Хүний эрхийг хамгаалах Эмнести интернэшнлээс Вэйсел Акчайгн талаар мэдэгдэл гаргалаа
2018.07.30
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хүний эрхийг хамгаалах Эмнести интернэшнлээс Вэйсел Акчайгн талаар мэдэгдэл гаргалаа

Монгол Туркийн хамтарсан Улаанбаатар Эмпати сургуулийн захирал, Турк Улсын иргэн Вэйсел Акчайг 2018 оны 7-р сарын 27-ны өдөр 9 цаг 30 минутын орчимд үл мэдэгдэх хүмүүс гэрийн гаднаас нь хүч хэрэглэн авч явсан нь хүний эрх, эрх чөлөөнд халдсан явдал хэмээн Монголын Эмнести Интернэшнл буруушааж байна.   

Монгол Улс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенцид нэгдэн орж, дотоодын хууль тогтоомждоо эрүүдэн шүүхээс ангид байх, халдашгүй  байх эрхийг баталгаажуулж өгсөн. Үүнд Эрүүгийн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.7-ийн 3 дахь хэсэгт “тухайн улсын хуульд зааснаар цаазаар авах ял оногдуулах, эрүү шүүлт тулгах хангалттай үндэслэл байгаа тохиолдолд гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг тухайн улсад гэмт хэрэгт мөрдөн шалгуулах, ял шийтгүүлэхээр шилжүүлэн өгөхгүй” хэмээн тодорхой заасан.

Хүний эрхийн олон улсын хэм хэмжээний дагуу эрүүдэн шүүх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, шударгаар шүүлгэх эрх нь хэдийд ч түдгэлзүүлэх буюу хязгаарлах ёсгүй эрх юм.

Одоогоос 2 жилийн өмнө буюу 2016 оны 7-р сард Турк улсад төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын дараа онц байдал зарлаж, хүний эрхийн хамгаалагч, сэтгүүлч, иргэний нийгэм, улс төрийн сөрөг хүчнийхнийг баривчлан, эрүүдэн шүүж, зүй бус харьцан хорьж байгааг олон улсын хүний эрхийн байгууллагууд буруушаасаар байна. 

Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалан, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн дээдэлж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг, дотоодын хууль тогтоомжоо хэрэгжүүлэн Монгол Туркийн хамтарсан Улаанбаатар Эмпати сургуулийн захирал, Турк улсын иргэн Вэйсал Акчайг хүч хэрэглэн авч явсан балмад үйлдлийг шалган тогтоож, буруутай этгээдэд хариуцлага тооцох, цаашид Вэйсал Акчайг Турк улсад шилжүүлэн өгөхгүй байх үүргээ хэрэгжүүлнэ гэж найдаж байна. 

ШИНЭ МЭДЭЭ