МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Г.Занданшатар: Монголын хөгжлийн тулгуур нь хүн
2018.05.15
Эдийн засаг, Худалдаа

Г.Занданшатар: Монголын хөгжлийн тулгуур нь хүн

"Монголын эдийн засгийн чуулган 2018" энэ сарын 21, 22-нд болох юм. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданатараас цөөн асуулта хариулт авлаа. 

-Энэ удаагийн эдийн засгийн чуулганы гол онцлог нь юу байх вэ? Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монголын эдийн засгийн чуулган найм дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн чуулганы гол онцлог нь илүү ажил хэрэгч, улс орны өмнө тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд чиглэнэ. Мөн хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөрийг энэ үеэр танилцуулах юм. Чуулга уулзалтыг "Хүчээ нэгтгэе" уриан дор зохион байгуулна. Энэ хүрээнд өнөгөрөгч гуравдугаар сард татварын шинэчлэл, төр хувийн хэвшлийн яриа хэлцэл, агаарын бохирдол аялал жуулчлал, хөдөө аж ахуйг тогтвортой хөгжүүлэх, хүнс экспортлогч орон болох зорилтоо хэрхэн хийж хэрэгжүүлэх үү гэдгээ хэлэлцсэн байгаа.

-Өнгөрөгч гуравдугаар сард болсон хэлэлцүүлгийн үр дүн юу байна вэ?

-Татварын багц хуулийг Засгийн газраас УИХ-ын даргад өргөн барьсан. 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг нэг хувийн татвартай болгох, бизнесийн салбарынхханд татварын дарамт шахалт үзүүлдэг асуудлыг цэгцлэх, шинэчлэлийг эхлүүлж байгаа. Мөн мега том төслүүдээ яаж хөдөлгөх, эдийн засгийн бүрэн цогц шинэчлэлийг яаж хийх вэ гэдгийг энэ удаагийн эдийн засгийн чуулганаар хэлэлцэх юм. Хэлэлцүүлгээр бизнесийн салбарын болон ард иргэдийн саналыг сонсоно.

-Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг танилцуулсан. Бодлогыг хэрэгжүүлээд эхэлбэл эдийн засагт ямар үр нөлөө гарах вэ?

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар гурван тулгуурт хөгжлийг бодлогыг боловсруулж, батлуулсан. Энэхүү бодлого нь улс орноо хөгжүүлэх, хөгжлийг түргэтгэх, засаглал, хүний хөгжлийн бодлогыг эдийн засгийн чиглэлээр хийх ажлуудын цогц гэж хэлж болно. Монголын хөгжлийн тулгуур нь хүн гэж үзэж байна. Тиймээс хүнээ хөгжүүлэх ёстой. Монголын хөгжлийн тулгуур нь төр гэж үзэж байгаа. Хөгжлийн тулгуур нь эдийн засаг, монголын баялаг гэж үзэж байгаа юм. Энэ гурвыг харилцан уялдаа холбоотойгоор зөв чиглэл бодлоготойгоор хэрэгжүүлж байж, улсаа хөгжүүлж чадна. Ингэж байж хөгжлийн зөв зам руу орно. Мөн улсын хөрөнгө оруулалтын гурван жилийн хөтөлбөрийг гаргаснаар хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр бол санхүүгийн эх үүсвэртэй, хариуцах эзэн яамдтай, төр хувийн хэвшлийн түнлэл, концесс, гадаад зээл тусламж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх томоохон төслүүдийг хэлэлцэнэ. 

-Бодлогын уялдаа холбоо гэхээс илүүтэй залгамж халаа чухал шүү дээ?

-Энэ бодлого Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-тай нийцүүлж болно. Засгийн газрын 2020 оны үйл ажиллагааг хэрэгжүүлэх стратеги юм. Үүний тулд төр, хувийн хэвшил хүчээ нэгтгэх хэрэгтэй. Улс төрийн хүчнүүд Монгол Улсын эрх ашгийн төлөө хүчээ нэгтгэж байж өөрчлөлт шинэчлэлтийг хийж чадна. Ингэж монгол хүний аж амьдралыг эрс сайжруулна. Төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны харилцан ярианы гол механизм болон хэлэлцүлгийг өрнүүлнэ. ЗГЭХГ-т хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл ажилладаг. Мөн төр хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог байгуулсан. Төр хувийн хэвшил зөвлөлдөж, аливаа асуудлыг шийдвэрлэхдээ бизнесийнхнийг сонсдог тогтолцоог бүрдүүллээ. Энэ бол эдийн засгийн чуулганы хэлэлцэх асуудлын нэг онцлог нь байх болно.

ШИНЭ МЭДЭЭ