МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Л.Мөнхбаатар: Хэлмэгдэгсдийн асуудлыг ХОЁР ЖИЛИЙН дотор цэгцэлнэ
2018.01.30
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Л.Мөнхбаатар: Хэлмэгдэгсдийн асуудлыг ХОЁР ЖИЛИЙН дотор цэгцэлнэ

УИХ-ын гишүүн Л.МӨНХБААТАРТАЙ ярилцлаа.

-УИХ-аар баталсан Улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар та ажилласан. Тус хуульд өөрчлөлт оруулснаар хилс хэрэгт хэлмэгдэгсдэд ямар боломж бүрдэж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-УИХ-аар Улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. УИХ-аар хэлмэгдэгсэд цагаатгах тухай гомдол, нөхөн олговор авах нэхэмжлэлээ гаргах хугацааг нь тодорхой хэмжээгээр сунгаад явдаг.

Харин энэ хугацаа нь 2011 оны арван хоёрдугаар сарын 30-нд дууссан.

Тиймээс дээрх хугацаанаас хойш хэлмэгдэгсэд цагаатгах гомдол гаргах боломжгүй болсон юм. Энэ хугацааг нээж, тодорхой хугацаагаар сунгах шаардлага гарсан учир хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Ингэхдээ 2020 оны арван хоёрдугаар сарын 31- нийг хүртэл цагаатгах гомдлоо гаргах боломжийг нээлээ. 

Нөгөөтэйгүүр хилс хэрэгт хэлмэгдэж цаазлагдсан, хорих ялаар шийтгүүлсэн хүний үр, хүүхдэд олгох нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэсэн. Тодруулбал, өмнө нь 500 мянга, нэг сая төгрөгийг олгож байсан. Баталсан хуулиар хилс хэрэгт хэлмэгдэгсэд болон түүний үр, хүүхдэд нэг удаагийн нөхөн олговор олгохоор УИХ-аас шийдлээ. Ингэхдээ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цаазлагдсан бол 80 сая, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөг нөхөн олгох юм.

Үүнд одоогийн байдлаар 397 хүн хамрагдахаар байгаа. Энэ нь зөвхөн хэлмэгдэгсдийн эхнэр, нөхөр болон үр, хүүхдзд нь л хамаарна гэсэн үг.

 Хэлмэгдэгсдийг биеэр мэдэрсэн гэдэг үүднээс олгож байгаа юм. Учир нь, эцэг эх нь цаазлагдсан тохиолдолд үр хүүхэд нь асран хамгаалах хүнгүй болсон, мөн хорих ял эдэлсэн үед “эсэргүүний хүүхэд’’ гээд сургуульд орж чадахгүй байх, тэтгэврийн хэмжээг хамгийн багаар тогтоох гээд олон зүйлээр хохирсон байдаг.

Тиймээс эдгээрийг харгалзан үзээд хэлмэгдлийг биеэр мэдэрсэн гэдэг үүднээс зөвхөн үр, хүүхдэд нь олгоно. Нөхөн олговрыг ирэх оноос олгох бөгөөд Монголын төр хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийнхээ ахуй байдалд нь анхаарч асуудлыг шийдвэрлэлээ.

-Энэ хуулиар нөхөн олговрын мөнгөн дүн өссөн байна. Тэгэхээр өмнө нь 500 мянга, нэг сая төгрөг авч байсан хүмүүст нэмж авах боломж бий юү?

-40,80 сая төгрөг авах боломжтой 397 хүн байна гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр эдгээр нь 70-90 гаруй насны хүмүүс байх юм. Өмнөх хуулиар ач зээ нар нь авч байсан учир олон хүнд нөхөн олговор өгсөн байдаг.

Нийт 36660 орчим хүн хилс хэрэгт хэлмэгдэж цаазлагдсан байх магадлалтай гэсэн судалгаа бий.

Үүнээс 30220 хүнийг цагаатгасан. Үлдсэн 5000 орчим хүний материалыг шалгаж байна. Хуулийн хүчинтэйүйпчлэх хугацаанд хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах ажил үргэлжилнэ.

-Хуулийг хэрэгжүүлэх хугацаанд хэлмэгдэгсдийг цагаатгах асуудап бүрэн цэгцрэх үү?

-Дээр хэлсэн 5000 орчим хүний асуудлыг шалгаж дуусахад хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн асуудал цэгцэрч дуусна гэж үзэж байгаа.

Яагаад гэвэл, холбогдох байгууллага нь амжиж дуусгана гэсэн үүднээс хуулийн хугацааг хоёр жилээр сунгасан.

-Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэхийг дэмжсэнгүй. Та энэ чиглэлээр ажиллаж байсан хүн. Уг хуулийг шинэчлэх шаардлага байна уу?

-Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг 2009 онд баталсан. Үүнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө.

Мөн Иргэний, Эд хөрөнгийн, Хуулийн этгээдийн бүртгэлийн хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий болж байна. Бүртгэлийн үйл ажиллагаа, түүнийг боловсронгуй болгох нь нэг удаа хийгээд өнгөрөх ажил биш байнгын үйл явц.

Тиймээс цаг үе, нийгмийн шаардлага, нийгамд үүсч бий болоод байгаа харилцааг зохицуулах, ялангуяа техник технологид үндэслэн төрийн үйлчилгээг хялбаршуулах үүднээс зайлшгүй өөрчлөх, шинэчлэх шаардлага байгаа.

Энэ үүднээс ХЗДХЯ-наас Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох хуулийн төслийг оруулж ирээд байна. Удахгүй хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийг өргөн барихаар төлөвлөж байгаа юм.

Эдгээр хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, цаашид хэлэлцэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Дээрх хуулиудыг цаашид хэлэлцэж, бүртгэлжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох эрх зүйн үндсийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага бий.

2009 онд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг баталж, улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо бий болсон.

Тодруулбал, өмнө нь Иргэний, Эд хөрөнгийн, Хуулийн этгээдийн бүртгэл гэсэн гурван өөр байгууллагад ижил бүртгэлийн үйл ажиллагаа явуулдаг байсныг нэгтгэж нэгдсэн тогтолцоог бий болгосон. Ингэснээр нэг иргэн нэг бүртгэлтэй байх зорилт тавьж ажиллаж байлаа. Тухайн үед нүсэр ажил болсон.

Монголчууд анх удаа бүх иргэнээ шинэчлэн бүртгэх ажлыг эхлүүлсэн. Шинэчилсэн бүртгэлийн үйл ажиллагааг богино хугацаанд хийснээрээ тухайн үед онцлог ажил байлаа.

Ингэж бүртгэх зайлшгүй шаардлага нь юу байсан гэхээр тухайн үеийн улс төр, нийгмийн байдалд бүртгэлтэй холбоотой олон зөрчил гарч ирсэн байсан. Жишээ нь, сонгуулиа хийж чадахгүйд хүрч, “Нэг хүн олон удаа санал өгсөн. Нас барсан хүн санал өгсөн.

Хаяг нь давхардаж байна’’ гэсэн асуудлууд үүсдэг. Нөгөөтээгүүр нийгмийн халамж, үйлчилгээг давхардуулан авч, улсыг хохироох тохиолдол олон гарч байлаа. Тиймээс Монгол Улсын иргэнийг шинэчлэн бүртгэсэн юм. Үүнд хийсэн гол ажил нь 2.7 сая иргэний 15 сая баримт байдаг.

Энэ нь гэрлэсний, салсны, төрсний, нас барсны гээд тус тусдаа архивт байсныг нэгтгэж, нэг хүнийг нэг хувийн хэрэгтэй болгосон. Үүнийгээ бүгдийг нь цахим болгож, зөрчлүүдийг нь шалгасан.

Давхардсан тоогоор нийт 682 мянган зөрчлийг арилгаж, Монгол Улсын бүх иргэнийг хувийн хэрэгтэй болгож байлаа. Үүнийгээ тухайн хүнтэй холбох буюу дижитал зургаар болон хурууны хээгээр нь баталгаажуулсан.

Ингээд Монгол Улсын бүртгэл цэгцэрсэн нь үндэсний аюулгүй байдлыг хангахад их чухал алхам болно гэж бодож байна.

Мөн эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлийг цахимжуулах ажлыг тухайн үед эхлүүлсэн. Хуулийн этгээдийн нэг сая баримтыг цахимжуулж, үйлчилгээнд оруулахад бэлэн болгосон байдаг.

Одоогийн байдлаар 30 сая эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой цахим сан үүсгээд байна.

Ингэснээр төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэхийн тулд цахим хувилбарыг бүрэн утгаар нь ашиглах ёстой. Яагаад гэвэл, иргэний бүх мэдээлэл цахим хэлбэрт шилжсэн тохиолдолд тухайн иргэнээс өөрийнх нь мэдээллийг дахин шаардах хэрэггүй болно. Учир нь, төрд бүх мэдээлэл нь байгаа.

Тэгэхээр иргэн төрийн байгууллагаар гүйх биш, төрийн байгууллага өмнөөс нь гүйж байх ёстой.

Тухайлбал, халамж, даатгал, татвар, замын цагдаа зэрэг байгууллагууд мэдээллийг хоорондоо солилцож, иргэнд чирэгдэл учруулахгүй байх боломж бүрдэнэ. Тиймээс энэ тогтолцоонд шилжихийн тулд дээрх хуулийн шинэчлэн найруулах зайлшгүй шаардлага байгаа юм. 

- Хуулийг баталбал байгууллагууд мэдээллийн нэгдсэн системтэй болно гэсэн үг үү?

-Төрийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд мэдээллээ нэгтгээд, төрийн байгууллагуудын мэдээлэл солилцооны нэгдсэн системтэй болох ёстой. Ингэснээр нэгдсэн системд төрийн бусад байгууллага нэвтэрдэг, нэвтэрсэн тохиолдолд хаанаас, хэн гэдэг ажилтан нэвтэрч, ямар мэдээлэл харсан гэдэг нь үлддэг.

Энэ нь тодорхой хяналттай, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан байх шаардлагатай. Тухайлбал, мэдээллийг хаалттай болон нээлттэй гэж ангилна.

Хаалттай нь мэдээж хувь хүний нууцтай холбоотой асуудал байх бол нээлттэй мэдээллийг зөвхөн төрийн байгууллага бус банк санхүүгийн бусад байгууллага ашиглах боломжийг олгох хэрэгтэй. Тиймээс дундын мэдээлэл солилцооны систем байгуулах чиглэлээр ажиллах нь чухал болж байна.

-Нэлээд хэдэн жилийн өмнө иргэд цахим үнэмлэхтэй болсон. Гэтэл бүрэн ашиглаж чадахгүй байна уу даа?

-Олон жилийн өмнөөс иргэний цахим үнэмлэхийг хийгээд бэлэн болсон зүйлийг бүрэн ашиглаж чадахгүй байгаа нь харамсалтай юм. Уг нь үүнийг ашиглах бүрэн боломжтой.

72 СВ багтаамжтай чипэнд бүхий л мэдээллийг оруулах бодит боломж байдаг.

Гэтэл үүнийг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүйгээс иргэнээс үнэмлэхээ наторатаар батлуулж ир гэх зэрэг чирэгдэл учруулж байгаа нь зохимжгүй. Тиймээс улсын бүртгэлийн байгууллага энэ чиглэлээр санаачилгатай ажиллаж, техник технологийн давуу талыг ашиглах бүрэн боломжтой.

Шинээр төрсөн хүүхдийг бүртгэхэд эцэг эхийнх нь иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн баталгаа зэргийг нэхдэг. Гэтэл эцэг, эхийнх нь мэдээлэл улсын бүртгэлийн байгууллагад нэгдсэн нэг системд бүртгэгдсэн, бэлэн байж байгаа. Төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс дахин авахгүйгээр хүндрэлийг багасгахын тулд дээрх хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий.

Сэтгүүлч М.Энхцэцэг

ШИНЭ МЭДЭЭ