2018.06.05
Гадаад харилцаа
Нийслэлийн НАМЭХ Бээжингийн эмэгтэйчүүдийн холбоотой хамтарч ажиллана
УИХ-ын гишүүн, Нийслэлийн НАМЭХ-ны тэргүүн Б.Саранчимэг Бээжингийн Эмэгтэйчүүдийн холбооны Дэд ерөнхийлөгч Жөү Жин тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалт нь хоёр орны эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн олон салбарт хамтарч ажиллах суурийг тавьж буйгаараа онцлогтой юм.
Уулзалтын үеэр Б.Саранчимэг гишүүн хэлэхдээ “Нийслэлийн НАМЭХ есөн дүүрэг, 152 хороонд салбар зөвлөлтэй. Эмэгтэйчүүдэд чиглэсэн олон бүтээлч ажил зохион байгуулдаг. Манай НАМЭХ гадаад харилцааныхаа хүрээнд Бээжингийн Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.
Цаашдаа эмэгтэйчүүдийн манлайлал, хөгжлийн чиглэлээр олон ажил хамтарч хийхээр төлөвлөж байна” гэсэн юм. Бээжингийн эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгчид МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Хотын дарга, Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзлаа.