МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ОХУ-ын Хабаровскийн хязгаарын думын даргыг хүлээн авч уулзав
2018.08.03
Гадаад харилцаа

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ОХУ-ын Хабаровскийн хязгаарын думын даргыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан өнөөдөр (2018.08.03) ОХУ-ын Хабаровскийн хязгаарын думын дарга Луговской Сергей Леонидович тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордноо хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад манай улсад зохион байгуулагдаж буй Зүүн хойд Азийн бүс нутгийн хурлын дарга нарын 9 дэх удаагийн форумд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв.

Уулзалтаар талууд хоёр улсын хамтын ажиллагаа, тэрдундаа Улаанбаатар хот, Хабаровскийн хязгаарын мужийн харилцааг өргөжүүлэх чиглэлээр ярилцаж, санал солилцсон юм. ОХУ-ын Хабаровскийн хязгаар нь тус улсын Алс Дорнодын эдийн засгийн бүсэд багтдаг бөгөөд нефть, түлш, эрчим хүч, төмөрлөгийн үйлдвэр, газар тарилан, загас, ойн аж ахуйн үйлдвэрлэл хөгжсөн муж юм.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, “Бидний өмнө ярьж байсан ажлууд эхнээсээ бодит ажил хэрэг болж байгааг дуулгахад таатай байна. Тухайлбал, өнгөрөгч зургаадугаар сард болсон “Монгол-Оросын санаачлага-2018” форумын Ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажилласан бөгөөд энэ үеэр  хоёр улсын хооронд 25 жилийн хугацаатай төмөр замын тарифын хөнгөлөлтийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ бол бидний хувьд том боломж гэж харж байгаа. Түүнчлэн усны эх, ойн санг хамгаалах асуудлыг хөндөж байсан. Амар мөрний эх манай улсад байдаг учраас шинжлэх ухааны байгууллагууд хамтран ажиллахаар тохирч, анхны уулзалтуудаа хийлээ. Монгол Улсын ойн нөөц бага тул модны хэрэглээ, нөөцийг хамгаалах асуудлаар Хабаровскийн туршлагыг судлах, хамтран ажиллахаар төлөвлөсөн ажлууд нааштай байгаад сэтгэл хангалуун байна” гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гаргахын тулд хоёр улсын төр, хувийн хэвшлийн болон хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах сувгийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хоёр талаас тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэхийн чухлыг онцолсон юм.

Ирэх есдүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдах “Орос-Монголын хамтын ажиллагаа-2018” форумд мах махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, загасан бүтээгдэхүүн, модон материал, нефтийн чиглэлээр  Хабаровскийн бизнес эрхлэгчдийг оролцуулах, хоёр улсын бизнес эрхлэгчдийг уулзлуулж, холбох боломжтойг дурьдав. Мөн Монгол Улсын транзит тээврийн ачааг яваандаа Алс Дорнодоор дамждаг болгоход анхаарлаа хандуулахыг хүсэв.  

ОХУ-ын Хабаровскийн хязгаарын думын дарга Луговской Сергей Леонидович цаг гарган, найрсаг дотноор хүлээн авч уулзсанд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд талархал илэрхийлээд ОХУ-ын төр, засгийн зүгээс Орос, Монголын харилцааны хөгжилд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэсэн юм.

Тэрээр худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэг, залуучууд солилцоо, жижиг, дунд үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн чухлыг онцлоод бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

ШИНЭ МЭДЭЭ