Оюутолгойд 150 сая ам.доллар байтугай зөрчил байна гэв
2018.06.26
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Оюутолгойд 150 сая ам.доллар байтугай зөрчил байна гэв

Оюутолгой ордыг ашиглах, Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг мэдээлэл хийж байна. 

УИХ-ын даргын 2018 оны 57-р захирамжаар байгуулагдсан Оюутолгойн ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий л ажлын хэсэг байгуулагдсан. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан 13 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласан байна. 

Шалгах ажлын цар хүрээнээс хамаарч Оюутолгой төслийн үйл ажиллагаатай танилцах, хяналт шалгалт хийхэд 5 дэд ажлын хэсэг байгуулж, түүнийг 5 яамны Төрийн нарийн бичгийн дарга нар ахлан төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллага, шинжээчид, улс төрийн зарим нам, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд татан оролцуулж, мэргэжлийн баг үүсгэн ажлын хэсэгт мэргэжлийн дэмжлэг үзүүлжээ.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

"УИХ-ын ажлын хэсэг Оюутолгой компаний удирдлагатай ажлын байранд уулзалт хийж, УИХ-аас хийх шалгалтын зорилго, чиглэл, удирдамжийг танилцуулж, шалгалтанд шаардлагатай байгаа холбогдох материалыг шуурхай гаргаж өгөх, ажлын хэсгийн гишүүдийн ажиллах боломж бололцоогоор хангах, үйлдвэрлэлийн үйл явцтай газар дээр нь очиж танилцуулах зэрэг хүсэлтийг тавьж хамтран шийдвэрлэж ажилласан.

УИХ-ын ажлын хэсгийн зорилго нь Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргахад чиглэгдэж байгаа тул иргэдийн санал хүсэлт, мэдээллийг хүлээн авч уг төслийг Монгол Улсад хэрхэн үр өгөөжтэй байх талаар иргэдийн хүлээлтэд бодит хариу өгөхийг зорьж байна. ЗГХЭГ, "Эрдэнэс Монгол" ХХК-иас "Оюутолгой"-той холбоотой мэдээллийг танилцуулсан. УИХ-ын ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүдээс нийтдээ 1500 гаруй хуудас бүхий танилцуулга бүхий судалгааны материалыг бид хүлээж авсан. Өнөөдрөөс ажлын хэсгийн гишүүд, УИХ-ын гишүүд материалтай танилцаж эхэлж байна.

Эдгээр материалыг судалж, нэгдсэн танилцуулга, санал дүгнэлтийг гишүүд гаргаж, УИХ-ын удирдлага, Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар зорьж ажиллаж байна.

Одоогоор 3 асуудал хүлээгдэж байна. Нэгдүгээрт, АТГ-аас шалгаж байгаа шалгалтын материалтай танилцах хүсэлт гаргахад шалгаж дуусаагүй байна гэсэн хариу өгсөн. Хоёрдугаарт, Аудитаас хийж байгаа шалгалтын материалтай бас танилцах дутуу. Гуравдугаарт, Засгийн газраас хийж байгаа шалгалт дууссан учир 10 хоногийн өмнө Засгийн газарт бичиг өгсөн. Одоогийн байдлаар материалууд арай ирээгүй байна. Ингэж байж ард түмний хүлээж байгаа хүлээлт, Монгол

Улсын язгуур эрх ашигтай холбоотой асуудлыг чамбай шалгана.

Бид хагас бүтэнсайнгүй, өдөр шөнөгүй ажиллаж эхний удаа 5 ажлын хэсгийн дүгнэлтүүдийг гаргалаа. Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороонд УИХ-ын чуулганыг энэ долоо хоногт завсарлалгүйгээр сунгах эсвэл ээлжит бус чуулган хуралдуулан саналаа хэлсэн."

Үүний дараа сэтгүүлчид асуулт асуулаа.

-Ажлын хэсгүүд одоогоор ямар дүгнэлт гаргасан байгаа вэ? Эхний байдлаар ямар ямар гэрээнд зөрчил гарч ирсэн бэ гэдэг дээр урьдчилсан таамаг байгаа юу?

-Ажлын хэсэг болгон дээр дүгнэлтүүд гарсан. Зарим нь давхцаж гарсан. Энэ болгоныг цэгцлэхээр ажиллаж байна. Эрчим хүчний тухайд эхлээд хөрөнгө оруулалтын гэрээн дээрээ эрчим хүчний асуудлаа Монголдоо шийдэх ёстой гэсэн мөртлөө одоог хүртэл эрчим хүчнийхээ станцыг Оюутолгой дээр үү, Тавантолгой дээр үү гэдэг байршлаа хүртэл тогтоож чадаагүй байна.

УИХ бүх материалтай танилцсан. Хэдэн материал дутуу байгаа. Төрийн байгууллагуудын гаргасан дүгнэлт биш УИХ-аас гаргасан ажлын хэсэг өөрөө  зангидаж эцсийн шийдвэр гаргадаг учраас байгууллагуудынхаа шалгалтын дүнг үзэж тодорхой чиглэл өгөх үүднээс тэдгээр материалуудыг харж байна.

-Татварын акт дээр маргаан үүсээд байгаа. Энэ тал дээр ямар дүгнэлт гарсан бэ?

-Одоогоор бидэнд ирсэн материалуудаас харахад татвар зөрчилтэй гарсан. 150 сая долларын асуудал яригдаж байна. Тэр байтугай гарах учраас нийт дүнгээ харж байгаад эцсийн дүгнэлтээ хэлэх нь зөв. Одоогийн материал дээр харахад тэд татвар төлөх ёстой гэсэн ерөнхий дүгнэлттэй байна.

-Ажлын хэсгийн ахлагчийн хувьд газар дээр нь очсон байна. Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш тэнд 1 барилга, байшин нэмэгдэж баригдсан уу? Нүүдлийн байдлаар ажиллаж байна гэсэн шүүмжлэл байна. Ханбогдод дэд бүтэц, зам барилга, бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байна уу?

-Тэр том бүтээн байгуулалтын дэргэд яагаад одоог хүртэл цахилгаан станц байхгүй, Хятадаас цахилгаанаа авч байна, кампус байдлаар амьдарч байгааг гайхаж байна. Өмнийн говийн зөвлөлийг Засгийн газар байгуулсан боловч шахаж шаардаж ажиллуулаагүй. Энэ зөвлөлийг Улсын хэмжээнд ажиллуулж чадахгүй, шахаж чадахгүй, нутаг орны иргэдийн сайн сайхны төлөө ажиллаагүй. Энэ дүгнэлтийг аж бүрнээр гаргана.

-УИХ-аар ААНОАТ-ын хууль хэлэлцэгдэж байна. Үүн дээр татварын хөнгөлөлт эдлүүлэх томоохон ААН-үүд, тэр дундаа Оюутолгойд хөнгөлөлтийн заалтууд орж байна. Энэ тал дээр ажлын хэсэг ямар мэдээлэл байна вэ?

-2006-2016 он хүртэл судалгаа хийхэд цагаан сар, шинэ жил, наадмын өмнө ашиг сонирхлын зөрчилтэй 200-аад хуульд өөрчлөлт оруулсан байдаг. Татварын хууль, ашигт малтмалтай холбоотой хуулийг завсарлахын өмнө ингэж хийдэг. Үүнийг тодорхой гишүүд эсэргүүцэж байгаа. Бүлгийн хуралдаанаас сонсоход томоохон орд газруудын татварын 20 хувийг 5 хувь болгодгийг болиулж, хэвээр үлдээнэ гэсэн шийдвэртэй байна. Засгийн газраас шинэ хууль оруулж ирсэн учраас энэ хууль дээр маш сайн ажиллах шаардлагатай.

-Цахилгаан станцын асуудлаар хөрөнгө оруулагчдын зүгээс ямар нэгэн салан ирсэн үү? Ажлын хэсэг ямар байр суурьтай байна?

-Шинэ удирдлагатай нь илэн далангүй ярьсан. Шинэ ирсэн захирал нь цахилгаан станц бол хамгийн түрүүнд хийх ёстой асуудал гэж бидний саналыг хүлээж авсан. Дэлхийн хамгийн том нүүрсний орд Өмнийн говийн нутагт байна. Хамгийн чухал хэрэглэгч нь Оюутолгой байхад яагаад цахилгаан станцын асуудлыг хойшлуулдаг юм бэ гэж асуухад барих сонирхол байна, та нар дэмжиж өгөөрэй гэж байсан. Үүнийг хаана барихыг яаралтай шийдэх ёстой. Засгийн газар өөрөө шийдээд явах ёстой.

УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ:

"2008 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ яригдаж эхлэх үеэс шүүмжлэлтэй байр суурьтай байсан. Тухайн үе эрх барьж байсан хүмүүс буруу талаар будаа тээлгэсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. 10 жилийн дараа бидний шүүмжилж байсан зүйлс гарч ирж байна. УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг өргөн хүрээнд сайн ажиллаж байна.

Монгол Улсын хувьд үр өгөөж нь ямар байгааг тодорхой болгох ёстой. Өмнө нь хийсэн шалгалтаар алдагдал, зардлын хэтрэлт, томоохон зөрчил дутагдал нийтдээ 2 тэрбум орчим долларын зөрчил дутагдал байна гэдгийг тодорхой болгож байсан. Өнөөдөр ч мөн нарийвчлан шалгахад өмнөх дутагдлууд тодорхой болж байна. Бидний эсэргүүцэж байхад 71 хувийн ашиг Монголын талд оногдоно гэж сурталчилгаа явуулж байсан.

Гэтэл 10 жилийн дараа эсрэгээрээ Монголчууд 34 хувийг нь өндөр хүүтэй зээлээр хөрөнгө оруулж авч байна.

Энэ ажлын хэсэг тодорхой чиглэл гаргана. Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, УИХ-д суудалгүй намуудад өргөн оруулсан. Тухайн үед шүүмжлэлтэй байр суурьтай байсан эрдэмтдийг мөн оруулсан. Энэ ажлын хэсэгт хэн нэгнийu орхиулсан зүйл байхгүй. Хамгийн гол нь бодитой дүгнэлт гаргах ёстой. Монгол Улсад ашиггүй, үр өгөөж нь жилээс жилд буурахаар байна. Хэрвээ буруу байвал би босоод ард түмнээсээ уучлалт гуйна."

ШИНЭ МЭДЭЭ