Монгол-Буриадын парламентын бүлгийн гишүүд Буриадын парламентын төлөөлөгчидтэй уулзлаа
2018.04.12
Гадаад харилцаа

Монгол-Буриадын парламентын бүлгийн гишүүд Буриадын парламентын төлөөлөгчидтэй уулзлаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Буриадын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь болон тус бүлгийн зарим гишүүд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Цырен-Даши Эрдынеевич Доржиев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хил орчмын бүс нутгийн, түүний дотор Буриад Улстай тогтоосон харилцаа чухал үүрэгтэй болохыг онцлоод, Алтанбулаг, Хиагтын боомтын үйл ажиллагааг сайжруулж, нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх, Алтанбулагийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг илүү үр ашигтай болгоход хоёр талаас анхаарах шаардлагатай байна гэв.

Мөн манай улсаас бэлэн хувцас, ноос ноолуур, мах, махан бүтээгдэхүүн экспортолж, Буриадын талаас хүнсний бүтээгдэхүүн, үр тариа зэргийг оруулж ирдэг уламжлалтай. Хоёр улсын хоорондох гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд Монгол Улс дахь Буриадын худалдааны төлөөлөгчийн газрыг сэргээн байгуулах явдал ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэлээ. 

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын дарга Ц.Э.Доржиев Монгол-Буриадын парламентын бүлгийн гишүүдэд талархал илэрхийлээд, хоёр талын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахыг хүслээ. Тэрбээр Хиагтын боомтыг шинэчлэн засварлаж байна. Засвар дууссанаар хоёр улсын ачаа болон зорчигч тээврийн урсгал нэмэгдэнэ.

Үүнээс гадна Ханх-Мондын хилийн боомтыг хөгжүүлэх зорилт тавьсан. Ингэснээр худалдаа төдийгүй аялал жуулчлалын салбарт ахиц гарч, гурван улс дамнасан аялал жуулчлалын шинэ маршрут нээгдэх боломжтой гэлээ. Мөн ахмад үеийнхэнтэй харьцуулахад орос хэл мэддэг монгол залуучуудын тоо буурсан байгаа. Тиймээс зөвхөн их дээд, сургуулиуд төдийгүй ерөнхий боловсролын сургуулиудад орос хэлийг түлхүү оруулж, Оросын ард түмний хэл, түүх, соёлоос суралцах орчин, нөхцлийг бүрдүүлж өгснөөр хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа илүү өргөжих боломжийг олгох юм гэв. 

Уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол-Буриадын парламентын бүлгийн гишүүн О.Баасанхүү, Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ж.Ганбаатар Ц.Гарамжав, Г.Тэмүүлэн нар болон албаны хүмүүс оролцож, Буриад, Монголын ард түмний нөхөрлөл, найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал бодлоо илэрхийллээ  гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

ШИНЭ МЭДЭЭ