МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Стандартыг сонгон хэрэглэх эрх зүйн орчинг бий болгосноор бизнес эрхлэгчдэд өргөн боломж нээгдэнэ
2018.04.25
Эдийн засаг, Худалдаа

Стандартыг сонгон хэрэглэх эрх зүйн орчинг бий болгосноор бизнес эрхлэгчдэд өргөн боломж нээгдэнэ

УИХ-ын 2017 оны намрын чуулганаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан.

 Монгол Улсын 3 сая гаруй, цаашилбал дэлхийн 7 тэрбум гаруй хүний хэрэглэдэг хэдэн тэрбум бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ бүгд өөрийн гэсэн стандарттай. Эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдал зэрэг олон шаардлага стандартыг давж байж таны хэрэглэж байгаа бүтээгдэхүүн, идэж байгаа хоол хүнс таны өмнө очно. Харин тухайн стандартыг улс орнууд өөр өөрийн цаг агаар, газарзүйн, хүн амын онцлогоосоо хамааран тодорхойлдог. Манай Улсын хувьд үндэсний хэмжээнд Монгол Улсад батлагдсан MNS дугаартай стандарт гэхэд л энэ жилийн хувьд 6193 ширхэг стандарт бий.

Харин одоогийн хэрэгжиж буй стандартчиллын эрх зүйн орчин нь стандартыг заавал мөрдөх хэм хэмжээ болгосноос үүдэн үндэсний хэмжээнд тухайн төрөлд ганцхан стандарттай болсон. Энэ нь шаардлагагүй олон шатлалуудыг бий болоод байгаа юм. Тиймээс Засгийн газраас хуульд шинэчилсэн найруулга хийх хуулийн төслийг боловсруулж 2017 оны 7 сарын 27-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн.

УИХ-ын гишүүн, тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат хуулийн төслийг өргөн мэдүүлэх үедээ: “Монгол Улс дэлхийн худалдааны болон олон улсын, бүс нутгийн стандартчиллын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний аюулгүйн шаардлагыг стандартаар тогтоох, баталгаажуулах харилцааг зохицуулж байгаа эрх зүйн орчноо олон улсын нийтлэг жишиг зарчимд нийцүүлэн шинэчлэх шаардлагатай болсон” гэсэн юм.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ажиллажээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, 2017 оны 12 сарын 21-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийн төслийг эцэслэн баталсан. Ингэснээр стандартыг сонгон хэрэглэх дэлхий нийтийн чиг хандлагыг Монгол Улсад хуульчилсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

Түүнчлэн хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн төслийн бүтэц, агуулга, бусад хуулиудын уялдаа холбоо, нийцтэй байдалд хууль зүйн дүн шинжилгээ хийж, хуулийг бичвэрийг томъёолоход гардан ажиллажээ. 

Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хууль нь худалдааг дэмжих зорилготой гэсэн утгаараа Монгол Улсын 3 сая иргэнээр хязгаарлагдахгүй. Монгол Улстай худалдаа эрхэлж буй Дэлхийн бусад оронд ч мөн хамаатай учир УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Монгол Улсын худалдааны эрх зүйн үндсэн баримт бичиг болсон энэхүү хуулийг Англи хэл рүү орчуулах ажлыг биечлэн гүйцэтгэсэн байна.

Ирэх 7 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх тус хуульд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүд оржээ.

Стандартыг сонгон хэрэглэх гэдэг нь стандартыг мөрдөхгүй байна гэсэн ойлголт огтхон ч биш

Одоогийн хэрэгжиж буй хууль Стандартчилал тохирлын үнэлгээний тухай хуульд стандартыг бүх нийтээрээ заавал мөрддөг бол шинэчилсэн найруулгаар стандартын зарим хэсгийг нь сонгон хэрэглээд, зарим хэсгийг нь заавал мөрдөхөөр заасан. Дэлхийн жишигт нийцсэн маш олон төрлийн стандартууд байдаг. Түүний дагуу Монголд бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэхээр заавал ганц төрлийн стандартад нийцүүл гэх асуудал үүсдэг байсан. Олон төрлийн стандартаас сонгосноор бизнес эрхлэгчдэд экспортлох гэж байгаа орныхоо шаардлага, шалгуурыг хангасан стандартын дагуу бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой болно. Жижиг дунд бизнес эрхлэгчид заавал тэдний хөлд чирэгдэж, зах зээлээс арчигдахгүйгээр стандартын шаардлага хангуулж, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангуулаад өөрийнхөө үйл ажиллагаанд тохирсон стандартыг нь чөлөөтэй тавьж байгаагаар бизнес эрхлэгчдэд илүү боломж нь нээгдэж байгаа юм. Гэхдээ Стандартыг сонгон хэрэглэх гэдэг нь стандартыг мөрдөхгүй байна гэсэн ойлголт огтхон ч биш, аль стандартыг хэрэглэхээ үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч өөрөө мэдэж шийдвэрлэх тухай асуудал бөгөөд гол нь Монгол Улсад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч бүхэн үндэсний стандарт, техникийн зохицуулалтыг мөрдөж ажиллах үүрэгтэй байна.

Итгэмжлэлийн байгууллагын хараат бус болгосон

Шинэчилсэн найруулгаар итгэмжлэлийн байгууллагын бие даасан, хараат бус байдлыг хангаж, тусад нь бүлэг гаргаж, чиг үүргийг нь тусгажээ. Баталгаажуулалтын байгууллагын чадавхыг үнэлж байгаа байгууллага одоогоор дотооддоо байгаа учраас ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн хардаж сэрдэх асуудлууд үүсдэг. Итгэмжлэлийн байгууллагын хараат бус байдлыг энэ хуулиар олгосноор итгэмжлэлийн үйл ажиллагаа олон улсын жишигт нийцэх бөгөөд одоогийн тогтолцооны гажиг засагдаж байгаа юм. Ингэснээр бараа, бүтээгдэхүүнд Монгол Улсад олгосон тохирлын гэрчилгээг олон улсад хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдэх болно.

Тохирлын үнэлгээг итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллага хийх

Хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнийг тохирлын үнэлгээнд заавал хамруулах бөгөөд уг бүтээгдэхүүний жагсаалт, Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, хилээр нэвтрүүлэх журмыг Засгийн газар батлах юм. Тохирлын үнэлгээг итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллага хийх ба үүнд лаборатори, техникийн хяналт, баталгаажуулалтын байгууллага хамаарна. Гадаад улсын итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэл авсан тохирлын үнэлгээний байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх бол Шадар сайдын дэргэд ажиллах Итгэмжлэлийн байгууллагад бүртгүүлэхээр хуульчиллаа.


Техникийн зохицуулалтаар бүтээгдэхүүний чанар, аюулгүйн үзүүлэлт, шаардлагыг хуульчлан тогтоосноор ИРГЭН танд ямар өгөөжтэй вэ?

-Ард иргэдийн аюулгүй орчинд амьдрах

-Чанартай бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

Хэрэглэх стандартаа өөрсдөө сонгох боломж бий болсноор НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ:

-Инновацийг хөгжүүлэх

-Дэвшилтэт техник, технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ

-Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргана

-Үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар дээшилнэ

-Итгэмжлэлийн байгууллагын бие даасан байдлын хангаснаар худалдааг хөнгөвчлөх зардал хэмнэгдэх юм.

ШИНЭ МЭДЭЭ