УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахараг хүлээн авч уулзав
2018.01.17
Гадаад харилцаа

УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахараг хүлээн авч уулзав

УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Саранчимэг, Б.Ундармаа нар өнөөдөр (2018.01.16) НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч, хатагтай Наоми Китахараг хүлээн авч уулзав.

Эхлээд УИХ-ын гишүүн Н.Оюундарь уулзалтын зорилго, хамтран ажиллах саналуудаа танилцуулсан юм.

Тэрбээр, Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан ажлын хэсэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал дүгнэлт гаргах ажлын хүрээнд Дорноговь, Төв аймгууд болон Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд ажилласан талаараа мэдээлэв. Түүнчлэн Хүүхэд хамгаалах төв, Шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаатай танилцсан гэв. Ирэх долоо хоногт Ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргах бөгөөд 2018 онд НҮБ-ын Хүн амын сантай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Хатагтай Наоми Китахара, УИХ-ын нэр бүхий эмэгтэй гишүүдэд талархал илэрхийлээд, 2018 онд НҮБ-ын Хүн амын сангаас УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран хийх ажлын төлөвлөгөөгөө урьдчилсан байдлаар танилцуулав.

Тэрбээр “НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран “Жендерт суурилсан хүчирхийлэл” төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн талаарх тоон мэдээлэл, судалгаа хийсэн бөгөөд уг судалгааны үр дүнд тулгуурлан хүчирхийлэл их байгаа Улаанбаатар хотын гурван дүүрэг, долоон аймгийг сонгож хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв” байгуулахаар ажиллаж байна. Өмнө нь Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймгуудад “Нэг цэгийн үйлчилгээний төв” нээж ажиллуулсан бөгөөд уг туршлага дээрээ суурилан илүү өргөн хүрээнд ажиллаж байна” гэлээ.

Мөн хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд эрүүл мэнд, нийгмийн халамж, үйлчилгээ, цагдаа, хууль, боловсролын салбарын мэргэжилтнүүд хамтран ажиллаж, тухайн хүчирхийллийн тохиолдол бүрт шаардлагатай бүх үйлчилгээг тал талаас нь үзүүлэх зорилготой хэмээлээ.

Уулзалтаар Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар харилцан ярилцаж, хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

ШИНЭ МЭДЭЭ