2018.05.21
Гадаад харилцаа
Монгол, Польшийн парламентын бүлгийн гишүүд уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Д.Дамба-Очир, Бүгд Найрамдах Польш Улсын парламент (Сейм)-ын гишүүн, Сейм дэх Польш, Монголынг парламентын бүлгийн дарга Марек Жонса тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэхэд парламентын бүлгүүдийн хүчин чармайлт чухал үүрэгтэйг онцлоод боловсрол, батлан хамгаалах салбарын уламжлалт харилцаагаа улам бүр хөгжүүлж, шинэ салбаруудад хамтран ажиллах боломжийг хоёр талаасаа анхааръя гэлээ.
Ноён Марек Жонса айлчлалын өдрүүд цаг агаарын хувьд бидний төсөөлснөөс хүйтэн байгаа ч, Монгол Улс биднийг халуун дотноор угтан авч, хамтран ажиллаж байгаад баяртай байна гээд байнгын ажиллагаатай Элчин сайдын яамдыг хоёр талд нээн ажиллуулах шаардлагатайг онцоллоо. Мөн оюутан, залуучуудыг сургах хөтөлбөрийг өргөжүүлж, польш хэл, орон судлалаас гадна бизнесийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд түлхүү анхаарах боломжтой гэв.
Уулзалтад Монголын талаас УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Ганболд, Х.Нямбаатар, Л.Элдэв-Очир нар оролцсон бол Польшийн талаас тус улсын Сеймийн гурван гишүүн болон БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд, ноён Михал Лабенда нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
ШИНЭ МЭДЭЭ
УИХ-ын гишүүдийн Шинэ жилийн мэндчилгээ
2019.12.31