СХД-ийн үйлдвэрлэгчид БНХАУ-ын Хайлаар хотод бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой боллоо
2018.07.03
Орон нутгийн хөгжил

СХД-ийн үйлдвэрлэгчид БНХАУ-ын Хайлаар хотод бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой боллоо

БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотод байрлах “Монгол Брэнд-Монгол Чанар” СХД-т үйлдвэрлэв худалдааны төвийг Сонгинохайрхан дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд танилцуулах уулзалт өнөөдөр Корпорейт Конвеншн Центр-т  зохион байгуулагдлаа.

“Монгол Брэнд-Монгол Чанар” СХД-т үйлдвэрлэв худалдааны төвийн танилцуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Сонгинохайрханы нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Х.Нямбаатар, Хайлаар хотын “Гоёо Монгол” ХК-ий захирал Ү.Гэрэлээ, СХД-ийн засаг дарга Ж.Сандагсүрэн болон Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл  оролцлоо.

УИХ-ын гишүүн, Сонгинохайрханы нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Х.Нямбаатарын санаачлагаар Сонгинохайрхан дүүргийн үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих,тэдний бүтээгдэхүүн үйлчилгээг гадаад зах зээлд сурталчлан таниулах, дэмжин урамшуулах зорилгоор БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотын худалдааны төв гудамжинд байрлах “Long Feng Building” их дэлгүүрт “Монгол Брэнд-Монгол Чанар” СХД-т үйлвэрлэв нэртэй 2400 мкв худалдааны талбайг байнгын борлуулалтын цэг болгон ашиглах гэрээг байгуулжээ.

“Монгол Брэнд-Монгол Чанар”Худалдааны төвийн танилцуулах уулзалтыг нээж УИХ-ын гишүүн Сонгинохайрханы нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо тэргүүн Х.Нямбаатар үг хэллээ.

Тэрбээр “Сонгинохайрханы нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо өдрөөс өдөрт өөрсдийнхөө гишүүдийн тоог өргөтгөн тэлж өрхийн бүрдүүлэгчээс, үйлдвэрлэгч болох зорилго тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд бид өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг зах зээл дахь борлуулалтыг нэмэгдүүлэх чиглэлийг судалсны эцэст БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотод бараа бүтээгдэхүүнийг байнгын үйл ажиллагаатай борлуулах дэлгүүр нээх зүйтэй юм гэсэн шийдэлд хүрсэн. Миний бие Сонгинохайрхан дүүргийн төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байх үеэс эхэлж Хайлаар хотын Засгийн газартай хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулж, Сонгинохайрхан дүүргийн үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг гурван улсын үзэсгэлэн худалдаанд оролцуулах ажлыг зохион байгуулсан. Хайлаар хот зүүн хойд хятадын аялал жуулчлалын томоохон төв, тал нутгийн сувд хэмээн нэрлэгдсэн аялал жуулчлал хөгжсөн хот юм.

Хайлар хотод зохион байгуулдаг гурван улсын үзэсгэлэн худалдаанд Сонгинохайрхан дүүргийн үйлдвэр эрхлэгчид сүүлийн 10 гаруй жил амжилттай оролцсон. Тэр ч утгаараа Хайлаар хотын худалдан авагч нар Сонгинохайрхан дүүргийн үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний чанарыг ихэд таашаан худалдан авдаг болсон. Тиймээс Хайлаар хотод Сонгинохайрхан дүүргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Хятад улсын  хэрэглэгчдэд жилийн дөрвөн улиралд худалдах боломжтой дэлгүүрийг нээсэн. “Монгол Брэнд-Монгол Чанар” СХД-т үйлдвэрлэв худалдааны төвтэй “Гоёо Монгол” ХК албан ёсоор хамтран ажиллахаар болсон.

Хайлаар хотын төвд байрлах Лүмбэн  их дэлгүүрийн 5-6 давхрын 2400 м2 талбайд зөвхөн манай Сонгинохайрхан дүүргийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн худалдаалах гэрээ байгуулсан. Бид худалдааныхаа нөхцөлийг илүү боловсронгуй болгохын тулд бүх үйлдвэрлэгчдийн бараа  бүтээгдэхүүнийг бар кодтой болгох, онлайн бар кодоор бараа бүтээгдэхүүнийхээ худалдан борлуулалтыг хянах, төлбөр тооцоогоо түргэн шуурхай хийх боломжийг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулж байгаагаа  дуулгахад таатай байна” гэдгийг онцлон хэллээ.

 

Сонгинохайрхан дүүргийн үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний БНХАУ дахь албан ёсны төлөөлөгчөөр  “Гоёо Монгол” ХК ажиллаж байгаа бол Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр Сонгинохайрханы нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо хариуцан ажиллах байгаа юм.

СХД-ийн үйлдвэрлэгчдэд Хайлаар хотоос гадна Дорнод аймгийн Алтан эмээлт дэх хилийн чөлөөт бүсийн худалдааны төвд  өөрсдийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах боломжийг бүрдүүлэн өгчээ.

Ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн Дорнод аймгийн Алтан эмээлт дэх хилийн чөлөөт бүсэд худалдаа эрхлэх худалдаачдын бараа, бүтээгдэхүүн 8000 юань-аас дотогш байвал гаалийн тарифаас бүрэн бүрэн чөлөөлөхөөр болсон байна.

Одоогоор БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотын худалдааны төв гудамжинд байрлах “Long Feng Building” их дэлгүүрийн 1200 мкв-д Сонгинохайрхан дүүргийн үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн худалдан борлуулагдаж байгаа юм аж.

Худалдааны төвийг танилцуулах уулзалтанд Сонгинохайрхан дүүргийн үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргасан юм.

Энэ үеэр зарим  үйлдвэрлэгчдийн  санал бодлыг нь сонслоо.

-СХД-ийн 15 хороонд үйлдвэрлэл эрхлэгч Уран урлал холбооны захирал Д.Цэрэндолгор:Манайх 2007 оноос эрхлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Хөлөнбуйр аймгийн Хайлаар хотын худалдааны төвд бүтээгдэхүүнээ их хэмжээгээр экспортлох бүрэн боломжтой.Үйлдвэрлэл явуулдаг цехтэй. Анхандаа өрхийн үйлдвэрлэлийн чиглэлээр гэртээ нөхөртэйгөө хамт ажилладаг байсан. Манайх бүтээгдэхүүнээ голдуу аялал жуулчлалын компани, хувь хүний захиалгаар хийдэг.

Монгол арьс ашиглаж бүтээгдэхүүнээ урладаг. Голдуу Дархан нэхий, болон дотооддоо арьс шүр үйлдвэрлэдэг газруудаас арьсаа авдаг. Үнийн хувьд арьс нь тэлээ 15000-25000, цүнх-50000-150000 төгрөгөөр худалдаалдаг.

-СХД-ийн 8-р хороонд хувиараа хөдөлмөр эрхлэгч Ж.Мөнхтулга:

Энэхүү эсгийн хөөмөл  сувенир үнийн хувьд жаазгүйгээр 750000 мянган төгрөгөөр худалдаалж байгаа. Найзтайгаа эхэлж эсгийн хөөмөл сувенер хийж эхлээд гурван сар болж  байна. Эсгийн хөөмөл сувенир хийхэд ажиллагаа их шаарддаг учраас нэг эсгийн сувенер долоо хоногийн дотор бэлэн болдог. Хайлаар хотод экспортлоход боломжгүй зүйл биш, боломжтой гэж харж байна. Одоогоор гадуур худалдаагүй захиалгын дагуу хийж борлуулж байна.

-СХД-ийн 4-р хороонд үйлдвэрлэл эрхлэгч Тэгш Буянтын хүрээ констракшн ХК-ний захирал Б.Бат-Эрдэнэ:

 Хүүхдийн модон ном, хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх оньсон тоглоом зэргийг хийдэг. Одоогоор ухаалаг тавилга хийж байгаа. Сүүлийн үед баригдаж байгаа  орон сууцны мкв бага болсон тийм учраас тэрэнд нь тааруулаад эвхдэг ширээ, сандал зэргийг үйлдвэрлэж байна.  Манай бүтээгдэхүүнүүдээс сүүлийн үед  их хэмжээгээр хувцас хатаагч борлуулагдаж байна. Хувцас хатаагчийн хувьд 12 төрлийн загвараар  хийгдэж байгаа.

 

Сэтгүүлч Г.Нараа

ШИНЭ МЭДЭЭ