Татварын нэмэгдлүүдээ эргэж харах шаардлагатай байгаа нь үнэн
2018.01.26
Улстөр

Татварын нэмэгдлүүдээ эргэж харах шаардлагатай байгаа нь үнэн

Энэ өдрүүдэд манай улсад ОУВС-гийн шинжээчид ажиллаж байна. Сангийн яамнаас  АИ-92, АИ-80 шатахууны гаалийн онцгой албан татварыг бууруулах, уул уурхай, барилгын салбарын хувь хүний орлогын албан татварын шаталсан нэмэгдлийг эргэж харах асуудлаар хэлэлцээр хийж буй. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс дараах тодруулгыг авлаа.

-БОЛОХГҮЙ ЗҮЙЛ Л БАЙВАЛ ОУВС РУУ ЧИХДЭГЭЭ БОЛИХ ХЭРЭГТЭЙ-

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд нэмэгдсэн долоон төрлийн татварын асуудлаар та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Би энэ асуудалд шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Татварын асуудлаа эргээд нэг хараач гэж байр сууриа ч илэрхийлж байсан. Улс орны эдийн засгийн өсөлт нэмэгдэхгүй байгаа энэ үед татвараа эргэж харах асуудлаа УИХ-д оруулж ирээч ээ гэдэг саналыг ч Засгийн газрын гишүүдэд илэрхийлсэн.

Иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлэх биш, байгаль экологид хор хохирол учруулж, байгалийн баялгийг ашиглаж байгаа, хэдэн зуун тэрбумын татвараа төлдөггүй компаниудаас татвараа авах нь чухал. УИХ-д сонгогдсон, цаашид сонгогдох хүн ард түмнийг төлөөлж байгаа бол бондын мөнгөнөөс зээл авдаг баймааргүй байгаа юм.

Ер нь УИХ-д орж ирж байгаа хүн бондын мөнгөнөөс зээл авч байгаа нь ёс зүйтэй асуудал мөн үү. УИХ-ын гишүүн гэсэн өндөр албан тушаал, нэр сүрээрээ далайлгаж нөлөөлдөг байж болохгүй шүү дээ.

-Засгийн газар энэ асуудлыг дангаараа шийдчихгүй. ОУВС-тай зөвшилцөх, хэлэлцээр хийх шаардлагатай байна л даа?

-Ер нь ОУВС-тай энэ асуудлаа ярилцах хэрэгтэй. Авто бензин, шатахууны онцгой албан татварын нэмэгдлээс болж он гарснаас хойш хомсдол үүсч, хичнээн асуудал дагуулж байна. Бүгд л үүнийг харж байгаа.

Шатахууны үнийн өсөлт өөрөө гол нэрийн барааны үнийн өсөлтийн шалтаг, шалтгаан болох учраас анхааралтай ханд гэсэн байр суурин дээр л би байсан. Өнөөдөр нэг ийм зохисгүй байдал газар авчихлаа. Болохгүй зүйл л байвал ОУВС руу чихдэгээ болих хэрэгтэй. Тэгээд өөрсдөө зүгээр суугаад байна. Бие даасан тусгаар улсын Засгийн газар энэ асуудлуудаа өөрсдөө шийдэх ёстой биз дээ.

-Эхнээсээ АИ-92, АИ-80 шатахууны гаалийн онцгой албан татварыг тэглэсэн нь бас чиг бусад төрлийн татвар буурах нь уу гэсэн хүлээлт үүсгэлээ?

-Засгийн газар баахан шахуулсны эцэст АИ-92, АИ-80 шатахууны гаалийн онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргалаа. Үүнийгээ аль эрт хийх ёстой байсан. Заавал ийм байдалд хүргэж, шатахуун импортлогчдын шахаанд орох шаардлага байгаагүй.

Зохиомол хомсдол үүсгэж, оочер дугаар үүсгэсэн нь шатахуун импортлогчдын “бойкот” хийж буй үйлдэл. Олон нийт энэ асуудлаас болж хичнээн бухимдав. Би гурван долоо хоногийн өмнө чуулган дээр яг энэ асуудлыг тавьсан.

Гэтэл гурван долоо хоногийн дараа, баахан асуудал үүссэний дараа Засгийн газар шийдвэрээ гаргаж байгаа юм. ОУВС-гийнхан ирчихсэн, Сангийн яаман дээр ажиллаж буй юм байна. Энэ асуудлуудаа ярьж хэлэх биз дээ гэж би бодож байна.

-Долоон төрлийн татварын нэмэгдлээс бүрдүүлж байгаа орлогыг өөр үүсвэрээс бүрдүүлэх боломж бий юу?

-“Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг. Бид татвар нэмэхийн оронд том ордууд дээрх луйврын гэрээгээ эргэж харах хэрэгтэй. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг хоёр тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн. Ажлын хэсгийн гишүүд 3.5 ам.долларын зөрчил байна гэж яриад байна.

Үүнийг Дубайн гэрээгээр хаачихсан гэж тайлбарлаж болохгүй. “Рио Тинто”-гийн төлөөлөгчийн газар Монгол Улсад нээгдлээ гээд хүмүүс баярлаад байх юм. Үнэндээ баярлах зүйл биш. “Амташсан хэрээ 13 эргэдэг” гэдгийн үлгэрээр өнөөдөр Оюутолгойн сул авчихсан Хармагтай тэргүүтэй өчнөөн орд газруудыг авах сонирхол цаана нь байгаа.

Төлөөлөгчийн газраа нээж байгаа нь Монгол дахь хайгуулын ажлуудаа эрчимжүүлэх зорилго агуулж байгаа. Бүхэл бүтэн нэг аймгийн хэмжээний газар нутгийг хайгуулын лиценз нэрээр авчихсан байдаг. Энэ мэт том асуудалдаа анхаарлаа хандуулж ажиллахад юун долоон төрлийн татвар нэмэгдүүлэх, тэр байтугай боломж бидэнд гарч ирнэ.

-МАН 2016 оны улс төрийн сонгуулиар “Татвар нэмэхгүй” гэсэн амлалт өгч, ялалт байгуулсан. Энэ амлалтаасаа МАН-ыг ухарсан гэж та үзэж байна уу?

-Мөрийн хөтөлбөрт татвар нэмэхгүй гэж тусгаж өгсөн нь үнэн. Гэхдээ 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Монгол Улс мөнгөний уутныхаа савыг эргүүлээд гөвчихсөн байдалтай байсан. Тухайн үед бид энэ асуудлаар УИХ дээр хэлэлцэж, ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах нь зүйтэй гэж үзсэн.

Хэлэлцээрээ хийгээд, хөтөлбөртөө ч хамрагдсан. Хэлэлцээрийн хүрээнд хоёр тал ярилцаж байгаад  долоон төрлийн татвар нэмэгдүүлсэн. Улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор ийм шийдвэрт хүрсэн нь үнэн. Гэхдээ өнөөгийн нөхцөлд татварын нэмэгдлүүдээ эргэж харах шаардлагатай байгаа нь ч үнэн юм.

-Эдийн засаг нэг үеэ бодвол сэргэлээ. Тиймээс татварын нэмэгдлүүдээ эргэж харах ёстой гэсэн дүгнэлтийн тухайд та ямар байр суурь илэрхийлэх бэ?

-Бидний төсөөлснөөс эдийн засгийн нөхцөл байдал хурдан сэргэхээр харагдаж байна. Тиймээс шат дараалалтайгаар татварын нэмэгдлээ эргэж харах учиртай. Тухайлбал, 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн ихэнх нь улирлын чанартай хөдөлмөр эрхэлж байна. Зарим хүмүүс нь нэг сар ажиллаад, тодорхой хугацаанд амардаг онцлогтой.

Жишээ нь, уул уурхай, барилгын салбарын хөдөлмөр эрхлэгчид улирлын чанартай, хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг. Ийм байхад заавал тэднээс татвар нэмж авах хэрэг байна уу. Энэ мэтээр эргэж харах асуудлуудаа ОУВС-тай хэлэлцээр хийх замаар яаралтай шийдээд явах хэрэгтэй.

-ОУВС-гаас зарим төрлийн татвараа буулгах Засгийн газрын саналыг хүлээж авахгүй бол хэрхэх ёстой юм бол?

-Одоо ОУВС-гийн хэлснээр явахаас илүүтэйгээр өөрсдөө санаачлагатай ажиллах хэрэгтэй. Засгийн газар энэ асуудал дээр анхаарч, улс орны нийгэм, эдийн засагт тулгамдаж байгаа асуудлуудаа шийдэх хэрэгтэй.

Ер нь аливаа асуудлаа ОУВС-тай ярилцаж, Монголын хөрсөн дээр буулгах боломж Засгийн газарт хангалттай байгаа. УИХ-аар шийдүүлэх асуудал байвал яаралтай оруулж ирэх ёстой. Би ийм л байр суурьтай байна.

                                                Ж.МЯДАГБАДАМ

ШИНЭ МЭДЭЭ