МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төв банкны тухай хуулиар УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа
2017.12.27
Эдийн засаг, Худалдаа

Төв банкны тухай хуулиар УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.12.27) хуралдаан 11 цаг 56 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар санал хэлсэн. Хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаах Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийн горимын санал, банкны салбарын эрх зүйн зохицуулалтыг хийх хуулийн төслүүдийн ажлын хэсгүүдийн нэгдсэн хуралдааныг хийх хүртэл төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулах Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяагийн горимын санал тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Хуралдаанаар эхлээд Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцууллаа.

Ажлын хэсэг гурван удаа хуралдаж, төслийг зүйл, заалт бүрээр нь хэлэлцэн саналын томъёолол боловсруулсан байна. Ингэхдээ Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаанаас өгсөн үүрэг чиглэл, Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг харгалзаж үзсэн байна.

Ийнхүү Монголбанкны дотоод бүтэц, зохион байгуулалттай холбоотой асуудлыг хуульчлах шаардлагагүй, олон зөвлөл, хороо байгуулахаар төсөлд тусгасныг цэгцлэн Монголбанк нь Мөнгөний бодлогын хороо, Хяналт шалгалтын хороотой байж, тэдгээрийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох нь зүйтэй хэмээн Ажлын хэсэг үзсэн байна. Мөн төсөл дэх Улсын Их Хурал, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн асуудлыг хөндсөн зохицуулалтуудыг хасах, Монголбанк төрийн мөнгөний бодлогын хэрэгжилт, зээлийн  байдлын талаар Улсын Их Хуралд зургаан сараар бус улирал тутам танилцуулахаар төслийг өөрчилсөн гэлээ.

“Мөнгөний бодлого” хэмээх нэр томъёог Үндсэн хуульд нийцүүлэн “Төрийн мөнгөний бодлого” хэмээн өөрчлөх буюу одоогийн хуулийн нэр томъёог хэвээр үлдээх, Монголбанкны ерөнхийлөгч нарын эрх зүйн баталгааг нэмэгдүүлсэн заалтуудыг хасах, тус банкны хянан шалгах бүрэн эрхийг Төв банкны тухай хуульд хэвээр үлдээх, Засгийн газраас Монголбанкинд зөвлөмж, чиглэл өгөхийг хориглосон заалтуудыг тусгайлан оруулах шаардлагагүй тул хасах, салаа утгатай, ойлгомжгүй хэсэг бүлэг заалтуудыг тодорхой болгон өөрчлөн найруулахаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг Ажлын хэсгээс бэлтгэсэн байна. Мөн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг харъяалах Байнгын хороодоор хэлэлцэн санал, дүгнэлтээ ирүүлсэн болохыг Ажлын хэсгийн ахлагч танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Т.Аюурсайхан, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авсан юм.

Гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулт өгөхдөө, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хамт өргөн мэдүүлсэн болохыг хэлэв. 

Хууль зүйн байнгын хорооноос төсөл санаачлагчид нь буцаах нь зүйтэй хэмээн үзсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Монголбанкнаас захиргааны буюу нийтийн хэм хэмжээ тогтоож буй эрхийн актыг Хууль зүй, дотоод хэргийн яамын улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой асуудлыг хөндсөн зохицуулалтыг тусгасан байсан. Үүнийг Хууль зүйн байнгын хороо хүлээж аваагүй учир одоо байгаа зохицуулалтаар цааш үргэлжлүүлэх боломжтой хэмээн үзсэн болохоо ажлын хэсэг тайлбарлалаа.

Түүнчлэн Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн хуралдааны үеэр“мөнгөний бодлого” хэмээх нэр томъёог одоо хэрэгжиж буй хуулийн нэр томъёогоор нь буюу “төрийн мөнгөний бодлого” хэмээн хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн тул Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн шийдвэрлэсэн гэлээ.

Монголбанк нь Эрдэнэсийн сантай холбогдолтой, гадаад валютын нөөцийг бүрдүүлэх зэрэг нэлээд онцлогтой ажил үйлчилгээг эрхэлдэг тул Монголбанкны үйл ажиллагаатай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ, худалдан авахтай холбоотой харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар зохицуулахгүй байх хуулийн төслийг боловсруулсан. Төсвийн байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд Монголбанкин дахь өдөр тутмын үйл ажиллагаа нь холбогдох хуулийнхаа дагуу явагдах нь зүйтэй, харин эрдэнэсийн сан, мөнгөн тэмдэгт хэвлүүлэх, валютын арилжаа хийхтэй холбоотой онцгой үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар зохицуулахгүй байхаар төсөлд өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзэж шийдвэрлэсэн гэв.

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан хуулийн зорилтыг өөрчлөх болсны үндэслэлийг тодруулж, Монголбанкны удирдлагуудаас хариулт авсан юм. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Төв банкны тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад гишүүдийн байр суурь өөр, өөр байна. Мөн Байнгын хороод харъяалах асуудлынхаа хүрээнд дагалдах зарим хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаахаар шийдсэн байна.

Төслийн зохицуулалттай холбоотой олон санал гишүүдээс гаргаж байна, тэдгээрийг тусгах шаардлагатай. Иймд төслүүдийг нухацтай хэлэлцэж, нягтлах үүднээс Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байна” хэмээн мэдэгдлээ. Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байгаа тул хойшлуулахаар болов.

Дараа нь 2017 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан танилцуулав. Ажлын хэсэг гурван удаа хуралдаж, хуулийн төсөлтэй холбогдуулж бусад Байнгын хорооноос ирүүлсэн санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудтай нэг бүрчлэн танилцаж, судалсан байна. Хуулийн төсөлтэй холбогдуулж банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалт, банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэрэгсэл, банкинд хяналт тавих Монголбанкны бүрэн эрх, хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээг өөрчлөх зэрэг болон бусад асуудлын хүрээнд саналын томъёолол бэлтгэн танилцуулж байгаагаа тэрбээр дурдав.

Танилцуулгатай холбогдуулан ажлын хэсгээс асуулт асуух шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан  хэлэлцэж буй төслийн хамт өргөн мэдүүлсэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаах нь зүйтэй хэмээн Ажлын хэсэг үзсэн болохыг хэлээд хоёр саналыг боловсруулах шаардлага үүсээд байгааг танилцуулав. Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Ажлын хэсэг дахин хуралдаж, уг асуудлуудаа шийдвэрлэх хүртэл Эдийн засгийн байнгын хорооны хуралдааныг түр завсарлуулан 15.00 цагт үргэжлүүлэхээр шийдвэрлэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ