Б.Саранчимэг: Хүний амьдрал ч гэсэн шатартай төстэй
2018.05.18
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Саранчимэг: Хүний амьдрал ч гэсэн шатартай төстэй

УИХ-ын гишуун Б.Саранчимэгийг энэ удаагийн “Сондгой өнцөг” буланд урьж ярилцлаа. Бид энэ удаад дэлхийн оюуны их спорт болох шатрын талаар ярилцсан юм. УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн хувьд шатрын спортын сонирхогч бөгөөд “Цэцэн түшээ” тэмцээнд хоёр ч удаа түрүүлж, МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагнуулсан билээ.

-Шатрыг дэлхий нийтийн оюуны спорт гэдэг. Энэ спортыг яагаад сонирхох болов гэдгээс ярилцлагаа эхлэх үү?

-Шатар гээд ярихаар яах аргагүй миний бага настай холбоотой. Манай хөрш айлын өвөө нар шатар их тоглодог байлаа. Ер нь л тэдний тоглож байгааг хараад л сурсан даа. Тэр үед би тав зургаан настай л байсан юм. Өвөө нар дээр үеийн модон хийцтэй гоё шатраар тоглодог байж билээ. Зарим нь бүр элэгдчихсэн байдаг байсан. Тухайн үед шатрын багш гэж байдаггүй учраас хөндлөнгөөс харсаар байгаад сурчихсан юм. Манай гэрийнхэн дотор шатар тоглодог хүн байгаагүй. Миний шатартай холбогдсон түүх ердөө л энэ.

-Шатартай холбоотой олон сайхан дурсамж байдаг байх. Хамгийн сэтгэлд ойр байгаа дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Сургуулийн сурагч болоод хүүхдийн баяр болгоноор тэмцээнд ордог байсан. Тэмцээнд ороод түрүүлэхээр таван төгрөгөөр шагнуулна. Шагналаараа жигнэмэг авч иддэг байлаа. Жигнэмэгээ найзууд, дүү нартайгаа хувааж иддэг байсан юм. Тэндээс маш их урам, зориг аваад их л хичээдэг байлаа. Одоо бодоход ийм л сайхан гэгээн дурсамж үлджээ. Ер нь сургуулийн сурагч байхдаа ч, оюутан болоод ч олон тэмцээн уралдаанд оролцдог байсан. Харин төгссөнөөс хойш бараг шатар тоглосонгүй. Их удсан байна. Ингээд ярихаар шатар яах аргагүй миний хүүхэд насны нэгээхэн хэсэг юм байна.

-Оюутан ахуй цагаасаа хойш тоглоогүй гэхээр багагүй хугацаанд хөндийрчээ. Таныг чөлөөт цагаараа байнга тоглодог, хүүхэд багачуудын дунд тэмцээн уралдаан зохнон байгуулдаг болов уу гэж бодож байлаа?

-Шатраас нэлээд хугацаанд хөндийрсөн. Саяхнаас хүүхдүүдийг шатрын спортоор хичээллүүлэхэд илүүтэй анхаарч ажиллаж байна. Орчин үед техник технологи маш их хөгжиж байна. Тиймээс чөлөөт цагаа оюуны спортын нэг төрөл болох шатраар хичээллэх боломжийг миний хувьд хүүхдүүдэд олгож байгаа. Энэ хүрээнд тойргийнхоо 1700 өрхийг шатаржуулсан. Мөн “Ногоон бэрс” хөтөлбөр хэрэгжүүлээд хавар, намрын улиралд тэмцээн зохион байгуулж байгаа. 18 наснаас дээш, доош гэсэн ангиллаар тэмцээн зохион байгуулдаг. Баянзүрх дүүргийн хэмжээнд сургууль, цэцэрлэгт “Ногоон бэрс” шатрын клубыг нээж өгөх саналаа удирдоагуудад тавьсан. Энэ ажил амжилттай хэрэгжвэл олон сургууль, цэцэрлэг шатрын дугуйлан клуб ажиллах боломж нь нээгдэнэ. Нийслэлийн шатрын холбоонд санал тавиад иргэдийг шатраар хичээллэх боломжийг нь олгоё гэдэг саналыг тавилаа. Шатартай холбоотой ийм л ажил амжуулаад явж байна.

-Шатар оюун ухааныг хөгжүүлэхээс гадна хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлдэг юм билээ. Сууж сурна. Бас ялж, ялагдаж сурдаг. Асар их тэвчээр суулгадаг байх гэж боддог юм?

-Би шатрыг тархины хамгийн сайхан дасгал гэж боддог. Шатар зөвхөн тоглоом биш юм. Шатар хүүхдийн оюун ухаанд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт. Шатраар хичээллэсэн хүүхэд тэвчээртэй байхаас гадна олон жилийн дараа болох зүйлийг ч төлөвлөж чаддаг болдог. Түүнчлэн таны хэлсэн шиг ялж, ялагдаж сурна. Сүүлийн үед эцэг, эхчүүд хүүхдээ шатрын спортоор хичээллүүлэх сонирхолтой болсон байна. Санал санаачилга их гаргадаг болжээ. Энэ бүх эерэг ойлголт, хандлагууд шатрын спортыг хөгжүүлэхэд асар их хувь нэмэр үзүүлж байгаа.

-Дэлхийн сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн Итали улсын Кальяри хотод болсон. Манайхан багагүй амжилт гаргасан гэж дуулсан?

-Тийм ээ. Италийн Кальяри хотод болсон. Нийт 63 орны 260 тамирчин оюун ухаанаа сорьсон юм. Хамгийн чухал нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс шатрыг яаж хүндэлж, дэлгэрүүлж байгаа талаар санал бодлоо солилцлоо. Мөн Кальяри хотын даргатай сонирхогчдын тэмцээний анхны өргийг нээсэн. Энэ үед Б.Саранчимэг гэх хувь хүнээс илүүтэй Монгол Улс гэдэг нэрийг гаргалаа. Энэ үеэр надад шатрын спортыг хөгжүүлж байгаа багш, дасгалжуулагч нараа илүүтэй дэмжих хэрэгтэй юм байна. Тэднийхээ гавьяаг үнэлэх ёстой юм байна гэж бодогдсон. Хувь хүний амжилт дан ганц өөрөөс шалтгаалдаггүй. Баг хамт олон, дасгалжуулагч багш нарын үүрэг их байдаг. Бид Ц.Батсайхан багштай багаараа явсан. Ц.Батсайхан багш Монголын урдаа барьдаг дасгалжуулагчдын нэг нь. Ц.Батсайхан багшийн шавь нь Дэлхийн шатрын аварга болсон. Шатрын Дэлхийн аварга Б.Баярмаа, Шатрын их мастер Т.Батчимэг гэх мэт алдартнуудын багш гэдгээр олон нийт андахгүй. Мөн 260 хүний дунд 14 настай шавь Н.Итгэлт шатрын блицийн тэмцээнд түрүүлсэн зэрэг олон амжилтыг дурьдаж болно. Энэ үед монгол шатарчдаараа бахархаж байлаа. Тиймээс дэлхийн төвшинд олон мастер төрүүлэхийн тулд багш, дасгалжуулагч нараа дэмжих ёстой юм байна гэсэн бодол сэтгэлд уяатай яваа.

-Шатрын спортын хөгжил дэлхий нийттэй эн зэрэгцэж явна. Харин шатрын спортыг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай зүйл юу байна вэ?

-УИХ-д шатрыг дэмждэг “Лобби” бүлэг гэж байдаг. Тиймээс шатрын спортыг дэмжихийн тулд Оюуны спортын ордонтой болоход санал нэгдсэн. Энэ талаарх саналаа УИХ-д орууллаа. Тиймээс монголчууд удахгүй шатрын спортын ордонтой болох байх. Ордонтой болчихоор тамирчдыг дэлхийн тавцанд гаргахад шатрын холбоо, багш дасгалжуулагчид асар их хувь нэмэр оруулах юм.

-“Ногоон бэрс” шатрын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хөтөлбөрийн хүрээнд зарим сургууль, цэцэрлэгт шатрын клуб нээгээд ажиллуулж байна. Тухайлбал, 158 дугаар цэцэрлэг болон 95 дугаар сургуульд клуб нээчихсэн дасгалжуулагч багш ажиллуулж байгаа. Цаашдаа улам өргөжүүлэх зорилго тавиад ажиллаж байна. Саяхан болсон “Ногоон бэрс” шатрын тэмцээнд 500 гаруй хүүхэд оролцож, оюун ухаанаа сорьсон. Хийж байгаа зүйлд минь иргэд их талархалтай ханддаг юм. Тиймээс миний зүгээс шатрыг түгээн дэлгэрүүлэх, ач холбогддыг нь ойлгуулах, хөгжүүлэхийг гол зорилгоо болгож явна даа. Энэ зорилгынхоо төлөө өнөөдөр нийгэмд хэрэгтэй тустай ажил хийж, бүтээх юмсан гэсэн чин их эрмэлзлээр зүтгэж байна. Шатар бол ой тогтоолт, бодлоготой, цэгцтэй, сэтгэлгээг хөгжүүлэхээс гадна нягт нямбай чанарыг төлөвшүүлдэг. Ийм л зан чанар, төлөвшилтэй монгол хүн олон байгаасай гэж маш их хүсдэг. Ер нь тэгээд хүний амьдрал ч гэсэн шатартай төстэй шүү дээ.

-Таны хүндэлж явдаг тамирчин хэн бэ. Нэрлэж болох уу?

-Шатрын спортоор Монгол Улсын нэрийг дэлхийн тавцанд гаргаж яваа бүх л тамирчныг хайрлаж, хүндэлж явдаг. Тэр дундаа Ц.Батсайхан багшийн шавь Гавьяат тамирчин Т.Батчимэгийг онцолж хэлмээр байна. Олон улсын эрэгтэйчүүдийн мастер зэргийг хамгаалж чадсан Монгол Улсын ганц тамирчин бол Т.Батчимэг. Эмэгтэй хүн атлаа эрэгтэйчүүдийн мастерын зэргийг хамгаалсан гэхээр эмэгтэй тамирчдаасаа чадвараараа илүү гэсэн үг. Мөн шатрын их мастер Б.Мөнгөнтуул гээд нэрлээд байвал хөвөрч өгнө. Бахархмаар, хүндэлмээр хүмүүс энэ спортод зөндөө бий.

-Таны цуглуулгад хэр олон шатар байна вэ?

-Саяхнаас шатар цуглуулж эхэлсэн. Цөөхөн бий. Надад таван төрлийн шатар байна. Хамгийн анх манай өвөө надад 1978 онд жижигхэн модон шатар өгсөн. Өвөөгөөсөө анх шатар аваад хөл газар хүрэхгүй хөөрч явлаа. Шатрын спортоос олон зүйлийг сурсан шүү. Тэвчээр хатуужлаас гадна олон найз нөхөдтэй болгосон байна. Маш олон эерэг зүйлийг надад өглөө. Дэлхийн өнцөг булан бүрт энэ спортоор холбогдсон найз нөхөд минь бий.

-Чөлөөт цагаа та шатар тоглож өнгөрүүлдэг үү?

-Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс ихэвчлэн чөлөөт цагаа биеийн хүчний дасгал хийж өнгөрүүлдэг. Би чөлөөт цагаа иогоор хичээллэж өнгөрүүлдэг юм.

Б.ПҮРЭВЖАВ

ШИНЭ МЭДЭЭ