронд эмчлэгдэх иргэдийн тоог бууруулснаар нийгэм, эдийн засгийн олон эерэг үр дүн гарч байна хэмээн сайд хэллээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдийн ууж хэрэглэх 10 ерөнхий нэршлийн 30 эм бэлдмэлийг 100 хувийн үнийнхөнгөлөлттэйгээр нийгмийн даатгалын гэрээ бүхий 808 эмийн сангаар дамжуулан 124 мянган хүүхдэд олгосон бөгөөд 1.0 тэрбум төгрөгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан байна.

Бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох удаан хугацааны эмчилгээ шаарддаг гемодиализ эмчилгээний хүлээгдэл чирэгдлийг багасгахын тулд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд анх удаа төрийн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж энэ оны  3 дугаар сараас 7 хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад үзүүлж буй гемодиализ тусламж, үйлчилгээг худалдан авч эхэлсэн бөгөөд энэхүү арга хэмжээний хүрээндбөөрний архаг  дутагдалтай 150 гаруй хүнд тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй, шуурхай, төлбөргүй үзүүлэх нөхцөл бүрджээ.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор баталсан "Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд40-65 насны бүх даатгуулагчийг В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд,  мөн элэгний С вирустэй даатгуулагчийг вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд тус тус хамруулах, элэгний С вирусийн эсрэг эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас олгохоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байгаа.

2017 оны 11 сарын эцсийн байдлаар С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 37000 гаруй даатгуулагч хамрагдан эрүүл мэндийн даатгалын сангаас 3.1 тэрбум төгрөг,  В, С вирусийн илрүүлэг, шинжилгээнд 346302 даатгуулагч хамрагдаж, 969,6 сая төгрөг, элэгний С вирусийн эмийн үнийн хөнгөлөлтийг 17395 даатгуулагч эдэлж 6.9 тэрбум төгрөгийн зардлыг даатгалын сангаас тус тус зарцуулсан гэлээ.

Үргэлжлүүлээд тус сан Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудалд шилжихтэй холбоотой бэлтгэл ажлын талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.21-д “Эрүүл мэндийн даатгалын бие даасан байгууллагыг бүрдүүлж, даатгуулагч төвтэй, орчин үеийн менежмент бүхий стратегийн худалдан авагч болгон хөгжүүлнэ” гэж заасан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд эрүүл мэндийн салбарт зориулсан нөөцийг хангалттай хэмжээнд нэмэгдүүлэх, хувь хүний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа өөрөөсөө төлдөг шууд төлбөрийн хэмжээг багасгах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад саад болж байгаа санхүүгийн дарамтыг арилгах, Эрүүл мэндийн даатгалын сангийн зарцуулалтыг илүү үр ашигтай, тэгш болгох шаардлага бий болсон. Энэ шаардлагыг хангахад Эрүүл мэндийн даатгалын сан, түүний удирдлага зохион байгуулалтыг нийгмийн даатгалын тогтолцооноос салгаж, үе шаттайгаар бэхжүүлэх явдал чухал ач холбогдолтой юм хэмээн тэрбээр онцоллоо.

2017 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар Монгол Улсын нийт хүн амын 89.7 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангийн 2017 оны орлогын 59.4 хувийг төрөөс эрүүл мэндийн даатгалыг нь хариуцдаг иргэдийн шимтгэл, 30.3 хувь нь даатгуулагчдын төлөх шимтгэлийн орлого бүрдүүлж байгаа аж.

Эрүүл мэндийн даатгалын сан нь орлогоороо зарлагаа бүрэн санхүүжүүлж, улмаар чөлөөт үлдэгдэлтэй байгаа. 2016 оны байдлаар 367.8 тэрбум төгрөгийн хуримтлагдсан үлдэгдэлтэй яваа гэж сайд Д.Сарангэрэл хэллээ.

Эрүүл мэндийн даатгалын сан чөлөөт үлдэгдэлтэй хэдий ч Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын санхүүжилтийн эх үүсвэрт ЭМД-ын сангийн санхүүжилт дөнгөж 23 хувийг эзэлж байна. Энэ нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад орсон тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн санхүүжүүлж чадахгүй байгааг харуулж байна хэмээсэн.

Өнөөгийн манай нөхцөлд эрүүл мэндийн даатгалын шимтгэл цуглуулдаг арга нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн зөв аргачлалд тооцогддог. Бага зардлаар шимтгэл цуглуулдаг одоогийн энэ аргыг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байгаагаа сайд илэрхийлсэн. Бусад улс орнуудад шимтгэлийн орлогын 2-5 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилтийн шимтгэл цуглуулсан байгууллагад захиргааны болон үйл ажиллагааны зардал болгон үлдээдэг байна.

Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн нэгдсэн хурлаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд орох гишүүдийн нэрс, даргыг шинэчлэн баталсан бөгөөд Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт чиг үүрэг нь шилжиж байгаатай холбогдуулан албан хаагчдыг орон тоо, цалингийн сан, эд хөрөнгийн хамт шилжүүлэх, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажил хүлээлцэх комиссыг байгуулахаар ажлын хэсэгт орох гишүүдийн саналыг Сангийн яамнаас авахаар албан бичгийн хариуг хүлээж байгааг дуулгасан. Мөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг боловсруулахаар ажиллаж байгаа хэмээн мэдээллээ.

Сайд нарын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт, Х.Баделхан, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Мөн хуралдаанаар Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын 2015 оны 53 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тайлан, мэдээлэл сонслоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

ШИНЭ МЭДЭЭ