МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Дандаа улстөржсөн, судалгаа муутай амлалтууд Монгол улсын хөгжилд сайн зүйл авчрахгүй
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
2018.05.09
Улстөр

Б.Баттөмөр: Дандаа улстөржсөн, судалгаа муутай амлалтууд Монгол улсын хөгжилд сайн зүйл авчрахгүй

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-Та Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийг ахалж ажилласан. Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагааг сайжруулах ямар арга замууд байна вэ?

-Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны ажлын тайланг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн. Мэдээж өнөөдөр байгуулагдаад ололттой, амжилттай зүйлүүд байгаа. Ер нь Монголын санхүүгийн зах зээл дээр ажиллаж байгаа банкны бус салбарын мэргэжлийн холбоодоос санхүүгийн зохицуулах хорооны удирдлагатай холбоотой санал гомдол ирсэн байсан.

Үүнийг бид олон талаас нь авч үзсэн. Мэдээж алдаа, дутагдлыг нь засах хэрэгтэй. Нэн түрүүнд Санхүүгийн зохицуулах хороонд хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх шаардлага байна гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, мэргэжлийн холбоодуудтайгаа хамтарч ажиллах шаардлагатай. Гуравдугаарт, УИХ-аас томилогдсон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдтэйгээ ажил үүргийн хуваарийг тодорхой болгох шаардлага байна. 2020 он хүртэлх Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох энэ төлөвлөгөөнд заагдсаны дагуу ойрын хугацаанд Санхүүгийн зохицуулах хорооны найман хуулийг шинэчилж УИХ-д өргөн барих ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.

Одоо энэ тал дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Нийтдээ 174 журам байгаа. Үүнийг Захиргааны ерөнхий хуулийн дагуу Хууль зүй дотоод хэргийн яаманд бүртгүүлж, нийтээр дагаж мөрдөх журмаа өөрчлөх шаардлагатай.

-Санхүүгийн зах зээлд эзэлж байгаа хөрөнгийн зах зээлийн хэмжээ арав хүрэхгүй хувьтай байгаа гэсэн. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хороо цаашид хэрхэн ажиллах шаардлагатай юм бэ?

-Ер нь Монгол Улсын хөгжлийн гол гарц нь энд байгаа. Санхүүгийн зах зээлд эзэлж байгаа хөрөнгийн зах зээлийн хэмжээ тун бага буюу ердөө 6-7 хувь байна. Тэгэхээр энэ хувь хэмжээ хөгжилтэй орнуудад 30-40 хувьтай байдаг. Тиймээс манайх хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр системтэйгээр тодорхой төлөвлөгөө гаргаж ажиллах ёстой. Санхүүгийн зах зээлийг эрүүлжүүлэх, зөв бизнес явуулах эрсдэлийг бууруулахын тулд даатгалын чиглэлийн үйл ажиллагаа онцгой ач холбогдолтой.

Мэдээж бичил банк гэж нэрлэдэг банк санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын эрх зүйн орчинг нь боловсронгуй болгох шаардлагатай. Энэ болгоныг хамарсан ажлаа эрчимжүүлж, сайжруулах, шилдэг арга барилыг нэвтрүүлэх, дэлхийн чиг хандлагатай нийцүүлэх үүрэг даалгавар өгөгдөөд ажилдаа ороод явж байгаа.

-Үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх ямар гарц байна вэ?

-Эхлээд хууль дүрмээ боловсронгуй болгож, сайн санаачилга гаргах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулах ёстой. Бас банкны зээлийн болон хадгаламжийн хүүг бууруулах шаардлагатай. Өнөөдөр иргэд хөрөнгийн зах зээлд зарцуулах мөнгөө банкинд аваачиж хадгалуулчихаад байгаа. Банк өндөр хүүтэй хадгаламж амлаад байгаа болохоор тэр шүү дээ.

Нэг талаараа хувь хүнд өндөр хүүтэй хадгаламж авч байгаа нь сайн боловч нөгөөтэйгүүр хөрөнгийн зах зээлийнхээ хөгжлийг боомилоод байна. Банк өндөр хүү амлаж хадгаламж авчихаар гаргаж байгаа зээлийн хүү нь өндөр байгаа юм. Банкны зээлийн хүү гэдэг бол олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Иймд Монгол Улсын эдийн засгийн чадавхыг дээшлүүлж, өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэх ёстой. Бэлэн мөнгөний гүйлгээ, өр зээлийн болон бүх эдийн засгийн тэнцвэрийн харилцааг зохистой болгох шаардлагууд байгаа. Үүний үндсэн дээр банкны зээлийн хүү буурна. Хоёрдугаарт, хадгаламжийн хүү буурах ёстой.

Банкууд өнөөдөр хүүгээрээ уралдаж харилцагчдаа татдаг байдлыг болих хэрэгтэй. Гуравдугаарт, банкны өөрийнх нь дотоод үйл ажиллагаа, зардлыг бууруулах шаардлага байгаа. Гаднаас ирсэн хоёр хувийн хүүтэй зээлэн дээр дөрвөн хувь гээд банкны өөрийнх нь зардал нэмэгдчихэж байна. Монгол шиг хязгаарлагдмал, чадавх муутай эдийн засагтай улсын хувьд банкны өөрийн дотоод зардал нь дөрвөн хувь гэдэг бол өндөр байгаа юм.

Тийм учраас дотоод зардлаа бууруулах шаардлагатай. Ер нь Монгол Улсын иргэн аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулмаар байгаа юм. Иймд хөрөнгө оруулалтын сангууд дотроо ялангуяа мөнгөний зах зээлийн сангуудыг сайн хөгжүүлэх шаардлагатай. Хууль тог-тоомжоо боловсронгуй болгоод иргэд аж ахуйн нэгжүүддээ энэ талаар тодорхой мэдээллийг өгөхөд цаашаа явах боломжууд нь бүрдэнэ.

-Монголын санхүүгийн зах зээлийг яаж идэвхтэй болгох вэ?

-Нэг үе Засгийн газрын бонд худалдаж амьдарсан. Одоо Засгийн газрын орлого давж биелж байгаа. Оны эхнээс 600 орчим тэрбум төгрөгөөр даваад явж байна. Энэ тохиолдолд Засгийн газар бонд гаргахгүй гэж байгаа нь зөв. Засгийн газар бонд гаргахгүй болохоор манай санхүүгийн зах зээл унтаа байдалтай байгаа. Хоёр, гурван компанийн хувьцаа худалдагдаж байна. Уг нь их идэвхтэй, өдөр бүр бужигнаж байх ёстой газар шүү дээ. Гэтэл үхмэл байна.Тиймээс санхүүгийн зах зээлийг идэвхтэй болгоход хамгийн түрүүнд 1072 хувьцааг амь оруулах шаардлага байна. Цаашлаад том, том нэг эзэнтэй банк, компаниудыг хувьцаат компани болгох хэрэгтэй. Эргэлтийн хөрөнгө дутагдаж байгаа компаниудыг IPO гаргадаг орлогоор дэмждэг болох зэрэг олон ажлууд хийх шаардлагатай байна.

Бас эрх зүйн орчин бүрдэж өгөхгүй байна. Монголын төрийн бодлого ард иргэдийнхээ хүлээлтээс хоцорчихоод байгаа юм. Тийм учраас төрийн бодлогоо тодорхой болгож, ард иргэдийнхээ хүлээлтэд нийцүүлж ажилладаг болох нь чухал. Мөн Монголын санхүүгийн зах зээлийн 2018-2025 он хүртэлх баримтлах бодлогоо тодорхой болгоод ил тод зарлах ёстой. Тэрийг дагаж хүлээлтүүд бий болдог. Иймээс эрэлтэд нийцсэн бодлого явуулж чадвал Монголын санхүүгийн зах зээл хүчтэй болж хөгжинө. Ингэснээр өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засгийн засагт өсөлт бий болно. Гадны хөрөнгө оруулалт орж ирнэ. Ажлын байр нэмэгдэж, компаниудын чадавх дээшилнэ. Их олон талын ач холбогдолтой. Тиймээс бид бүхэн төсөв тойрсон тоо ярих биш, санхүүгийн зах зээлийг эрүүлжүүлэх, идэвхтэй болгох, дэлхийн жишигт нийцүүлэх шаардлагууд үүсч байгаа.

-Ерөнхийлөгчийн зүгээс Баялгийн засаглал, Засгийн газар Баялгийн сангийн тухай ярьж эхэлсэн. Энэ тухай тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Баялгийн сан бол уул уурхайгаас тодорхой хязгаар тавиад, тэр хязгаараас дээш орж ирсэн орлогыг баялгийн сандаа хуримтлуулж байдаг. Жишээлбэл, зэсийн ханш өнөө жил 5800 ам.доллар байна гэхэд 6500 ам.доллар болвол тэр хоорондох 700 ам.долларын зөрүүг баялгийн сандаа хуримтлуулж байдаг. Уул уурхайн чиглэлээр бүх баялгаасаа тодорхой хязгаар тогтоож байгаа тэр нөөц ашигласны төлбөрөөсөө хуримтлал бий болгодог.

Энэ нь ямар нэгэн ялсан нам, Засгийн газраас ангид байдаг. Хэнд ч захирагдаж, хэнээс ч үг сонсохгүй. Зөвхөн тэр баялгийн санг л аривжуулах үүрэгтэй. Норвегийн баялгийн сан ийм байдаг. Тэгэхээр баялгийн сангийн санаа зөв. Бид олсноо тараачихаад, идчихээд байж болохгүй шүү дээ. Өнөөдөр 20 мянган төгрөг авах уу, ирээдүйд 200 мянган төгрөг авах бааз сууриа бэлтгэх үү.

-Таван толгойн ногдол ашгийг иргэн бүрт хүртээхийг Ерөнхийлөгч шахаж байна. Гэтэл нэг хүнд гурван мянган төгрөг л ногдоно гэж компанийн зүгээс тооцоолсон байна лээ. Ногдол ашиг хүртээх асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Таван толгойн хувьд өнгөрсөн жил Чалкогийн өрийг төлсөн. Өр төлөөд байсан мөртлөө татварын өмнөх ашиг нь 730 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үүнээс татварт 250-иад тэрбум төгрөгийг өгсөн. Цаана нь үлдэж байгаа 500 орчим тэрбум төгрөг цэвэр ашиг. Өнөөдөр Тавантолгойн дансанд 120 тэрбум төгрөг байгаа. Таван толгой дээр хэд хэдэн ажил хийх шаардлагатай. Нэгдүгээрт, Таван толгой-Гашуунсухайтыг чиглэсэн 230-аад км төмөр замыг барих хэрэгтэй. Өмнө энд алдаа гарсан.

Өөрөөр хэлбэл, түвшингийн тооцоо алдчихсан. Үүнийгээ засаад төмөр замаа тавихын тулд 730-аад сая ам.доллар шаардлагатай юм билээ. Урьд нь суурь бүтцийн 60, 70-аад хувь нь хийгдчихсэн. Хоёрдугаарт, Таван толгойд цахилгаан станц барих шаардлага бий. Үүнийг Таван толгойгоос гадна, Оюу толгой ашиглана. Дараа нь хос авто зам тавих хэрэгтэй. Энд 500-гаад тэрбум төгрөг зарцуулагдана. Энэ ажлыг концессоор ч юм уу, Таван толгойгоос мөнгийг нь гаргаад хийх боломжууд байгаа. Мөн хөрс хуулалтыг конверийн системээр дамжуулан есөн км дамжуулах тооцоо байдаг. Гэх мэтчилэн хөрөнгө оруулалтуудыг олж байгаа үр ашгаараа шийдэх юм бол 1-2 жилийн дараа монголчууд өгөөжөө хүртэнэ.

Өнөөдөр нэг хувьцаанаас 3000 төгрөгийн нодол ашиг авах уу, хоёр, гурван жилийн дараа 30 мянган төгрөг авах уу гэдгээ бодох ёстой. Таван толгой өр төлөөд байгаа хэрнээ 700 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Таван толгойн хувьд өнөө жил ямар ч өргүй, нүүрсний үнэ харьцангуй өндөр байгаа болохоор нэг их наяд төгрөгийн ашигтай ажиллах боломжтой. Энэ төслийг сайн дэмжиж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийвэл монголчуудын амьдралд ахиц гарах юм. Цаашдаа Таван толгой дээр тээвэр ложистикийн асуудлыг шийдэх ёстой. Бид хил дээр хилийнх нь үнээр хүргэж өгье л дөө. Өнөөдөр даанч тэгж чадахгүй байна. Хувь хүн болон Хятадын тээврээр явж байна. Нүүрсээ 61-67 ам.доллараар худалдаж байна. Өөрсдөө хүргэж өгөх юм бол 100 гаруй ам.доллараар худалдах боломж байна. Одоо иргэдэд ногдол ашиг тараахын оронд 300-400 тэрбум төгрөгийн үр ашгаар тээвэр ложистикийн асуудлыг шийдэж болно. Энэ мэтчилэн олж байгаа орлогынхоо менежмэнтийг зөв шийдэх хэрэгтэй.

-Таван толгойн хувьцааг 100 хувь иргэдэд өгөх хуулийн төслийг Ерөнхийлөгч Их хуралд оруулна гэж мэдэгдсэн. Хэрэв хууль батлагдвал нэг хүн гурван мянга биш, 300 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэнэ гэх юм. Тийм боломж бий юу?

-Аливаа зүйлийг хийхэд эдийн засгийн тооцоо чухал. Улс төрийн очков авах гэсэн явцгүй арга барилаар 30 жил явлаа. Монголчуудын амьдрал биднээр дуусахгүй. Тиймээс ирээдүйд үр ашигтай зүйлд зарцуулах ёстой. Манай улстөрчид эдийн засгийн мэдлэг тааруу. Тиймээс эдийн засгийн чадавхдаа улс төрийн шийдвэрээ хослуулж зөв гаргадаг баймаар байна. Сонгууль дөхөхөөр эх орон, ард түмэндээ хайртай хүн болсон баахан амлалтууд улс орон, эдийн засагтаа л хохиролтой.

-Хүүхдийн мөнгийг 80 юм уу ,100 хувьд нь олгоно гэсэн хоёр хувилбар яригдаж байна. Та ямар саналтай байгаа вэ?

-Өнөөдөр монголчуудын 80 хувь нь ядуу бол 20 хувь нь боломжийн амьдарч байна шүү дээ. Тэдний арваад хувь нь тансаг амьдралтай байна. Үлдсэн арван хувь нь боломжийн амьдралтай. Тэгэхээр тэдний хүүхдүүд 20 мянган төгрөг авах гээд байх шаардлагагүй. Заавал тэдэнд өгөх гэсэн улс төрийн өнгө аястай тоглолтууд ч хэрэггүй. Тэдэнд өгч байгаа мөнгийг нь ирээдүйд хэрэгтэй хүүхдүүдийн оюун ухааныг хөгжүүлэх юм уу, эдийн засгийн чадавхыг нь дээшлүүлэх зүйл зарцуулах хэрэгтэй. Тэрнээс дандаа улстөржсөн, тооцоо судалгаа муутай амлалтууд цаашдаа Монгол Улсын хөгжилд саад болохоос биш, сайн зүйл авчрахгүй.

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцэх гэж байна. Хөрөнгө оруулалтын банкнаас болгоомжлох хүмүүс байна. Тиймээс Хөрөнгө оруулалтын банкны эрх зүйн орчныг хангахад юун дээр анхаарах шаардлагатай вэ?

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулин дээр ажиллаж байна. Их сайн хууль гарах шаардлагатай. Манайхан Хөрөнгө оруулалтын банк гэхээр ганц нэг улсыг заагаад болгоомжлоод байдаг. Тэгэх шаардлага байхгүй. Бид XXI зуунд амьдарч байна. Хөрөнгө оруулалтын банк гэдэг бол арилжааны банкуудтай уралдаж өндөр хүүтэй хадгаламж авахгүй, зээл олгохгүй. Монголын томоохон төслүүд дээр ажиллах эрх зүйн орчин бүрдэх юм.

Тухайлбал, Таван толгойн төмөр зам, цахилгаан станц, салаа зам, зэс хайлуулах үйлдвэр, алт цэвэршүүлэх үйлдвэр, Эгийн голын, Эрдэнбүрэнгийн усан цахилгаан станц гэх мэт том том төслүүдэд ажиллана. Тэрнээс ашигт малтмалын лиценз барьцаалж аваад, газраар дамжуулж Монгол Улс тусгаар тогтнолоо алдчихна гэж жижиг зүйл ярьж болохгүй. Дэлхийтэй хөл нийлүүлж алхъя гэвэл дэлхийн тоглоомоор тоглох ёстой. Хөрөнгө оруулалтын банкийг Монголд байгуулах зайлшгүй шаардлагатай.

ШИНЭ МЭДЭЭ