МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Агаарын цэргийн командлалд, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломж бүрдсэн
2018.05.03
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Агаарын цэргийн командлалд, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломж бүрдсэн

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан юм.

“Улсын нисэхийн тухай” хууль нь 2003 онд БАТЛАГДСАН бөгөөд цаг үеийн шаардлагаар ХОЁР удаа нэмэлт, ӨӨРЧЛӨЛТ  орсон.
Энэ удаа: Агаарын цэргийн командлалын чиг үүрэг, үйл ажиллагааг хуулиар зохицуулах, хуулийн хамрах хүрээнд багтах субъектүүдийн эрх, үүрэгт нарийвчилсан зохицуулалт оруулах хууль зүйн хэрэгцээ, шаардлага бий болсон учраас хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Улсын нисэхийн тухай хуулийн зорилго нь: “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, батлан хамгаалах багц хуулиуд, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-тэй нийцүүлэн Улсын нисэхийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох. Мөн  шинээр байгуулагдсан Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх, улсын нисэхийн нислэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байна

Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хэд, хэдэн зарчмын шинжтэй зохицуулалтыг нарийвчлан тодорхойлсон.

5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалт:Улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах ерөнхий шинжээчийг томилох болон улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах комиссын дүрмийг батлах эрхийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхэд тусгасан.

18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт:Улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах ерөнхий шинжээч нь улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах комисс томилуулах тухай саналаа батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, батлуулахаар тусгагдав.

14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт:Улсын агаарын хөлгийг ашиглах гарын авлага, техник, технологийн болон бусад холбогдох баримт бичгийг тухайн үйлдвэрлэгч орны хэл дээр ашиглаж болох эрх зүйн зохицуулалтыг шинээр нэмсэн.

7 дугаар зүйл:Улсын нисэхийн багц дүрмээр зохицуулагдах харилцаа шинээр тодорхойлогдсон.

10 дугаар зүйл: Улсын агаарын хөлгийн нислэгийн ангилалд сургууль-байлдааны болон шалгалт-туршилтын нислэгийн ангилал шинээр нэмэгдэж, нислэгийн ангилал тус бүрийн зохицуулалт нарийвчлагдсан.

11 дүгээр зүйлийн 11.1, 11.3 дахь хэсэгт:  Агаарын цэргийн командлалын хэрэгжүүлэх нислэгийн хөдөлгөөний зохицуулалт нарийвчлагдан зохицуулагдсан.

18 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: Сургууль-байлдааны нислэгийн осол зөрчлийг зөвхөн улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах комисс шалгах зохицуулалт бий болсон юм.

Улсын нисэхийн тухай хууль дараах үр дүн, ач холбогдолтой.
  •  Улсын агаарын хөлгийн ашиглалтын үед осол зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, улсын нисэхийн нислэг-техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт тодорхой болно.
  • Улсын нисэхийн агаарын хөлгийн нислэгийн ангилал, төрөл шинээр тодорхойлогдоно.
  • Шинээр байгуулагдсан Агаарын цэргийн командлалын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нөхцөл, боломж бий болж, эрх зүйн зохицуулалт сайжирна.
  • Агаарын цэргийн командлалын хэрэгжүүлэх нислэгийн хөдөлгөөний зохицуулалт нарийвчлагдан зохицуулагдах ач холбогдолтой хууль болсон юм.
УИХ-ын чуулганд хуулийг хэлэлцэж байх үед гишүүд байр сууриа илэрхийлж байсан.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ: “Ослын оношлогоо, дүгнэлтээ манайх гаргаж чаддаггүй. Хариуцлагын асуудал сайжрах уу? Онцгой тохиолдолд нислэг үйлдэхдээ, зардлыг захиалагч тал хариуцна гэсэн заалт байна. Төлөвлөгдөөгүй нислэг гарч ирнэ. Энэ зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргана гэсэн ЭМЯ-ны заалт ороогүй байна. Төлөвлөгдөөгүй зардлыг тусгах хэрэгтэй. Санхүүжилтийн асуудлыг төлөвлөсөн болон төлөвлөөгүй зардал гэж гаргая” гэсэн санал гаргасан.

БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД Т.ДУЛАМДОРЖ: ”Энэ асуудал улсын нөөц хөрөнгөнөөс шийдэгдээд явдаг хуулийн зохицуулалт бий. Хариуцлага,оношлогоо, дүгнэлтийн хувьд тодорхой заалт орж байгаа гэсэн”  хариултыг хэлж байсан юм.

Харин хуулийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан  асуулт асууж, үг хэлэх УИХ-ын гишүүн байгаагүй. Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж баталсан юм.

ШИНЭ МЭДЭЭ