МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ХХОАТ-ын нэмэгдлийг буцаах хуулийн төсөл эцэслэн батлагдлаа
2018.02.02
Эдийн засаг, Худалдаа

ХХОАТ-ын нэмэгдлийг буцаах хуулийн төсөл эцэслэн батлагдлаа

Өнөөдөр /2017.02.02/ УИХ-ын нэгдсэн чуулганаар ХХОАТ-ын тухай хуулийг хэлэлцэн баталлаа.

УИХ-аар дээрх хуулийг баталснаар 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн 1.5 сая төгрөгөөс дээших орлогод шатлалаар татвар ногдуулсныг буцааж, 10 хувийн татвар ногдуулахаар болж буй юм. Засгийн газар Олон улсын валютын сантай хэлэлцээр хийсний үндсэн дээр татварын энэхүү нэмэгдлийг буцаах тохиролцоонд хүрсэн юм.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өчигдөр хийсэн бөгөөд үргэлжлүүлэн Төсвийн байнгын хороо анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Төсвийн байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Төсвийн байнгын хорооны хэлэлцүүлгээр саналын зөрүүтэй томъёолол гараагүй байна. Харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасан нь олонхи гишүүдийн саналыг авсан гэлээ.

Хуулийн төслийн талаар санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд анхны хэлэлцүүлгээр батлъя гэх ТБХ-ноос гарсан саналаар санал хураахад нийт гишүүдийн 70.7 хувийн саналаар дэмжигдэв.

Ингээд ХХОАТ-ын нэмэгдлийг буцааж 10 хувь болгох ХХОАТ-ын тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг 68.3 хувьтайгаар дэмжсэнээр хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.

Уг хуулийн төсөл батлагдсанаар цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах татварын хэмжээ нэг шатлалтай, 10 хувь болж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ