Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2019 оны үндсэн чиглэл батлагдлаа
Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг эцэслэн баталлаа.
Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд нийт 20 зорилт, 123 арга хэмжээний хүрээнд 8.6 их наяд төгрөгийг улсын төсөв, гадаад, хувийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.
Тогтоолын төслийн ЭЗБХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцууллаа.
Байнгын хороо 5 сарын 22-ны өдөр тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг төсөлд бүрэн тусгасан байна. Тухайлбал, төслийн хавсралтад зээлийн хүүг бууруулах, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгож хэрэгжилтийг эрчимжүүлэх, байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоох үнэлгээнд орон нутаг оролцдог байх, Чингис хааны өмнөх болон дараах үеийн түүх, археологийн үзэсгэлэн гаргах бэлтгэл ажлыг хангах, багш, эмч нарын цалин хөлсний менежментийг боловсронгуй болгох замаар үе шаттайгаар цалин, хөлсийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, инновацийн салбарт олон улсын жишигт нийцсэн барилга, байгууламж, лабораторийн орчин үеийн нөхцөл бүхий дэд бүтцийг бий болгох, сүрьеэгийн эмнэлгийг барилгыг шинэчлэх, МСҮТ-ийн оюутнуудад 70.000 төгрөгийн тэтгэмж олгох зэрэг зарчмын саналыг төсөлд нэгбүрчлэн тусгасан байна. Түүнчлэн чуулганы нэгдсэн хуралдааны үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу нээлттэй үлдээсэн Тавантолгойн орд ашиглалтыг өргөжүүлэн, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын явц, хуваарь гэсэн шалгуур үзүүлэлтийг тогтоолын төслийн хавсралтын 5 дугаар зорилтод нэмэх саналын томъёоллыг бэлтгэсэн байна.