МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагыг Засаг дарга нь томилох уу
2018.05.16
Орон нутгийн хөгжил

Орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагыг Засаг дарга нь томилох уу

Гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, Д.Ганболд, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нар Төрийн байгууллагын орон нутаг дахь удирдлагын босоо тогтолцоог зохицуулсан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилснаа өчигдөр УИХ-д өргөн барив. Орон нутаг дахь мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгоог зохицуулдаг нэр бүхий найман хуульд өөрчлөлт оруулах юм байна. Өөрөөр хэлбэл, орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагыг томилохдоо дээд шатны байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга нь томилж байхаар уг төсөлд тусгасан байна.

Мөн төрөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай тогтоолын төслийг Засгийн газраас өргөн барилаа. Төрийн өмчид буй илүүдэлтэй, ашигладаггүй хөрөнгийг хэрэгцээтэй газар нь шилжүүлэхийн тулд уг төслийг санаачилжээ. Эл тогтоолыг баталбал Дархан-Уул, Баянхонгор, Говь-Алтай, Архангай аймагт цэцэрлэг нэмж байгуулан, нийт 350 орчим хүүхдийг хамруулах гэх мэт өргөн боломж нээгдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм байна. Иим байдлаар хөрөнгө шилжүүлэх тогтоолыг 2001 онд анх баталснаас хойш өдгөө ес дэх удаагаа төсөл өргөн барьж буй нь энэ аж. Одоо орон нутагт нийт 28.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэхээр төлөвлөсөн байна.

ШИНЭ МЭДЭЭ