2018.03.01
Гадаад харилцаа
УИХ-ын гишүүн Б.Жавхлан Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзаж санал солилцов
Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзаж, Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, тэр дундаа битүү дээвэртэй спортын ордонтой болоход хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов.
Ноён И.Бродский энэ үеэр БНЧУ-ын нээлттэй гадаад бодлого, тухайлбал Азийн чиглэлд идэвхтэй харилцах орнуудад Монгол Улсыг хамруулж, хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрт анхааран ажиллаж байгаагийн хувьд БНЧУ-ын Хоккейн холбоо болон бусад дэмжигч байгууллагуудтай хамтран орчин үеийн техник технологиор тоноглогдсон, дэлхийн стандартад нийцсэн өвлийн битүү ордонтой болох ажилд бүхий л талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна.
Манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа цаашид соёл, спорт төдийгүй бүхий л салбарт бодит хамтын ажиллагаагаар бэхжиж, улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийллээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан “Манай улс өвлийн спортыг хөгжүүлэх бүрэн боломжтой. Манай тамирчдын хувьд техник, ур чадвараараа Азидаа өндөр үнэлэгддэг. Өнөөдрийг хүртэл өөрсдийн боломж нөөцдөө тулгуурлан тив, дэлхийн чанартай уралдаан, тэмцээнүүдэд оролцож, тодорхой амжилт гаргасаар ирлээ. Цаашид тамирчдыг бэлтгэл сургуулилтаа жилийн дөрвөн улиралд тасралтгүй хийх боломжоор хангах, олон жил яригдаж байгаа спортын битүү ордонг барьж байгуулах ажлыг хөрсөн дээр буулгах тал дээр та бүхэнтэй хамтран ажиллах болсондоо талархаж байна” гэлээ.
Уулзалтад БНЧУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Олдржых Заяычек, эдийн засгийн зөвлөх Ива Шустакова болон Монголын тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Д.Болормаа, Монголын хоккейн холбооны нарийн бичгийн дарга А.Мэргэн нарын албаны хүмүүс байлцлаа.