МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Нарантуяагийн талаар Эрүүл мэндийн сайд тайлбар өглөө
2017.12.21
Улстөр

Б.Нарантуяагийн талаар Эрүүл мэндийн сайд тайлбар өглөө

Сүүлийн үед Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирал Б.Нарантуяа болон тус төвийн албаны дарга З.Наранбаатар нарын талаар авлига авсан хэргээр баривчлагдаж, хоригдсон талаарх мэдээлэл цацагдаад байгаа билээ.

Харин өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар уг мэдээллийг санаатай тараасан гэж УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэлсэн юм.

Ж.Мөнхбат: Засгийн газар стандартыг батлахын зэрэгцээ салбарын сайдуудад хэм хэмжээ, ёс суртахууныг барих, мөрдөж ажиллах талаар зарчмын хувьд тодорхой хэмжээний стандарт гаргах хэрэгтэй гэж би боддог. Сая эрүүл мэндийн салбарт инээдтэй ч юм шиг, гунигтай ч юм шиг юм боллоо. Ажлаа хийж байгаа хүний ажлыг авахын тулд шоронд орсон гэдэг мэдээллээр зохион байгуулалттайгаар цацсан. Ажлаа хийж байгаа хүнийг зүгээр явж байхад нь гүтгээд нэр хүндэд нь халдсан. Г.Өсөхбаяр аваргын гэргий Б.Нарантуяа шоронд орлоо гэх мэдээлэл явсан. Зорилго нь юу вэ гээд судлаад үзэхээр тэрнийх нь ард ажлыг авах гэсэн тухайн салбарынхны зохион байгуулалттай үйл явдал байсан. Үүний ард тухайн хүн, гэр бүл, байгууллагын нэр хүнд хохирч байна. Иймэрхүү ёс зүйгүй, увиагүй, зарчимгүй зүйлүүдийг цаашдаа Монгол Улсын Засгийн газар зогсоох хэрэгтэй. Ийм зүйлийг зохион байгуулсан хүмүүс Г.Өсөхбаяр аваргын гэргийгээс албан ёсоор уучлал гуйх ёстой гэж бодож байна.

Харин уг асуудлын талаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл дараах тайлбарыг өглөө.

Д.Сарангэрэл: Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт хоёр асуудлын талаар буруу ойлголт нийгэмд явж байна. Нэг хүний ажил, албан тушаал ярьж байхынхаа оронд дэгдээд байгаа томуу, томуу төст өвчний талаар ярьсан бол нэн сайнсан.

Парламентаас олон нийтэд буруу ойлголт өгсөн мэдээлэл гаргах ёсгүй. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын албан тушаал надад хэрэггүй.

Сүүлийн үед сонин хэвлэлээр түр орлон гүйцэтгэгчийн Б.Нарантуяагийн асуудлыг ярьж байна. Эрүүл мэндийн салбартай холбоотой асуудал гарч байгаа учраас би газрын даргыг Б.Нарантуяатай уулзаж тодруулах үүрэг өгсөн. Ярихад ичгэвтэр боловч өнгөрсөн Засгийн газрын үед даргынх нь ажлыг булааж авсан юм билээ.

Тэр даргын зүгээс сонин, сайтуудаар Б.Нарантуяагийн талаар бичүүлж байгаа гэсэн яриа байсан.

Эрүүл мэндийн хөгжлийн дарга байсан хүний ажлыг авахдаа “таныг дэд сайдаар тавина” гэж хэлсэн боловч амласандаа хүрээгүй.  Үүнээс болоод тэр хүн өс санаад байгаа гэдэг мэдээллийг Б.Нарантуяа газрын даргад өгсөн байсан. Би Б.Нарантуяагийн шоронд орсон тухай мэдээллийг мэдэхгүй байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийг Төрийн захиргаа, удирдлагын газарm харъяалдаг. Эрүүл мэндийн хөгжлийн төв сургалтаа зохион байгуулж чадахгүй, гадаад явах ёстой эмч мэргэжилтний оронд танил тал, ах дүү хамаатан саднаа явуулсан асуудал, резидентийн шалгалтад тэнцсэн хүмүүсийг ухрааж, тэнцээгүй хүмүүсийг оронд нь оргуулсан зэрэг асуудлаар Эрүүл мэндийн яаманд 100 гаруй гомдол ирсэн. Эдгээр алдаа дутагдалтай холбогдуулан түр орлон гүйцэтгэгчийг чөлөөлөх бүрэн нөхцөл байдал бүрдсэн.

Мөн medee.mn сайт дээр “Эрүүл мэндийн сайд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ямар ч мэдээлэл өгөхгүй байхыг эрүүл мэндийн салбарынханд үүрэгдсэн” гэсэн агуулгатай мэдээлэл байсан.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг эрхэмлэдэг гишүүний хувьд тийм үүрэг огт өгөөгүй.

Мөн Эрүүл мэндийн яамыг мөнгө өгч, гэрээ хийхгүй бол танай салбарын талаар сөрөг мэдээллийг цацна гэж манай хэвлэл мэдээллийн албанд мэдээлсэн байна. Би сэтгүүлч мэргэжилтэй хүний хувьд шантаачны сэтгүүл зүйг өөгшүүлэхгүй.

ШИНЭ МЭДЭЭ