Ж.Энхбаяр: Шүүх нэр хүндээ алдвал ардчилсан нийгмийн үнэт зүйл шороотой хутгалдана
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2018.04.06
Улстөр

Ж.Энхбаяр: Шүүх нэр хүндээ алдвал ардчилсан нийгмийн үнэт зүйл шороотой хутгалдана

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Оюутолгой”-тойн гэрээтэй холбоотой асуудлууд ар араасаа гарч эхэллээ. Тухайн үед Засгийн газрыг төлөөлж байсан сайдууд эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн байж магадгүй гэсэн асуудлыг хөндөж эхэллээ. Та үүнийг юу гэж харж байна?

-Хэтрүүлэхээс илүү санаатайгаар улс орны эрх ашигт сөрөг шийдвэр гаргах ажлыг авилга авах замаар, нөгөө талд давуу байдлыг олгосон байвал улс үндэстнээсээ урвасан гэмт хэрэг болж хувирна. Энэ асуудал нотлогдвол “Рио Тинто” компанитай хийсэн гэрээ үндсэндээ дуусгавар болно гэсэн үг.

Тийм учраас бид “Рио Тинто” компани буюу Оюутолгой төслийн Монгол Улсын эдийн засагт эзэлж байгаа байр суурь, үзүүлж байгаа нөлөөллийг маш сайн тооцож үзэх хэрэгтэй хэрвээ алдаа гарсан бол хоёр тал ширээний ард суугаад, залруулах ёстой. Миний хувьд алдаа гарсан бол залруулах түүхэн бололцоо бүрдлээ гэж үзэж байгаа. Засгийн газар идэвхтэй ажиллаж, гэрээгээ сайжруулах л ёстой.

-АН-ын бүлэг зөвхөн манай намын гишүүдийг барьж байна. МАН-ын гишүүдийг ч бас шалгах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн?

-Шалгалтыг нам хийхгүй, хуулийн байгууллага хийнэ. Энэ асуудалд оролцсон, тухайн үед алба хашиж байсан хүмүүсийг шалгаж үзэх ёстой. 2008 онд бүрдсэн УИХ-аас олон зүйлийг тодруулж, эргэж хянах хэрэгтэй байгаа. Оюутолгойн гэрээг ярьж байх үеийн бүх бичиг баримт, протоколыг хянах шаардлагатай. Ам харгалзахгүйгээр бүгдийг нь шалга. Тэр үеийн нөхцөл байдал буюу Монголын ард түмэнд амласан амлалт, хөрөнгө оруулалтаас эхлээд маш олон зүйл өөрчлөгдсөн. Өөрчлөгдөхөд ямар хүмүүс түүнийг нь оруулж ирэв, хэн хэн дэмжив. Яагаад ийм өөрчлөлт оров. Түүнийг нь дагасан авлигын асуудал байна уу, үгүй гэдгийг сайтар шалгах ёстой.

-”Рио Тинто” Монголын хуулиудыг өөрсдийнхөө талд ашигтай байдлаар өөрчлүүлэхийн тулд тэрбум ам.доллар төсөвлөсөн гэдэг баримт байгаа талаар МНН-ын дарга О.Бум-Ялагч ярьсан. Энэ талаар танд сонссон дуулсан юм байна уу?

-Хэрвээ тийм баримт байвал маш сайн. Тэр баримтаа л гаргачих. Үнэхээр мөнгө орж ирсэн бол яаж зарцуулагдсан байна гэдгийг нь шалгачихад л болно. Мөнгө дандаа ул мөр үлдээдэг. Дэлхий ертөнц мөнгөтэй холбоотой асуудалд нээлттэй болсон учраас хаанаас ч олоод мэдчихэж болно. Түрүүчээсээ янз бүрийн мөнгөний урсгал илэрч эхэллээ. Үнэхээр тэр хүнд тэрбум ам.долларын баримт байвал гаргаад ир.

-Тэр үед маш олон хуулийг өөрчилсөн. Магадгүй манай парламентыг тэр чигт нь авлигадсан юм биш байгаа ч гэсэн хардлага гарч байна?

-Мэдээж хардах эрх хүн бүрт байгаа. Тийм болохоор 2008, 2009 онд болсон үйл явдлуудыг эхнээс маш нарийн шалгаж үзэх нь зөв. Оюутолгойн гэрээг байгуулахад хэлж байсан үгнүүд, амлалтуудыг хараад, дараа нь яаж өөрчлөгдсөн бэ гэдгийг нь шалга. Өнөөдрийн үйл явдлыг харж бужигнах биш. Эхлэлээс нь авахуулаад маш нарийн шалгалтыг өргөн хүрээтэй хийх ёстой. Би дахиад хэлье. Оюутолгой Монголын хөгжилд маш том нөлөө үзүүлэх төсөл шүү. Тийм болохоор болгоомжтой хандах хэрэгтэй.

-”Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, гадны банкнаас их хэмжээний мөнгө зээлсэн асуудал гарч ирсэн. Монгол Улс Арбитрын шүүхэд ялагдахгүй байх нөхцөл байдал байсан. Гэвч зориуд ялагдсан гэх асуудал ч босч ирээд байна?

-”Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авна гэдэг гэмт хэрэг. Улс орны эрх ашигт ноцтой хохирол учруулсан хэрэг. Энэ хэрэгт орооцолдсон бол эх орноосоо урвасан гэж үзэж болно. Эх орноосоо урвах гэдэг чинь зөвхөн цэрэг дайны үеийн асуудал биш шүү дээ.

Санаатайгаар улс оронд хохиролтой нөхцөл байдал үүсгэнэ гэдэг чинь урваж байгаагаас ялгаагүй.

Төрийн эсрэг гэмт хэрэг. Хамгийн чухал нь өнөөдөр мэдээллүүд ил тод болж байна. Олон жил нууц байсан зүйлүүд эхнээсээ ил боллоо. Томоохон төсөл, ул уурхай тойрсон төслүүдэд авилга нөлөөлсөн байвал ард түмэн тэвчихгүй гэдгээ илэрхийлж эхэллээ. УИХ дотор ч гэсэн шударга бус зүйлийн эсрэг тэмцэх уур амьсгал ч бий болчихлоо. Энэ асуудлыг нийгэмд анх дэлгэж тавьсан УИХ дахь “Авилгын эсрэг парламентын бүлэг” цаашид тууштай ажиллана. Бүх мэдээллийг ил тод болгоно. Хаана мэдээлэл нууцлагдаж байна, түүнийг ил болгохын төлөө зүтгэнэ.

-”Жаст”-ын Ш.Батхүүгийн цаана том албан тушаалтан байгаа гэсэн хардлага байгаа шүү дээ?

-Хуулийн байгууллага ажлаа хийгээд эхэлсэн. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажил явагдаж байгаа. Би үүн дээр урьдчилсан дүгнэлт хийгээд, таамаг дэвшүүлээд яриад байх нь утгагүй. Шалгах ёстой, шалгаж ч байгаа. Бүгдээрээ хүлээе, харъя.

-Энэ асуудалд “Эрдэнэт” үйлдвэрийн тухайн үеийн удирдлагууд оролцсон байх магадлал бий юу? Та юу гэж харж байна?

-Мэдээж тэнд эрх эдлээд, үүрэг хүлээгээд сууж байсан хүмүүс хариуцлагатай хандах ёстой байсан. Зүгээр л нэг хийчихдэг юм биш. Их хэмжээний мөнгөний хэлцлийн талаар ярьж байна шүү дээ, бид. Ялангуяа, “Эрдэнэт” үйлдвэрийн дансаар мөнгө ороод гарсан гэх олон асуудал сөхөгдлөө. Тийм болохоор маш сайн нарийвчилж шалгах ёстой.

Ер нь энэ бүхнийг шалгаж, үнэн мөнийг тогтоох цаг болсон. Алин болгон муу муухайг улс төрөөр далдалж, намын нэрийн ард нуугдаж, улс орноо тонож дээрэмдэх юм бэ.

Ялангуяа уул уурхайтай холбоотой асуудлыг нэг мөр шийдэх хэрэгтэй. Цаашдаа сургамж болохоор. Баялгийн хуваарилалт тэгж бус байгаа асуудал уул уурхай тойрч үүсээд байна. Нөгөө талаар, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хуулийн хонгил гэдэг айхтар нэр томьёог гаргаж ирлээ. Цагдаа, шүүх, прокурор, АТГ, тагнуул дамжсан бүлэглэл үүсч, дундуураа хонгилоор гүйлгэдэг. Түүгээр бүх хэрэг бүртгэлийг хийлгэдэг, хүн ял тулгадаг, гүтгэдэг, өмч хөрөнгийг нь авдаг, бизнесийг нь булаадаг. Ийм ноцтой зүйл бий болсон гэж Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн ярьж байна.

Үүнийг шалгах хэрэгтэй. Маш олон шинэ мэдээллүүд ар араасаа гарч байгаа. Тэр бүхнийг хуулийн байгууллагууд улс төрөөс хараат байдлаар шударга шийдээсэй. Ингэж байж ард түүний дунд унаад байгаа нэр хүндээ хуулийн байгууллага өргөж гарах юм. Хэрвээ шүүх нэр хүндээ алдаад дуусвал өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болсон ардчилсан нийгмийн үнэт зүйл шороотой хутгалдаад, газар хэвтэнэ. Монголын ард түмэн ардчиллыг нулимна. Бид үнэт зүйл болсон ардчиллаа алдах гээд байна. Хэдэн хүн, хууль, шүүх, уул уурхайн авилгын асуудал биш. Явж явж Монгол Улсын ардчилал алга болоход тулаад байна шүү.

-Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх хуулийн төслийг өргөн барихаа мэдэгдсэн. Энэ талаар та юу гэж бодож байна?

-Бүх насаар нь хорих ял гэж байна. Би нэг сонин судалгаа уншиж байсан. Бүх насаараа хорин ял авсан хэрэгтнүүдийн 80 гаруй хувь нь намайг цаазаар аваад өгөөч гэж гуйдаг гэж. Нийгмийн амьдралаас тусгаарлаж, маш давчуу газар бүх насаар н хорино гэдэг аймшигтай ял. Бүх насаараа гянданд хоригдож, тэндээ дуусдаг. Ийм хатуу шийтгэл байна. Тийм болохоор бид энэ асуудлаар маш сайн ярилцах хэрэгтэй. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ дагуу хууль санаачилж байгаа юм байна. Асуудлыг аль өнцгөөс нь харсан юм, ямар судалгаа, шинжилгээ байна гэдгийг тойрч суугаад ярих л хэрэгтэй. Цаазаар авах ял хоёр талтай. Өнөөдрийн туйлын зөв юм маргааш хамгийн буруу зүйл болж болдгийг бид өнгөрсөн 30 жил хангалттай харлаа. Хатуу итгэл үнэмшил, үнэн гэсэн бүхэн уур болон замхарч болдгийг үзлээ. Бид 20 гаруй мянган иргэнээ цаазаар авч байсан л улс. Энэ түүхээ сайн бодох хэрэгтэй.

-Зөвхөн бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хохироосон нь нотлох баримттайгаар тогтоогдсон тохиолдолд цаазын ял хэрэглэх санал юм билээ?

-Сайн л ярилцах хэрэгтэй. Монгол Улс нэгэнт олон улсын конвенцуудад нэгдээд орчихсон. Өмнөх Ерөнхийлөгч энэ хуулийг санаачилж орж ирэхэд нэлээд маргаан дагуулж байсан. Би ч гэсэн тэр үед байр сууриа илэрхийлж байлаа. Цаазаар авахад амархан, нөгөө талаасаа нийгмийн үр дагавар нь ямар байдаг юм. Цаазаар авснаар гэмт хэргийн тоо буурах уу. Гэх мэтээр олон талаас нь ярилцах ёстой.

Гэхдээ улс төрчдийн үгийг сонсох нь тийм ч зөв биш.

Би нийгмийг судалдаг, сэтгэл зүйн чиглэлээр ажилладаг мэргэжлийн эрдэмтдийн үгийг сонсмоор байна. Нөгөө талаас, хүний ёсны гажууд хэргүүд их гарах боллоо. Тийм хэрэг ихэсч байгаагийн нийгмийн чир шалтгааныг сайн харах хэрэгтэй. Ямар хүмүүс тийм хэрэг хийж байна. Хамгийн түрүүнд цус ойртолт нөлөөлж байна уу гэж харж байгаа. Цус ойртолт бий болчихсон газруудад жигшүүрт, хүний ёсноос гажууд хэрэг өндөр гараад байна уу даа. Цус ойртсонтой холбоотой хүний оюун санаа, сэтгэцэд өөрчлөлт ордог. Эрүүлээр сэтгэх чадвар алдагдаж байгаа байдал анзаарагддаг байхгүй юу.

Тиймээс нийгмийн талаас нь сайтар судалж үзэж байгаад бүгдээрээ ярилцмаар байна. Түүнээс биш гэнэт л монголчууд хүч хэрэглэдэг, хэрцгий хэрэг үйлддэг болчихсон юм биш шүү дээ. Учир шалтгаан гэж бий. Нийгмийн ямар нөлөөлөл байна. Хүнстэй холбоотой нөлөөлөл байна уу. Цаг уурын өөрчлөлттэй холбоотой асуудал байгаа юу. Юутай холбоотой ийм айхтар хэргүүд гараад байгааг судалж, мэргэжлийн хүмүүс дүгнэлт хийх ёстой. Түүнээс биш хэрэг гаргаж, түүнийг нь анагаах л хэрэгтэй байна. Би цус ойртолттой холбоотойгоор ийм байдал үүсээд байна уу л гэж бодож байна.

Н.ПУНЦАГБОЛД

ШИНЭ МЭДЭЭ