2017.12.22
Эдийн засаг, Худалдаа

Вальютаар авсан бондын мөнгийг төгрөгөөр аж ахуй нэгжүүдэд өгсөн бол ЗГ-т маш том эрсдэл үүснэ

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Монгол банкны ерөнхийлөгчөөс асуух 3 асуулт байна.

Нэгдүгээрт,

Вальютын ханшны өсөлтийн талаар Монгол банкнаас судалж үзсэн тооцоо судалгаа байвал сүүлийн 20 жилийн байдлаар хэлж өгөөч ээ. Нэг доллартай тэнцэх монгол төгрөгийн харьцаа ямар байгаад ямар хэмжээнд алдсан бэ?

Миний харж байгаагаар 1996 - 2000 онд нэг дахин алдсан байдаг, 2012 он хүртэл харьцангуй тогтвортой байж байгаад дахиад бүтэн нэг нугалж алдсан дүр зураг харагдаад байдаг юм.

Олон улсад бол засгийн газрын башир арга гэж үздэг тал бий, эдийн засаг нь засгийн газар талдаа бол ашигтай, ард түмний нуруун дээр ачаалал бий болгодог гэж үзэх нь бий. Энэ талаар Монгол банк юу гэж үзэж байна вэ?

Хоёрдугаарт,

Таньтай би санал нэг байна, тоонуудаа нэг болгож, ойлголтыг аль аль түвшиндөө нэг мөр болгох юм бол тэндээс гарах шийдэл, үг үйлдэл нь нэг байна гэж үздэг.

Нэг жишээ хэлэхэд, Бид орон нутагт иргэдэд энэ намар очоод 2017 оны эцсээр эдийн засгийн өсөлт 5.3% байх нээ гэж хэлсэн. Сая бидэнд бэлтгэж өгсөн материал дээр 2017 онд 3,3% гарна гэсэн байна. Таны материал дээрээс харвал 2017 онд эдийн засгийн өсөлт 5,8% өсөлттэй байнаа гэсэн байна, ингээд 3 өөр тоо байгаад байна.

Гуравдугаарт,

Та өрийг өрөөр дардаг гинжин хэлхээг тасална гэсэн. 2018 он гараад бондуудын төлбөрийг төлнө. Хөгжлийн банкны олгосон зээлүүд  валютаар цааш нь аж ахуй нэгжүүдэд дамжуулан олгосон байна уу, үгүй байна уу гэдгийг тодорхой хэлэхгүй бол томоохон нөлөөлөлтэй компаниуд Монгол төрийн нэрээр валютаар авсан энэ бондын мөнгийг монгол төгрөгөөр аваад эргүүлээд монгол төгрөгөөр төлнө гэвэл маш их эрсдэл, засгийн газарт ачаалал үүсгэхээр байна.

Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан

Вальютын ханшын өсөлт 1997 онд 813 төгрөг байсан, 2000 онд 1090 төгрөг, 2004 онд 1177 төгрөг, 2006 онд 1216 төгрөг, 2012 онд 1392, өнөөдөр 2430 болоод явж байна.

Гурван өөр тоотой явж ирлээ гэдэг дээр би санал нэгдэж байна. Яагаад гэхээр 2017 оны эхээр УИХ төсөвт тодотгол хийсэн, тэр үед эдийн засгийн өсөлт 0,2% өсөлттэй гарнаа гэж тооцож байсан бол өнөөдөр бодит байдалд эхний 3 улирлын байдлаар 5,8% өсөлттэй гарсан. Энэ бол эдийн засагт урьдчилан харж чадаагүй хүчин зүйлс, өсөлтүүд гарч ирснийг харуулж байна.

Өрийг барагдуулах чиглэлээр Засгийн газар нилээн сайн ажиллаж байгаа энэ талаар сангийн сайд хариулах болов уу.

Бид олон улсын валютын сангийн өмнө хүлээсэн тодорхой үүрэгтэй, одоогийн байдлаар ДНБ 85 орчим хувьтай байгаа, үүнийг жил бүр багасгаж бууруулах зорилт тавин ажиллаж байна.  

ШИНЭ МЭДЭЭ