МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д. Сарангэрэл: Эмч нарт зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ
УИХ-ын гишүүн,Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл
2018.06.07
Эрүүл мэнд

Д. Сарангэрэл: Эмч нарт зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Хамгийн их хэл ам дагуулдаг Эрүүл мэндийн салбарын бодлогыг Засгийн газрын түвшинд авч явах  үүргийг  та хариуцаад найман сар болж байна. Энэ хугацаанд салбартаа амжуулсан ажил олон  байгаа байх. Ойрын хугацаанд юун дээр илүүтэй төвлөрч ажиллаж байна вэ?

-Миний хувьд Эрүүл мэндийн салбарын бодлогыг Засгийн газрын түвшинд авч явах ийм л үүрэг, зорилготой. Би энэ салбарын сайд, дарга гэхээсээ илүүтэй салбарынхаа зохион байгуулагч, гол менежер нь юм. Энэ  үүргээ нэр төртэй, хариуцлагатай  авч явахын төлөө өнгөрсөн хугацаанд хичээн ажиллалаа. Мэргэжлийн хамт олонтойгоо салбарынхаа цаашдын бодлого, чиглэлээ  илүү тодорхой болголоо. Энэхүү зорилго, зорилтоо ажил хэрэг болгохын төлөө ер нь цаг наргүй ажиллаж байна даа. Ойрын хугацаанд Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар эмч сувилагч нарын цалин нэмэгдүүлэх, ажлын байранд суурилсан цалин хөлсний тогтолцоог хэрэгжүүлэх тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна.

Мөн салбарын хэмжээнд Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох үүднээс өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүждэг болох, эрүүл мэндийн даатгалаар олгож байгаа эмэнд цахим жорыг 100 хувь нэвтрүүлэх үйл ажиллагаанд түлхүүтэй анхаарна. Цахим жорыг нэвтрүүлснээр хөнгөлөлттэй эмийг сардаа хоёр удаа олгож иргэдэд чирэгдэл үүсдэг байсан явдал үгүй болгохын төлөө зорьж байна.  Мөн царцаагдсан байгаа эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулах, хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зэрэг ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил бий.

-Өнөөдөр эрүүл мэндийн салбарын нөхцөл байдал яг ямар байна вэ. Мэдээж  тулгамдсан асуудал  олон бий шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ болохгүй, бүтэхгүй байна гэж  шалтаг хэлээд  хойш суух гэхээс илүүтэй тулгарч буй асуудлын гарц шийдлийг эрэлхийлэх нь салбарын менежер хүний үүрэг гэж би хардаг. Хүнсний аюулгүй байдал, хүүхдийн байгууллагын гал тогооны эрүүл ахуйн дэглэм алдагдсантай холбоотойгоор зарим сургууль, цэцэрлэгт хоолны хордлого, цусан суулга өвчин гарч байна. Нийслэлийн 61 дүгээр цэцэрлэг, Орхон аймгийн “Орхон Эмпати” сургуульд цусан суулга өвчин дэгдэлт хэлбэрээр гарч олон хүүхэд өвчилсөн зэрэг санаа зовоосон асуудлууд байсаар байна.

Түүнчлэн халдварт өвчний дунд БЗДХ, сүрьеэгийн өвчлөл харьцангуй өндөр байна. Ялангуяа 20-35 насны залуучуудын дунд өвчлөл өндөр байгаа тул уг өвчний талаарх ойлголт, сургалт, мэдээлэл, нөлөөллийн ажлыг идэвхжүүлэн, залууст хүргэх арга барилаар зохион байгуулж, сургагч багш бэлтгэн, үе тэнгийнхнээр нь дамжуулан сургах  зэргээр ажиллаж байна. Мөн БСШУСЯ-тай хамтран Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг оруулахаар болсон.

-Эмч нар цалингаа нэмүүлэхийг шаардан хэд хэдэн удаа жагсаал цуглаан зохион байгууллаа. Засгийн газар 2019 онд эмч нарын цалин хөлсийг нэмнэ  гэж мэдэгдсэн. Салбарын сайдын хувьд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажил хөдөлмөрийг бодитой үнэлдэг болох цалин урамшууллын тогтолцоог бүрдүүлэх зорилт тавьсан талаар ярилцлагын эхэнд дурдлаа.  Энэ зорилт хэзээнээс ажил хэрэг болох вэ?

-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд туссаны дагуу Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор ажлын байрны үнэлгээг хийсэн. 

Ингэхдээ эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын байрыг ур чадвар, хариуцлага, ачаалал, хөдөлмөрийн нөхцөл гэсэн дөрвөн хүчин зүйлээр үнэлгээг явуулсан. Улмаар үнэлгээний дүнд үндэслэн эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг ажил, мэргэжлийн ялгаатай тогтоохоор шинэчлэн боловсруулж байна.  Эрүүл мэндийн салбарын гурван талт хэлэлцээрийн хүрээнд цалин хөлсийг нэмэгдүүлэх тооцоо, судалгааг хийхээр Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсэгт Эрүүл мэндийн яамны төлөөлөл оролцон ажиллаж байгаа.

-УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэг “Сувилагчдаа сонсъё” хэлэлцүүлэг зохион байгуулах үеэр эмнэлгийн байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг нэлээдгүй хөндөн ярилцсан. Тухайлбал, ипотекийн зээлтэй холбоотой санхүүжилтийг төсөвт суулгах чиглэлд ажиллахаар болсон гэж сонссон?

-Тийм ээ. Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй Эрүүл мэндийн салбарын ажиллагсдын дунд судалгаа явуулахад судалгаанд хамрагдсан нийт ажиллагсдын 9839 буюу 88.5 хувь нь ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь уг зээлд хамрагдах хэрэгцээ өндөр байгааг харуулж байгаа юм.  Судалгаанд оролцогчдын 62 хувь нь ипотекийн зээлийн 10-20 хувь, тав нь 30 хувийн урьдчилгаа төлөх боломжтой гэж хариулсан.

Тиймээс салбарынхаа нийгмийг асуудлыг бага ч болтгугай хангах үүднээс “Орон сууц” дэд хөтөлбөрийг Барилга, хот байгуулалтын яамтай хамтран боловсруулаад байна.  Ялангуяа зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа, онцгой байдлын төрийн тусгай албан хаагч, эрүүл мэнд, боловсролын ажилтнуудыг орон сууцны ипотекийн зээлд төлөвлөлттэй хамруулах, хөдөө орон нутагт ажиллаж байгаа дээрх төрийн албан хаагчдад  орон сууцны зээл олгох, түрээсийн орон сууцаар хангах асуудлыг тусгайлан тусгахаар зорьж байгаа.

-Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч, мэргэжилтнүүд болон үйлчилгээ авах иргэдийн сэтгэл ханамжийг сайжруулахын тулд Засгийн газрын зүгээс юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Тухайн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын үзүүлж байгаа тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сэтгэл ханамжийн судалгаагаар тодорхойлдог аргачлал гэж бий. Энэ асуудал нь өөрөө цогц нэгдэл юм. Өөрөөр хэлбэл, үйлчилгээ үзүүлж байгаа эмч, ажилтнууд нь өөрийн авч байгаа цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлууд төдийгүй өөрийн ажлын байрны нөхцөл, тав тух, орчны тохижилт, тухайн байгууллагын удирдлагын ажлын ур чадвар, хандлага, хамт олны уур амьсгал, үзүүлж байгаа тусламжид шаардагдах тоног төхөөрөмж, ажлын багаж хэрэгсэл, эм, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангагдаж байж үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай үзүүлэх боломж бүрддэг. Нөгөө талаас сэтгэл ханамж өндөртэй үзүүлж байгаа тусламж, үйлчилгээг өвчтөн, үйлчлүүлэгч хүлээж авах нь тэдэнд сэтгэл ханамжийг өгч чаддаг.

Яамны зүгээс эрүүл мэндийн байгууллагуудаас сэтгэл ханамжийн судалгааг улирал тутамд авч хэвшсэн боловч судалгааны дүндээ дүгнэлт хийж, үйл ажиллагаагаа тууштай сайжруулах чиглэлд учир дутагдалтай байгаа. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын сайжруулах чиглэлээр салбарын сайдын хувьд тушаал гаргаж хэд хэдэн ажил явуулахаар төлөвлөсөн байгаа. Тухайлбал, Эрүүл мэндийн байгууллагууд улирал бүр  үйлчлүүлэгч болон эмч, ажилчдаас сэтгэл ханамжийн судалгаа авч, дүгнэлт хийдэг, тусламж, үйлчилгээ, орчин нөхөцлөө сайжруулах арга хэмжээг авч хэвшүүлнэ.

 -Эмч нар ачаалалтай нөхцөлд ажилладаг ч  тэдний авч байгаа цалин, нийгмийн халамж нь  хангалтгүй учирч ажилдаа 100  хувь төвлөрч чадахгүй байх шалтгаан болдог гэдэгтэй та санал нийлэх үү?

-Эмч нар цалин, нийгмийн халамж бага учраас ажилдаа төвлөрч чаддаггүй гэдэгтэй санал нийлэхгүй байна. Манай эмч, сувилагч, мэргэжилтнүүд ямар ч нөхцөлд өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан өвдсөнийг нь эдгээхийн төлөө, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүний амийг аврахын төлөө л ажилладаг. Ялангуяа эмчийн мэргэжил бол хүний өмнөөс шийдвэр гаргадаг цөөн мэргэжлийн нэг. Өөрөөр хэлбэл маш өндөр хариуцлага үүрдэг гэсэн үг. Манай эмч нар ч үүнийгээ сайн мэдэж байгаа.

Мэдээж цалин бага байгаа нь ажилдаа сонирхолгүй болох, мэргэжлээ солих, давхар ажил эрхлэхэд хүргэдэг зэрэг сөрөг тал байгааг үгүйсгэхгүй.  Тиймээс бид дээр дурдсанчлан эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлс, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор ажлын байрны үнэлгээг хийн эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэхээр зорьж, нийгмийн хамгааллын хөтөлбөрийг тусгайлан боловсруулж байна.

-Өрх, сумын эрүүл мэндийн байгууллага тоног төхөөрөмж, чадварлаг хүний нөөц зэргээс шалтгаалан үйлчлүүлэгчдийн дунд хэл ам багагүй дагуулж байдаг. Хөдөөд баг, тосгонд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр юу хийхээр төлөвлөж байна вэ?

-2017-2026 он хүртэл Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг Засгийн газраас баталсан. Монгол Улс 3.1 сая гаруй иргэддээ эмнэлгийн анхан шатлалын тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 549 анхан шатны эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан хүргэж байна.

Өрх, сумын эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээний багцыг өргөжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор өрх, сумын эрүүл мэндийн төвөөс үзүүлэх дөрвөн багц буюу сэргээн засах, гэрийн болон өдрийн эмчилгээ,  оношилгоо, шинжилгээ, тусламж үйлчилгээний зардлыг  эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх  шийдвэр гарсан.

Мөн явуулын тусламж, үйлчилгээг жилд хоёр  удаа БОЭТ, нэгдсэн эмнэлэг, сум дундын эмнэлэг, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс алслагдсан болон газар зүйн бэрхшээлтэй сум, баг, тосгоны хүн ам, отор нүүдэл хийж буй малчид, газар тариалан, бичил уурхай эрхлэгчдэд үзүүлж байгаа.  

Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Ингэснээр өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтэд нэг иргэнээр тооцсон төлбөрийн аргыг ашигладаг гэсэн үг.  Одоогийн байдлаар өрхийн эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг нэг иргэнээр тооцсон төлбөрийн зардал нь 14360 төгрөг буюу 6 ам.доллар юм.  ДЭМБ-ын зөвлөмж болгож буйгаар дээрх зардлыг  12 ам.доллар хүргэх, цаашлаад дундаж орлоготой орнуудын төвшинд хүрч 22 ам.доллар  хүргэх  шаардлагатай байна.

-Бас нэг тулгамдсан асуудал бол эрүүл мэндийн үйлчилгээний  төлбөрийн улмаас иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ жигд авч чадахгүй  байгаа нь өвчнөө хүндрүүлэх гол  шалтгаан болдог. Үйлчилгээний төлбөрийг бууруулах боломжтой юу?

-Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод эрүүл мэндийн санхүүжилтийн чиглэлээр эрүүл мэндийн салбарын нийт зардалд иргэний шууд төлөх төлбөрийн эзлэх хэмжээг 25 хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгагдсан. “Иргэн хувийн эмнэлгээр үйлчлүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх хэмжээг нэмэгдүүлж, иргэнд учрах төлбөрийн дарамтыг бууруулах” Засгийн газрын зорилтын хүрээнд Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих хувьсах зардлын ялгааг шат дараатайгаар арилгахаар тусгагдсан. Цаашид төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлын хэмжээг ижил болгон, тарифын зөрүүг арилгах чиглэлд  тооцоо, судалгааг хийж  байна.

-Сүүлийн 20 гаруй жил Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал хамтдаа үйл ажиллагаа явуулж байсныг энэ оны нэгдүгээр сараас эхлэн тусад нь гаргасан.  Ингэж салгах нь үр дүн байна уу?

 -Эрүүл мэндийн даатгалын байгууллага бие дааснаар эхний ээлжид даатгуулагчид хөнгөлөлттэй үнээр олгох эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хяналтыг сайжруулах, ажилтнуудын ажлын ачааллыг хөнгөвчилж “Эрүүл мэндийн даатгалын цахим систем”-ийг нэвтрүүлсэн. Үүнийг энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс өрхийн эмнэлэг болон даатгалын гэрээтэй эмийн сангуудад амжилттай нэвтрүүлээд байна.

Цаашид үргэлжлүүлэн хувийн эмнэлгийг 2-р улиралд, улсын эмнэлгийг 3-р улиралд, рашаан сувиллыг 4-р улиралд цахим системд холбож, 2018 онд Эрүүл мэндийн даатгалын цахим системийг бүрэн нэвтрүүлнэ. Эрүүл мэндийн салбарт Эрүүл мэндийн даатгалын сан ирснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой асуудлаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл таван удаа хуралдаж даатгуулагчийн эрх ашиг, тулгамдсан асуудлуудыг цаг тухай бүрт нь шийдвэрлэж байна. Түүнчлэн  Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг зөвхөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулах болсноор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ чанаржиж, тусламж, үйлчилгээнд даатгалын хөнгөлөлтийг олгох боломж бүрдсэн. Одоогийн эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн өртгийн судалгааг шинэчлэн хийж тарифыг нэмэгдүүлэх ажил хийгдэж байгаа.

-Бид эрүүл мэндийн даатгалаа тогтмол төлөөд л байдаг. Гэвч даатгалынхаа үр шимийг хангалттай хүртэж чадахгүй байгаа шүү дээ?

-Өөрийн тань асуусантай санал нийлж байна. Тиймээс иргэдэд эрүүл мэндийн даатгал төлсөн үр шимийг хүртээхэд даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн тогтоосон товлолт хугацаанд хамруулан, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь санхүүжүүлж байна. Үүний нэг жишээ болох “Элэг бүтэн

Монгол үндэсний хөтөлбөр”-өөр дамжуулан 2017 онд 40-65 насны, 2018 онд 16-аас дээш насны хүмүүст элэгний В, С вирүсийг илрүүлэх шинжилгээ, элэгний В,С вирүс эерэг илэрсэн тохиолдолд баталгаажуулах шинжилгээ хийж эхлээд байна. Мөн элэгний С вирусийн эмийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байна. Цаашид Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээг даатгалын сангаас  ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хөнгөлнө.

-Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгох эмийн хүртээмж санхүүжилтээс шалтгаалан тасалдах явдал бий. Энэ талаар авч байгаа арга хэмжээ юу байна вэ?

-“Эрүүл мэндийн даатгалын цахим систем”-ийг нэвтрүүлснээр эмийн сангуудаар 2-3 хоногт дуусдаг байсан эм хүрэлцээтэй  болсон. Үүнээс гадна бүх өрхийн эмнэлгүүдээс бичигдэж байгаа жор, хөнгөлттэй жороор үйлчилсэн эмийн сангийн талаарх мэдээлэл, үйлчлүүлсэн иргэний нас, хүйс, овог нэр болон бусад бүх мэдээллийг харах боломжтой болсноор шаардлагагүй эмийн жор бичигдэхгүй болж, иргэд эмийг нөөцлөхгүйгээр сар болгон бичүүлж авдаг болсноор эмийн хүртээмж хангалттай болсон гэж хэлмээр байна.

-Эх, хүүхдийн эндэгдэл өмнөх онуудаас буурч байгаа ч гэсэн сэргийлж болох эндэгдэл  байсаар  л байгаа. Ялангуяа хөдөө орон нутагт эндэгдэл  гарсаар байгаа гэх шүүмжлэл байдаг?

 -Эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах нь хүн амын тогтвортой өсөлтийг хангах, амьдралын чанарыг дээшлүүлэх, улс үндэстэн тогтвортой хөгжих үндсэн баталгааны нэг. Эх, хүүхдийн эндэглийг бууруулах олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа боловч эх, хүүхдийн өвчлөл, эндэгдэл тогтвортой буурахгүй, зарим бүс нутаг, аймагт эх, хүүхдийн эндэгдлийн харьцаа өндөр байгаа нь үнэн. 2016 оны эхийн эндэгдлийн шалтгаанд дүн шинжилгээ хийхэд эх барихын шууд эндэгдлийн 22 тохиолдол буюу 57.9 хувь, шууд бус эндэгдэл 16 тохиолдол буюу 42.1  хувийг эзэлж байв. Амьсгалын замын эмгэг болох вирус-бактерийн гаралтай уушгины хатгалгаа,  H1N1 уушгины хатгалгаагаар хоёр эх эндсэн.

Сүүлийн жилүүдэд эх барихын бус шалтгаант эндэгдэл нэмэгдэж, цусны эргэлтийн тогтолцооны эмгэг 21.8 хувь, тархи, мэдрэлийн эмгэг 20 хувь, элэгний эмгэг 14.5 хувийг эзэлж байна. Хөдөөд, ялангуяа алслагдсан бүс нутагт амьдарч буй болон ядуу амьдралтай өрхийн эх, хүүхдийн эрүүл мэндийн эрхүүд хамгийн ихээр зөрчигдөж, тэд сэргийлж болох өвчлөл, эндэгдэлд өртөх хамгийн өндөр эрсдэлтэй байгаа тул тэгш бус байдлыг арилгах чиглэлээр анхаарч ажиллаж байгаа.

  Тэдэнд эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг ойртуулж, ялангуяа эмзэг бүлгийн хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулах зорилгоор “Эрүүл мэндийн мобайл технологийг өргөжүүлэх нь” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Уг төсөл нь нийтдээ Монгол Улсын 14 аймгийн 14 сум, долоон дүүргийн мөн долоон хороонд хэрэгжиж байна.

-Нэгдүгээр эмнэлэгт өнгөрсөн сарын 21, 23-нд зүрхний мэс засал хийлгэсэн хоёр өвчтөн нас барсан тухай  мэдээлэл гарсан. Энэ асуудалд яамны зүгээс хяналт шалгалт хийгдсэн болов уу?

-УНТЭ-ийн Ерөнхий захирлын энэ оны тавдугаар сарын 18-ны өдрийн тушаалаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, АНУ-ын Ютагийн их сургуулийн зүрхний мэс заслын баг /Багийн ахлагч Д.Очирбат, нийт 41 хүний бүрэлдэхүүнтэй/ хамтран өнгөрөгч сарын 21-22-ны өдрүүдэд “Гол судасны хавхлагын нарийсал” оноштойгоор зүрхний хавхлага солих мэс засал, “Төрөлхийн тосгуур хоорондын таславчийн гажиг” оноштойгоор тосгуур хоорондын таславчийн цоорхойг нөхөх мэс засал хийсэн.

Мэс заслын үед болон мэс заслын дараа хоёр өвчтөн нас барсанд гүн эмгэнэл илэрхийлж байна. Дээрх асуудлаар миний бие тушаал гарган нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг шуурхай ажиллаж, мэргэжлийн дүгнэлт гаргасан. Ажлын хэсгийн мэргэжлийн дүгнэлтийг яамны удирдлагууд, сайдын зөвлөлийн ээлжит бус хурлаар тус тус хэлэлцүүлсэн. 

-Хан-Уул дүүрэгт барих 300 ортой IV амаржих газрын барилгын ажил 2010 онд эхэлсэн ч санхүүжилтээс шалтгаалан царцсан. Мөн Түлэнхийн төв, Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн царцсан барилгууд хэзээ ашиглалтад орох вэ?

-Нийслэлийн Хан-Уул дүүрэгт баригдах 300 ортой төрөх эмнэлгийн барилга угсралтын ажлыг дуусгахад нэмэлт санхүүжилт шаардлагатай болсны улмаас 2013 оны  наймдугаар сард барилгын ажил зогсоосон байдаг. Тухайн үед гэрээ байгуулсан барилгын компанийн гэрээг цуцлан дахин гүйцэтгэгч сонгон шалгаруулж барилга угсралтын ажлыг  эхлүүлсэн.2019 оны 4-р улиралд ашиглалтад орно.  

Мөн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн барилга, тоног төхөөрөмжид 8 сая долларын санхүүжилт хийгдэхээр болсон. Үүнээс 6.2 сая ам.долларыг барилга угсралтын ажил,1.8 сая ам.долларыг тоног төхөөрөмжийг санхүүжүүлнэ. Энэ оны 3-р улиралд Түлэнхийн төвийн барилгын ажил дуусна.  Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг ирэх оны нэгдүгээр улиралд хүлээлгэж өгөхөөр эрчимтэй ажиллаж байгаа.

-Энэ оны нэгдүгээр сард  Донорын  тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн хэрэгжилт болон үр дүн хэр байгаа вэ?

-Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба”-ыг Эрүүл мэндийн хөгжлийн төвд зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Хуулийг дагалдан гарах журмуудыг боловсруулан, хэлэлцүүлж, батлуулахаар ажиллаж байна. Монгол Улс 1996 онд бөөр, 2011 онд элэг, 2014 онд ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж нутагшуулснаар энэ  оны тавдугаар сарын 15-ны байдлаар нийт 158 бөөр, 51 элэг, 10 ясны чөмөг шилжүүлэн суулгаад байна.

ШИНЭ МЭДЭЭ