МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Төр 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжийг батлан даана
2018.02.06
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Төр 20 хүртэлх сая төгрөгийн хадгаламжийг батлан даана

УИХ-аар Хадгаламжийн даатгалын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байгаа билээ. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч УИХ- ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.

-Хадгаламжийн даатгалын тухай хуульд ямар учраас өөрчлөлт оруулах болов?

-Банкны эрх зүйн орчин эрчимтэй шинэчлэгдэж байна. Саяхан УИХ банкны тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсныг баталсан. Эдгээр хуулиудын өөрчлөлттэй уялдуулж Хадгаламжийн даатгалын хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл, банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тохиолдлын эрх зүйн орчинг өргөжүүлэн тодорхойлох шаардлага гарсан юм. Хадгаламжийн даатгалын корпорацийн удирдах дээд байгууллага үндэсний хорооны эрх зүйн орчинг нарийвчилж авч үзэх гэх мэт олон улсын байгууллагаас өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэх шаардлага байгаа.

-Хуулинд ямар өөрчлөлтүүд орж байгаа юм бэ?

-Өв залгамжлалаар даатгалын нөхөн төлбөр авах өвлөгч нь өөрийн нэр дээр хадгалуулсан, өвлөгдсөн хадгаламж тус бүрт нөхөн төлбөр авах, насанд хүрээгүй хадгаламж эзэмшигчийн хадгаламжийг хамтран эзэмшиж буй этгээдээс салгаж нөхөн төлбөр авах эрхтэй байхаар зохицуулагдаж байгаа. Хадгаламжийн даатгалын корпорацийн удирдах дээд байгууллага үндэсний хорооны бие даасан хараат бус байдлыг хангах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан.

Өөрөөр хэлбэл, олон улсын жишгийн дагуу хадгаламжийн даатгалын хураамж тооцох аргачлалыг батлах, корпорацийн дүрмийг баталдаг байх эрхийг өгч байна. Хадгаламжийн даатгалын нөхөн төлбөр олгох хугацааг багасгах, хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр шаардах хөөн хэлэлцэх хугацааг иргэний хуульд заасан хугацаатай уялдуулах юм. Энэ хугацааг дууссанаас хойш хадгаламжийн даатгалын санд шилждэг байх, банкуудын хадгаламжийн мэдээллийг үнэн зөв авдаг байх, хадгаламжийн шимтгэлийг бодитой тогтоох зорилгоор корпораци нь хянан шалгагчтай байх асуудлыг шийдэж байна.

-Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ ямар байх вэ?

-Ямар нэг эрсдэл үүсэхэд хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг ба валютын нийт 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг нөхөж төлнө. Олон улсын жишгээр тухайн улсын нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тооцдог жишиг байдаг.

Энэ жишгийн дагуу манайх тухайн үед 20 сая хүртэл гэж тооцсон байх. 2013 оноос хойш нэг хүнд ноогдох ДНБ-д огцом өөрчлөлт гараагүй учраас нөхөн төлбөрийн хэмжээ хэвээрээ байгаа.

-Банк дампуурлаа гэхэд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай хүмүүсийн мөнгө бүтнээрээ нөхөн олгогдохгүй юм байна. Тэгэхээр их мөнгөтэй хүмүүс гадаадын банкинд мөнгөө байршуулах юм биш үү?

-Тийм ээ, 20 сая төгрөг хүртэлх хадгаламжийг төр хариуцаж байгаа. Үүнээс илүүг хариуцах эдийн засгийн боломж алга. Гадаадын сайн банкинд хадгалуулбал дампуурах магадлал бага байж болно. Харин хадгаламжийн хүү бага. Дунджаар 2-3 хувийн хүүтэй байдаг. Манайд бол хадгаламжийн хүү 15 орчим байна. Тиймээс иргэд мөнгөө Монголдоо хадгалуулаад байгаа юм.

Саяхан ОУВС-гийн шаардлагаар арилжааны банкуудад хийсэн активын үнэлгээгээр хангалттай дүн авсан. Сүүлийн үед банкны эрх зүйн шинэчлэл маш сайн хийгдэж байгаа. Монголд банк дампуурах магадлал бага болж байгаа юм.

-Чуулганы хуралдаанаар хадгаламжийн даатгалын сангийн үлдэгдэл 337 тэрбум төгрөг бай аг мэдээлж байсан. Ер нь энэ сангийн эх үүсвэр яаж бүрддэг юм бэ?

-Сангийн хөрөнгө нь улсын төсөв, Монголбанкнаас оруулсан эхлэлтийн хөрөнгө, хадгаламжийн даатгалын хураамж, сангийн хөрөнгө оруулалтаас олсон орлогоос бүрддэг. Дээр нь даатгалын тохиолдол бий болсон банкны банкнаас олгосон зээл, тусламж, бусад санхүүжилт, гаргасан бондын хөрөнгө гэх мэт эх үүсвэрүүд бүрдүүлдэг байгаа.

-Манай иргэд, аж ахуйн нэгжийн хадгаламжийн хэмжээ хэдэн төгрөг байна вэ. Бүх хадгаламжаа даатгахад сангийн хөрөнгө хүрэлцэх үү?

-Манай арилжааны 14 банкинд байгаа нийт харилцах хадгаламж 17.4 их наяд төгрөг байна. Үүнээс даатгагдсан хадгаламж 4,3 их наядтөгрөг. Сангийн хүрэлцээ 7.8 хувь байна. Цаашид энэ сангийн нөхөн төлбөр олгоход дутагдах хэмжээ нь 2.4 их наяд гэсэн тооцоо байдаг.Сангийн одоо байгаа хөрөнгийн менежментийг зөв хийж өсгөх шаардлагатай байгаа.

-Сангийн хөрөнгийг яаж өсгөх вэ. Энэ тал дээр хуульд нэмж өөрчлөлт оруулав уу?

-Сангийн хөрөнгийг Засгийн газрын болон Монголбанкны гаргасан үнэт цаасыг худалдаж авах, дээш үнэлгээ авсан гадаад улсын засгийн газрын болон олон улсын байгууллагын үнэт цаас, олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын төв банкинд нээсэн хадгаламжийн хүрээнд менежмент хийх боломж хуулиар зааж өгсөн байгаа. Хууль санаачлагчаас нэмж санхүүгийн хэрэгсэлд байршуулж болох санал орж ирээгүй.

-Сангийн гол эх үүсвэрүүдийн нэг нь хураамж юм байна. Хураамжийн талаар мэдээлэл өгөөч?

-Сангийн эх уусвэо бол онцгой хураамжаас бүрдэх юм. Эхлэлтийн хураамж нь банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн нэгхувьтай тэнцүү. Монголбанк 50 тэрбум, Засгийн газар 47 тэрбум төгрөг гээд нийт 97 тэрбум төгрөгөөр энэ сан эхэлсэн байдаг. Улирлын хураамж нь 0.125 хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтоосон байгаа. Сангийн хөрөнгө гишүүн банкуудын хадгаламжийн дүнгийн 10 хувьд хүрвэл улирлын хураамжийг зогсоож болох хуулийн заалт бий. Онцгой хураамжийг тусгай нөхцөл үүсвэл хадгаламжийн даатгалын үндэсний хороо гаргадаг.

-Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу. Ямар бүтэцтэй яаж ажиллах вэ?

-Хадгаламжийн даатгалын корпорацийн дээд үндэсний хороо гэж байна. Энэ хороо долоон гишүүнтэй. Хорооны дарга нь Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч. Одоо хэлэлцэгдэж байгаа хуулиар санхүүгийн зохицуулах хорооны УИХ- аас томилогддог гишүүнийг оруулж өгч байгаа. Үндэсний хорооны хурлаас хадгаламжийн даатгалын корпорацийн захирлыг томилно. Корпораци нь 29 хүнтэй ажиллаж байгаа. Хуулинд нэмэлт орсноор орон тоо нь нэмэгдэхгүй.

Энэ байгууллага нь ашгийн төлөө бус төрийн өмчит хуулийн этгээд юм. Хадгаламжийн даатгалын корпорацийн дүрмийг Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд нар хамтарч батална. Үндэсний хороо гүйцэтгэх захирлыг нээлттэй сонгон шалгаруулж, дөрвөн жилийн хугацаатай томилно.

 

ШИНЭ МЭДЭЭ