Б.Бат-Эрдэнэ: Монголын арилжааны гол банкуудын төлөөлөл Их хуралд суудаг
2017.12.22
Улстөр

Б.Бат-Эрдэнэ: Монголын арилжааны гол банкуудын төлөөлөл Их хуралд суудаг

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Арилжааны банкны зээлийн хүүнд хязгаар тогтоох хуулийн төслийг УИХ удахгүй хэлэлцэн гэсэн мэдээлэл байна. Энэ хуулийг та дэмжих үү?

-Би дэмжинэ. Арилжааны банкуудын хүү арай хэтэрхий байгаа. Дэлхийн бусад улс оронтой харьцуулахад банкны зээлийн хүү, хадгаламжийн хүү өндөр байгаа. Монголын арилжааны гол банкуудын захирлууд, төлөөллүүд их хуралд суудаг шүү дээ.

Хамгийн монополь эрхтэй байгууллага чинь арилжааны банкууд болоод байна.

Тийм учраас банкны хүүг хүчээр зохицуулах арга хэмжээ авах гэж байгаа болов уу. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд бодлого алдагдаж арилжааны банкуудад Засгийн газрын сангийн хөрөнгийг байршуулдаг. Засгийн газрын өндөр хүүтэй бондыг банкууд худалдаж авдаг байдал бий болсон. Үндсэндээ арилжааны банкууд иргэд, аж ахуйн нэгжүүдэд үйлчлэх гэхээсээ илүү Засгийн газарт мөнгө зээлээд эрсдэл хүлээлгүй ашиг олдог болсон. Арилжааны банкууд 40% ашигтай ажилладаг гэж яригдаж байна. Хуулийн төсөл орж ирэхээр илүү тодорхой зүйлийг яръя. Хөдөө орон нутгийн иргэдтэй уулзаад явж байхад зээлээр бизнес хийх, аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжгүй байдаг гэж ярьж байна.

-Банкны зээлийн хүүнд хязгаар тогтоох хуулийг эсэргүүцэж банкны эзэд лобби хийж байна гэсэн албан бус мэдээлэл яваад байна. Энэ хуулийг битгий дэмжээрэй гээд хүмүүс хандвал та яах вэ?

-Би уул уурхайн компанийн эзэд, банкны эзэдтэй уулздаггүй. Тийм лобби надад хийж байсан зүйл байхгүй. Би өөрөө ч лобби хийж хэн нэгнийг шахаж шаардаж үзээгүй. Хүний үзэл бодолд хүндэтгэлтэй ханддаг. Өчнөөн олон иргэд, сонгогчдын саналыг төлөөлж сууж байгаа төлөөлөгчдийн эрхэнд халдах нь бүү хэл эхнэр хүүхдийнхээ үзэл бодолд нөлөөлөхийг хүсдэггүй хүн.

-Энэ хуульд лобби хийх магадлал хэр өндөр вэ?

-Ер нь зарим хүмүүст лобби хийгддэг юм шиг байгаа юм. Эцсийн дүндээ ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө. Эх орны том эрх ашгийн төлөө чинь үнэнчээр зүтгэж ажиллана гэсэн тангарагтай улсууд чинь тангарагтаа үнэнч байж зөв талыг нь олохгүй бол ийм байдлаар яваад байж болохгүй гэдэг нь тодорхой харагдаад байна шүү дээ.

-2018 оны 1-р сараас Хүн амын орлогын албан татвар нэмэгдэж байгаа. Хүмүүс их эсэргүүцэж байна. Та ямар байр суурьтай байна вэ?

-Эдийн засагт дорвитой өсөлт бий болоогүй. Хүн амын амьжиргааны түвшин дээшлээгүй байгаа энэ үед олон төрлийн татварын дарамт учруулж болохгүй. Тиймээс энэ асуудлыг эргэж харах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Шатахуун дээр тавигдсан онцгой татвар нэмэгдлээ гэхэд бүх хүмүүст нөлөөлнө. Унаа машин унадаггүй хүмүүст гэхэд нийтийн тээврийн үнэ, бараа бүтээгдэхүүний суурь үнээр нөлөөлдөг. Суурь үнэд нөлөөлдөг татваруудад онцгой анхаарах хэрэгтэй юм. Статистикийн байгууллагаас нийт иргэдийн цалингийн дундаж 700-900 мянган төгрөгийн хооронд гэсэн мэдээллийг өгч байсан л даа. Нэг сая таван зуун мянган төгрөгийн цалинтай хүмүүс бол бүтээмж өндөртэй ажилчид юм. Тэр хүмүүсийн орлогоос татвар авна гэдэг нь тэдний урмыг хугалж байгаа хэрэг. Өндөр бүтээмжтэй цаг наргүй ажиллаж байдаг иргэдийн хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлөх сөрөг талтай гэж бодож байна. Эдийн засгийн бодит өсөлтгүй байгаа энэ үед татвараар оролдох нь сайн зүйл биш юм. Харин үүний оронд олон жил татвар төлөөгүй уул уурхайн компаниудаас татвараа авах хэрэгтэй. Хүмүүсийн халаасанд гараа дүрж байгаа төрийн бодлогыг эргэж харах ёстой.

-Татвар нэмэх асуудлыг эргэж харах ёстой гэж үзсэн гишүүд хууль санаачилж байгаа гэсэн. Та  энэ талаар сонссон уу?

-Би тэрийг яг одоогоор мэдээгүй байна. Өнгөрсөн 7 хоногт хөдөө орон нутагт ажиллаж байгаад ирлээ.

-Орон нутгийн иргэдийн амьдрал, аж байдал ямар байна вэ?

-Наадмаас хойш Засгийн газраар оролдож улс төрийн тогтворгүй байдалтайгаар зун, намрыг үдэж өвөлтэй золгосон. Үүнээс болж өвөлжилтийн бэлтгэлийг хангалттай хэмжээнд базааж чадаагүй байна. Засгийн газрын нөөцөд байгаа өвс тэжээлийг эртхэн малчдад хүргэж өгөх хэрэгтэй байна. Мал туйлдсан үед өвс тэжээл хүргэж өгвөл үр дүнгүй шүү гэдгийг чуулганы хуралдаанд оролцох үеэрээ хэллээ. Олон аймаг сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг санууллаа. Үүнээс гадна олон газарт мал амьтны гоц халдварт өвчин гараад байна. Зохион байгуулалтаа сайн хийх хэрэгтэй байна.

-Иргэдийн амьжиргаа ямар байна вэ?

-Тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудал орон нутагт их байна. Ажил олдохгүй байгаагаас аав ээжийнхээ, эмээ өвөөгийнхөө тэтгэврээр амьдралаа залгуулдаг залуус олон байна.

Г.Дугар

ШИНЭ МЭДЭЭ