МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Аж ахуйн нэгжид ашигтай хууль
2018.06.26
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Аж ахуйн нэгжид ашигтай хууль

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Татварын багц хуулиар  байр суурийг нь сонирхлоо.

-Татварын багц хуулийн шинэчлэл, нэмэлт өөрчлөлтийг хийх нь зөв үү. Та үүнийг дэмжиж байгаа юу?

-Татварын багц хууль улсын хэмжээнд хэрэгжээд 11 жил болсон байна. Энэ хугацаанд дэлхий нийт глобалчлагдаж, эдийн засагт томоохон өөрчлөлт гарсан. Эдийн засагт  хамгийн их гол нөлөөтэй зүйл нь татварын бодлого байдаг. Тиймээс арав гаруй жил үйлчилсэн татварын хуулийг өөрчлөх цаг нь болсон. Үүнтэй би санал нэг байгаа. Энэ удаагийн шинэчлэлээр Татварын ерөнхий хуульд, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт, хувь хүний орлогын албан татварт  өөрчлөлт оруулна. Ийм гурван хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан байна. Татварын ерөнхий хууль, хувь хүний орлогын албан татварын хуулийг хэлэлцэхийг УИХ-аас зөвшөөрсөн. Аж ахуйн нэгжийн орлогын татварын хуулийн хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт УИХ-аас шийдэгдэнэ. Хуулиудтай холбоотой ажлын хэсэг УИХ-аас гарна. Татварын багц хуулийг ирэх намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байгаа.

-Аж ахуйн нэгж, байгууллагуудыг хэрхэн дэмжиж байгаа вэ. Татварын дарамтаас болоод олон аж ахуйн нэгж хаалгаа барьдаг байдлыг энэ хуулиар өөрчилж чадах уу?

-Татвар бол эдийн засгийг зохицуулна. Өнөөдрийн байдлаар уул уурхайн компаниудаас бусдад нь өндөр татвар ногдуулах боломж муу байна. Тиймээс өөрчлөлт орж байгаа юм. Хуучин гурван тэрбум төгрөг хүртэл ногдох аж ахуй нэгжийн  орлого 10 хувь байсан. Одоо босгыг нь нэг дахин өсгөөд зургаан тэрбум болгосон. Харин зургаагаас дээш бол 25 хувийн татвар ногдуулна. 1.5 тэрбумаас доогуур борлуулалттай аж ахуйн нэгжид нэг хувийн татвар оногдоно гэх мэтээр олон өөрчлөлтүүд орно.

-Хамгийн гол нь хувийн хэвшил аж ахуйн нэгжээ дэмжиж байгаа юм уу?

-Дэмжиж байгаа. 1.5 тэрбум төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгж нэг хувийн татвар төлнө. Өөрөөр хэлбэл, 1.5 тэрбумын борлуулалт хийгээд, 100 сая төгрөгийн ашигтай ажилласан гэвэл сая төгрөг төлөх юм. Энэ бол маш том өөрчлөлт. Ийм өөрчлөлт  тэр бүр улсад байдаггүй. Тиймээс хуулийн төслийг ирэх намар батлах юм.

-Татварын багц хуулиар Оюу толгой компанийг татвараас  хөнгөлсөн. Гаднын компани, хөрөнгө оруулалтыг дэмжсэн хуулийн төсөл байна гэх мэтээр шүүмжлэл гараад байна?

-Оюу толгой компанитай ямар ч асуудал байхгүй. Оюу толгойтой нэгдүгээрт тогтвортой байдлын гэрээтэй. Дараа нь Монголд үйлчилж буй татварын хүрээнд татвараа төлөөд явж байгаа шүү дээ. Оюу толгойг тусад нь авч үзэх ямар ч шаардлага байхгүй. Оюу толгой бол Монголын нэг аж ахуй нэгж. Тиймээс татвараа төлөөд л явах ёстой. Ямар ч асуудалгүй.

-Татварын хуулийн гол өөрчлөлт юу юм бэ?

-Энэ бол маш сайн хууль. Аж ахуйн нэгжид ашигтай хууль. 50 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд ганцхан удаа баланс гаргана гэх мэтээр яриад байвал хуулийн төсөлд олон зүйл бий.

-Хуульд татварын өршөөл үзүүлэх асуудал байгаа юу?

-Өршөөл үзүүлэх асуудал байхгүй. Өршөөлийг 2015 онд үзүүлсэн. Жил бололгүй өршөөл үзүүлээд байх юм бол улс хэцүүднэ. Нэг хувийн татвар төлж байхад дээрээс нь өршөөл үзүүлнэ гэсэн зүйл байхгүй. Аж ахуйн нэгжийн 90 орчим хувь нь үүнд хамаардаг. Арваадхан   хувь нь түүнээс дээш татвар төлж байгаа.

Сэтгүүлч Б.Пүрэвжав

ШИНЭ МЭДЭЭ