МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хустайн байгалийн цогцолборт газар "Эко дэлхий" олон улсын шагнал хүртлээ
2017.12.25
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Хустайн байгалийн цогцолборт газар "Эко дэлхий" олон улсын шагнал хүртлээ

Дэлхийн хамгийн ховор зүйл зэрлэг адуу-тахь (Equus przewalskii)-ийг амжилттай сэргээн нутагшуулж, биологийн олон янз байдлын хамгаалалд үнэтэй хувь нэмэр орууллаа хэмээн Хустайн байгалийн цогцолборт газрыг ОХУ-ын Байгалийн шинжлэх ухааны академиас “Эко Дэлхий” хэмээх олон улсын нэр хүнд бүхий шагналаар шагналаа.

Тодруулбал, Жил бүр хөрөнгө оруулагчдын болон бүс нутгийн санхүүжилтээр байгаль хамгаалал, олон нийтийн эрүүл мэндийг хамгаалахад хамгийн үр бүтээлтэй ажиллаж, амжилт гарган олонд танигдсан байгууллагуудыг шалгаруулж “Эко Дэлхий” шагналаар шагнадаг юм. Энэхүү шалгаруулалтанд ОХУ-ын 76 субьектээс гадна Франц, Чили, Монгол, Армен, Беларусь, Украйн зэрэг олон улсын байгаль хамгаалагчид, энэ чиглэлийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид оролцдог байна.

Тэгвэл дээрх шагналыг гардуулах ёслол 12 дугаар сарын 22-нд Төрийн ордонд болж өнгөрлөө. Шагнал гардуулах ёслолд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БХЯ-ны сайд Н.Энхболд, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа болон бусад албаныхан оролцсон юм.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Байгаль орчны салбар маш их шүүмжлэлд өртдөг салбар. Зохион байгуулалттай, байгуулалтгүй зүйлүүд олон бий. Хустайн байгалийн цогцорт газрынхан маань өнгөрсөн хугацаанд маш сайн ажилласныг нэр хүнд бүхий уг шагнал батлан харуулж байна. БОАЖЯ-ны хувьд цаашид харьяа газруудыгаа амжилттай ажиллахад нь бүхий л нөөц бололцоогоороо бодлогын түвшинд дэмжинэ” гэсэн юм.

Түүнээс гадна БНМАУ болон ЗХУ-ын /хуучин нэршилээр/ баатар, Ардын армийн дэслэгч генерал Ж.Гүррагчааг хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь үнэлэн ОХУ-ын Байгалийн шинжлэх ухааны академийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнасан байна.

Түүний шагналыг “Эко Дэлхий” олон улсын экологийн шагналд нэр дэвшигчдийг шалгаруулах зөвлөлийн тэргүүн, эдийн засгийн ухааны доктор, профессор, ОХУ-ын төрийн думын гишүүн Е.В.Панина, Байгалийн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, техникийн шинжлэх ухааны доктор, профессор, О.Л.Кузнецов нар гардууллаа.

ОХУ-ын Байгалийн шинжлэх ухааны академи нь хүрээлэн буй орчин, байгальд ээлтэй бодлого, төсөл, хөтөлбөр, техник, технологи, шинэ санаа хэрэгжүүлэн тодорхой үр дүнд хүрсэн байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс, эрдэмтдийг

  1. Хүрээлэн буй орчны бодлого төлөвлөлт,
  2. Хүрээлэн буй орчны боловсрол, соёл, сургалт, судалгаа, сурталчилгаа,
  3. Экологийн хөгжил, нөөцийг хэмнэх, хаягдалгүй технологи,
  4. Хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн,
  5. Экологийн болон хүний эрүүл ахуйг хангах,
  6. Биологийн олон янз байдал, ландшафт хамгаалал номинацуудаар шалгаруулж уг нэр хүнд бүхий шагналыг олгодог байна.

ШИНЭ МЭДЭЭ