Хууль зүйн байнгын хороо хуралдав
2017.12.26
Улстөр

Хууль зүйн байнгын хороо хуралдав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.26) хуралдаан 09 цаг 31 минутад 61.1 хувийн ирцтэйгээр эхэллээ. Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хуралдааны эхэнд “2017 оны отгон хуралдаан өнөөдөр болж байна. Энэ онд Хууль зүйн байнгын хороо их ачаалалтай ажилласан. Идэвхтэй ажилласан нийт гишүүддээ талархал илэрхийлье” гэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэх хоёр асуудлыг танилцуулав.

Эхлээд “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын  тогтоолын төслийг хэлэлцлээ. 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Авлигатай тэмцэх газраас зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг Улсын Их Хуралд ирүүлсэн болохыг Байнгын хорооны дарга танилцууллаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 36 дүгээр зүйлд “Зохион байгуулалтын шинжтэй бусад асуудал хэлэлцэх”-тэй холбоотой зохицуулалт байдгийг тэрбээр дурдаад Байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гараагүй, харин Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр хэлэлцэж буй тогтоолын төслийг бүхэлд нь дэмжиж буйгаа хэлээд нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг дахин авч үзэх шаардлагатай болсон гэдгийг тэмдэглэв.

Блокчейн технологи, цахим орчин дахь санхүүгийн үйл ажиллагаа идэвхжиж байгаатай холбоотойгоор энэ талаарх эрх зүйн зохицуулалт, хяналтын технологи шаардлагатай болсныг дурдсан.

Иймд Авлигатай тэмцэх газар 2018 оны нэгдүгээр улиралд багтаан Хууль зүйн байнгын хороонд цахим санхүүгийн хэрэгслээ хөрөнгө, орлогын мэдүүлэгт тусгах эсэх, цаашид энэ талаарх төсөөлөл, төлөвлөгөөний талаар мэдээлэл хийх нь зүйтэй гэдэг саналыг хэллээ.

Мөн иргэд олон нийтийн төөрөгдүүлээд байгаа олон төрлийн мэдээлэл яригдаж буй оффшортой холбоотой асуудлаар нэгдсэн мэдээлэл хийж, үүнд улс төржилтгүй, эрүүл саруул дүн шинжилгээ хийх цаг нь болсон гэв.

Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарын саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2012 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын  тогтоолын төслийг бүрэн эхээр нь уншиж хуралдаанд оролцогчдод танилцууллаа. Ийнхүү тус төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжсэн юм.

Үргэлжлүүлэн “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр тус тогтоолын төслийг Улсын Их Хуралд ирүүлсэн болохыг Байнгын хорооны дарга танилцууллаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газар болон Тамгын газар судалгаа хийсэн.

Уг төслөөр цалин нэмэхгүй, харин тус байгууллагын цалингийн нэмэгдлийг Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэдэг хуулийн заалтад нийцүүлэхээр хэлэлцүүлж буй төсөл гэдгийг хэллээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, О.Баасанхүү нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсан юм. Дараа нь Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд тогтоолын төслийг уншиж танилцуулаад санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив. Ийнхүү “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ