МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
2018.04.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдөр /2018.04.13/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг хийлээ.

Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд шинэчлэгдэн батлагдаж, хүчин төгөлдөр болсноос хойш нийт 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Уг хууль нь төрөөс хөдөлмөрийн харилцааг дангаар зохицуулах үүрэг солигдсон шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг тухайн үеийнхээ нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шаардлагад нийцүүлэн зохицуулсан бөгөөд хөдөлмөрийн хамтын гэрээ, хэлэлцээр, хамтын маргаан, ажил олгогч, ажилтан хоорондоо хөдөлмөрийн харилцааны нөхцөлөө тохиролцох, хөдөлмөрийн удирдлагын хоёр болон гурван талт зөвшлийн эрх зүйн үндсийг бий болгосон байна.

Хөдөлмөрийн тухай хууль нь шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг зохицуулахад өөрийн үүргээ хангалттай биелүүлж ирсэн хэдий ч зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тавигдаж байгаа хөдөлмөрийн харилцааны шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа аж. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэх хэд хэдэн шаардлагын улмаас уг хуулийн төслийг боловсрууллаа гэлээ.

Хуулийн төслийг НББСШУБХ-ны хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцууллаа.

Тус байнгын хорооноос хуулийн төслийг 100 хувь дэмжжээ.

Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан, асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 75.6 хувь нь дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ