Б.Энхбаяр: Олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүллээ
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан.
Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага буюу “ФАТФ”-ын Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлэг өөрийн гишүүн орны мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцоог тодорхой давтамжтай үнэлж, дүгнэдэг юм. Тус бүлгээс Монгол Улсад мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоондоо бий болгох шаардлагатай 40 зөвлөмжийг өгсөн.
Үүний хүрээнд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталлаа.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд орсон зарчмын өөрчлөлтүүдийн талаар тус хуулийн төслийн ажлын хэсэгт ажилласан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяртай ярилцлаа.
Хууль батлагдлаа. Олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжид нийцүүлэн хуульд хэр их өөрчлөлт оруулсан бэ?
Мөнгө угаах, терроризмын гэмт үйлдлүүд бол эрүүгийн хууль тогтоомжоор шалгадаг, мөрддөг, шийтгэл оногдуулдаг харилцааны явцад зохицуулагдаж байдаг. Энэ бол мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуульд орж байгаа өөрчлөлт юм. Илүү их урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааг сайжруулах, тэмцэх зэрэг зохион байгуулалтын асуудлыг зохицуулсан хууль юм. Гол орсон хэд хэдэн зарчмын өөрчлөлт байна.
Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааг сайжруулах, тэмцэх зэрэг зохион байгуулалтын асуудлыг зохицуулсан хууль
НЭГДҮГЭЭРТ: Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа маш нууц, далд, өндөр зохион байгуулалттай, хил дамнан үйлдэгддэг. Эрх нөлөө бүхий хүмүүс оролцдог хэв шинжтэй учраас үүнийг илрүүлэх, таслан зогсоох ажиллагаа бол Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо гээд маш олон байгууллагын нууц болон ил ажиллагааны үр дүнд илрүүлдэг. Мөн гадаад улсын ийм төрлийн байгууллагуудтай хамтын ажиллагаа маш сайн байж илрүүлнэ. Мөн урьдчилан сэргийлж чадна. Энэ утгаараа олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжид нийцүүлэх гэхээсээ илүү Олон улсын байгууллагуудтай манай байгууллагууд энэ талын чиглэлдээ сайн хамтран ажиллах боломж сууриудыг энэ хуулиар илүү сайн зохицуулж өгсөн.
ХОЁРДУГААРТ: Өнгөрсөн хугацаанд яг мөнгө угаах чиглэлээр ял шийтгэгдсэн тохиолдол бага. Гэтэл 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 6 их наяд орчим төгрөг өршөөлд хамрагдан, ил болсон байх жишээтэй. Нэг талаасаа ийм их хэмжээний санхүүгийн эх үүсвэр хуулиас гадуур байж байна. Тэгвэл яагаад ийм бага мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл илэрч, яригдаж байна вэ гэдэг шууд ойлгомжтой харагдаж байгаа юм. Тиймээс хуулийн байгууллага шалгаж илрүүлэхэд дэм дутаад байгаа зохицуулалтыг энэ хуулиар нарийвчлан зохицуулж өгч байгаа юм.
Жишээлбэл эцсийн өмчлөгч буюу мөнгө угаах, терроризмын санхүүжилтээс үр шим хүртээд байгаа тэр нууц эзнийг ямар дарааллаар яаж тогтоох вэ? Гэдгийг энэ хуулинд бичиж өгсөн нь маш чухал боллоо.
ГУРАВДУГААРТ: Манай улсад аттомын бөмбөг, үйл олноор хөнөөх зэвсэг байдаггүй. Энэ ямар хэрэгтэй юм бэ гэж хуулийн төслийг хэлэлцэж байхад УИХ-ын зарим гишүүд асууж байсан. Энэ хууль манайд дээрх зүйлс байгаа гэж хэлж байгаа биш энэ их үйл олноор хөнөөх зэвсгийг бүтээхтэй холбоотой санхүүжилтийн эх үүсвэр бүрдэж байж болзошгүй. Тэр зэвсгийг санхүүжүүлэх мөнгө угаагдаж байж болзошгүй гэдэг үүднээс дэлхийн улс орнууд урьдчилан сэргийлэх хөтөлбөрт хамрагддаг. Энэ утгаараа Олон улсын байгууллагууд Монгол бол жижигхэн юм чинь энд зэвсэг үйлдвэрлэж, мөнгө угаагдахгүй гэж хардаггүй. Ийм байх боломжтой гэж үздэг.
Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх үүрэгтэй
ФАТФ-ын хар жагсаалтад байгаа улсаас манай улсад орж ирж байгаа ажилчдын цалин мөнгө зэвсэг үйлдвэрлэхэд зарцуулагдаж байж болзошгүй гэж олон улсын хамтын нийгэмлэг үздэг байх жишээтэй. Тиймээс энэ хориг арга хэмжээ гэдэг нь болзошгүй үр дагавараас урьдчилан сэргийлэх зохицуулалттай юм.
Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх үүрэгтэй. Тэр хүрээндээ манай үндэсний хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, хуулийн цээрлэл хүлээлгэх дотоодын хэрэгцээ шаардлага, ард түмний хүсэл эрмэлзэлээс манай улсын нийтлэг эрх ашиг болон гарч байгаа хуулийн нэмэлт өөрчлөлт юм.
Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байхад Монголчуудын уламжлалт эд зүйлс, түүнийгээ мэдээлж байх нь энгийн иргэдийг дарамтанд оруулсан заалт болох гэж байна гэж УИХ-ын зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан. Энэ заалтыг тодруулж өгнө үү?
Үнэ цэнийг нь шууд мөнгөөр тодорхойлох арга зүйл гэж бий. Урлагийн бүтээл, дахин давтагдашгүй, эртний, түүхэн учир утгатай зүйлс байна. Нөгөө талаараа энэ бүхний цаана мөнгө угааж байж болзошгүй гэсэн болгоомжлол олон улсад ч байдаг манайд ч байна.
хууль бусаар олсон мөнгөө хууль ёсны болгох гэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй
Жишээ нь 100 мянган төгрөгийн үнэтэй эртний нэг ваар байлаа гэж бодоход түүнийг 100 сая төгрөгөөр худалдаж авсан. Эсвэл зарсан байна гэж үзвэл энэ нь цаанаа хууль бусаар олсон мөнгөө хууль ёсны болгох гэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй байдаг. Тиймээс энэ төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхэлж байгаа этгээдийг сэжигтэй арилжааны талаарх мэдээллээ гаргаж өгч байх үүрэгтэй гэж хуулинд заасан.
Өмнө нь хэрэгжиж байсан 2006 онд батлагдсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулинд ийм зохицуулалт байгаагүй учраас энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр хуулинд оруулж өгсөн юм. Мөн дагалдан батлагдсан холбогдох хуулиудад өөрчлөлт оруулсанаар энэ төрлийн зохицуулалт энгийн иргэдэд дарамт үүсгэхгүй дээрх тусгай зөвшөөрөлтэй арилжаа эрхэлж байгаа этгээдүүдэд хамаатай болж байгаа юм.