Ж.Эрдэнэбат: Манайх шиг Нийслэл хотынхоо төвд арьс шир, ноос ноолуураа боловсруулдаг улс орон байхгүй
Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлсэн.
2017 оны 6 сарын 20-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус хууль жил гаруйн хугацаанд завсардаад байсан юм. Хуулийн төслөөр дагуул хотыг байгуулах, Нийслэл бие даасан байдлаар хөгжих эрх зүйн орчин бүрдэх юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат энэхүү хуулийн төслийг зайлшгүй дэмжих шаардлагатай байгааг сануулаад дараах байр суурийг илэрхийллээ.
Ж.Эрдэнэбат: Энэ хуулийн оруулж байгаа утга агуулгыг УИХ-ын гишүүд ойлгоосой гэж хүсч байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуультай дагалдаж орж ирж байгаа татварын хуулиудыг хэлэлцэж байна. Өнөөдөр Нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдлууд нь ард иргэдийн хувьд маш том хүндрэлүүдийг үүсгэж байна.
Манай улс шиг Нийслэл хотынхоо төвд арьс, шир ноос ноолуураа боловсруулаад, барилгын материалаа үйлдвэрлэдэг улс орон байхгүй.
Бид дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхахын тулд энэ хуулийг оруулж ирээд, үүндээ татварын бодлого гэдэг асуудлыг оруулж ирж, татварын бодлогоороо ААН-ийн үйл ажиллагааг зохицуулахгүй бол хөгжих боломгүй.
Татварын бодлого нэгдсэн байх ёстой гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ манай улс шиг өргөн нутаг дэвсгэртэй улсын хувьд бүс нутгийн зохицуулалт заавал байх ёстой. Бид баруун хязгаарт амьдарч байгаа ард иргэдийн амьдралыг дэмжихийн тулд Татварын бодлого ашиглаж байсныг та нар мэдэж байгаа. Харин өнөөдөр Нийслэл хотын хөрсний болон агаарын бохирдлыг бууруулж, төвлөрлийг сааруулахын тулд зайлшгүй татварын бодлогоор дэмжих ёстой. Түүнээс биш нэгдсэн татварын бодлоготой байх ёстой гээд ААН-ийн албан татвар хаана ч 10 хувь байх ёстой гэдэг бодлого барьж явна гэвэл цаашдаа Нийслэлийн хувьд үйл ажиллагааны зохицуулалт хийх, тулгамдсан асуудлуудыг цэгцлэх асуудалд хүндрэл учирна.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагалдаж орж ирж байгаа хууль гэдгээрээ энэ хуулийг дэмжээсэй гэж хүсч байна. Энэ нь цаашаа батлагдаад явбал Нийслэлчүүдийн хувьд хуулийн өөрчлөлттэйгөө уялдуулаад, үйл ажиллаагаа зохицуулаад, ард иргэдийн хүсээд байгаа өөрчлөлтүүдийг хийх боломж бүрдэх болно.