НББСШУ-ны байнгын хорооны дарга, гишүүд төрийн өмчийн их, дээд сургуулиудын удирдлагуудтай уулзалт хийв
2017.12.25
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

НББСШУ-ны байнгын хорооны дарга, гишүүд төрийн өмчийн их, дээд сургуулиудын удирдлагуудтай уулзалт хийв

НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, тус байнгын хорооны гишүүн Х.Болорчулуун, Д.Тэрбишдагва, Н.Учрал нар өнөөдөр (2017.12.25) “Дээд боловсролын шинэчлэл: Судалгааны их сургууль” сэдвээр төрийн өмчийн их, дээд сургуулиудын удирдлагуудтай уулзаж, санал бодлыг нь сонслоо.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Г.Батбаатар “Нийт орлогынхоо 50-иас багагүй хувийг эрдэм шинжилгээний ажлаас олж буй сургуулийг “Судалгааны их сургууль” гэж нэрлэдэг. Үүнийг шийдэхийн тулд шалгуур тавих бус гарааны санхүүжилтийг нь төр шийдээд өгмөөр байна. Тухайлбал, манай сургуулийн эрдэмтэд асар олон эм, оношлогооны технологийг бий болгодог ч бүтээлийг нь тоодог аж ахуйн нэгж байгууллага байдаггүй. Иймээс эрдэмтдийн бүтээлийг эргэлтэд оруулах гарааны дэд бүтцийг зайлшгүй бий болгох шаардлага тулгарч байна” хэмээв.

Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Хэрүүга “Шилдэг судалгааны их сургууль гэдэг бол шилдэг доктор, профессоруудын нэгдлийг хэлдэг юм. Тэгэхээр бид дэлхийн хэмжээний сургалтын орчинтой байх нь чухал. Дээрх ажлыг хийхийн тулд бакалаврын сургалтын төлбөрөөс тодорхой хэмжээний мөнгийг төсөвлөөд сургалт, судалгааны орчноо бэхжүүлэхийг зорин ажиллаж байгаа. Тийм ч учраас дээрх ажлыг дэмжээд хэд хэдэн үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж чадвал “Судалгааны их сургууль” болох боломж бүрдэх талтай” гэдгийг онцлон хэлсэн.

Дараа нь байнгын хорооны гишүүд байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Их, дээд сургуулиудын сургалтын чанарыг дээшлүүлэх, олон улсад мөрдөгддөг стандартыг энэ салбарт нэвтрүүлэх нь чухал байна. Ялангуяа чанаргүй боловсон хүчин бэлтгэдэг хувийн их, дээд сургуулиудыг цэгцлэх цаг нь болсон” гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Учрал “Судалгааны их сургууль өөрөө хөгждөг юм. Төр үүнд оролцох нь чухал биш. Зөвхөн бодлогоор дэмжихэд болно. Өнөөдөр Монгол Улсад шинжлэх ухааны салбарын эрдэмтэн багш нар хэдэн судалгааны өгүүлэл гаргасан, хэдийг нь олон улсын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлсэн зэргийг тооцож байж цаашдын хөгжлийн асуудлыг ярих учиртай” гэв.

Төгсгөлд нь байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өнөөдрийн уулзалтад хүрэлцэн ирсэн их, дээд сургуулиудын удирдлагуудад хандан тодорхой санал, хүсэлт байвал байнгын хороонд бичгээр ирүүлэхийг хүсээд “Их, дээд сургуулиудын үйл ажиллагаа, сургалтын чанарыг дээшлүүлэх чиглэлд “Судалгааны их сургууль”-ийг байгуулах асуудал ид хөндөгдөж байна. Иймээс НҮБ, АХБ мөн олон улсын байгууллагуудын хандив тусламжийг ашиглан эрх зүйн орчныг нь бий болгоход чиглэсэн судалгааны ажлыг эхлүүлнэ” гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ