МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Сарангэрэл: Хүүхдийн шүдийг төлбөргүй эмчлэх ажлыг хувийн эмнэлгээр хийлгэнэ
2018.08.27
Эрүүл мэнд

Д.Сарангэрэл: Хүүхдийн шүдийг төлбөргүй эмчлэх ажлыг хувийн эмнэлгээр хийлгэнэ

Засгийн газраас “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг энэ сарын 15-нд баталсан. Үүний хүрээнд 2-12 насны хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэхээр болсон юм. Харин эцэг эхчүүд хүүхдүүдээ уг хөтөлбөрт хэрхэн хамруулах болон холбогдох зарим асуудлын хүрээнд Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛТЭЙ ярилцлаа.

-Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрийг баталсан. Юуны өмнө эцэг эхчүүд уг хөтөлбөрт хэрхэн хамрагдаж, хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэх талаар та мэдээлэл өгнө үү. Улсын эмнэлгүүд дангаараа үйлчилгээ үзүүлнэ гэвэл ачааллаа дийлэх үү?

-Засгийн газраас “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр баталсан. Ийм хөтөлбөртэй болох зайлшгүй шаардлага байгаа нь судалгаагаар нотлогдсон. Өөрөөр хэлбэл, манай улсад 18 хүртэлх насны нэг сая орчим хүүхэд бий. Эдгээр хүүхдийн шүдний эрүүл ахуй маш ноцтой байдалд буюу нийт хүүхдийн 84-96 хувь нь шүд цоорох өвчтэй байгааг тогтоосон. Гэтэл шүдний өвчлөл даамжраад 200-гаад өвчний суурь болдог.

Хэрвээ эмчлүүлэхгүйгээр удаан явбал чих, хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд болон амь насанд аюултай эрүү, нүүрний мэс засалд хүрдэг. Улмаар архагшиж, маш олон өвчний суурь болдог. Ийм учраас бид хүүхдийнхээ шүдийг онцгойлон анхаарах шаардлагатай байгаа юм. Яамны зүгээс ийм хөтөлбөрт боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулснаар дэмжиж баталж өгсөн. Хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөлөө. Нийт төсөвт өртөг нь 50 тэрбум төгрөг байхаар тооцсон.

Хөтөлбөрийн хүрээнд дөрвөн чиглэлийн ажил хийх юм. Үүнд мэдээж хүүхдүүдээ эмчлэхээс гадна тоног төхөөрөмжийн асуудал яригдаж таарна. Харин хамгийн гол нь мэдээлэл сурталчилгаа маш чухал гэдгийг онцолмоор байна. Өөрөөр хэлбэл, бид үргэлж хүүхдүүдийнхээ шүдний эмчилгээний зардлыг төрөөр даалгаад байх боломжгүй шүү дээ. Тиймээс амны хөндийн эрүүл ахуйг хэрхэн яаж сахих вэ, хүүхдийнхээ шүдийг өвчлүүлэхгүйгээр буюу яаж бүтэн шүдтэй байлгах вэ гэдэг мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулна.

-Хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчлэх ажлыг улсын эмнэлгүүд дангаараа хариуцана гэвэл ачааллаа дийлэхгүй болов уу. Хувийн эмнэлгүүдийг үүнд хамруулах боломж бий юү?

-18 хүртэлх насны хүүхдүүдийн дунд судалгаа явуулахад бүтэн шүдтэй хүүхэд 67.5 хувьтай л байна. Түүнчлэн нэг хүүхдэд л гэхэд 6-8 шүд ямар нэг өвчлөлтэй байх жишээний. Дүн мэдээ ийм байхад зөвхөн төрийн өмчийн эмнэлгүүддээ түшиглэж бүх хүүхдийн шүдийг эрүүлжүүлнэ гэвэл хүндрэлтэй. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд мянга гаруй шүдний эмч байна. Үүнээс 817 нь хувийн салбарт ажиллаж байна. Харин шүдний 403 хувийн эмнэлэг байдаг.

Тэгэхээр бидэнд бүтэц байна гэсэн үг. Тиймээс үүндээ түшиглэж, “Эрүүл хүүхэд-эрүүл шүд” хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилттой ажиллаж байна. Эс тэгвээс 330 сумын 218 өрхийн, аймгийн, төрөлжсөн болон дүүргийн бүх эмнэлгээ шүдний эмчээр хангах шаардлага гарна. Гэтэл энэ нь цаг хугацааны болон хөрөнгө мөнгөний хувьд боломжгүй асуудал. Шүдний эмчилгээ хийхэд шаардлагатай ганц ор гэхэд л 35-45 сая төгрөгийн үнэтэй байдаг. Өөрөөр хэлбэл, бид зөвхөн төрийн өмчийн эмнэлгүүддээ түшиглэж, хүүхдүүдийнхээ шүдийг эмчилж, эрүүлжүүлнэ гэвэл хамгийн багадаа шүдний 500 гаруй эмчийн шаардлага гарна. Дээрээс нь сувилагч болон дагалдах техник хэрэгсэл ч хэрэгтэй болж таарна. Тэгэхээр ийм өндөр ачааллыг улсын төсөв даахгүй. Тиймээс энэ хөтөлбөрийг хувийн эмнэлгүүддээ түшиглэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

-Ер нь шүдний эмчилгээг төрөөс даах нь хэр зохистой шийдвэр юм бэ. Хүүхдийн шүдийг эрүүл байлгах нь төрийн хариуцах ажил мөн үү?

-Дэлхийн өндөр хөгжилтэй улсуудад шүдний эмчилгээг хэзээ ч төрөөс хөнгөлөх буюу дааж байгаагүй. Учир нь, энэ бол хувь хүний хариуцлагын асуудал гэж үздэг. Нэг ёсондоо эзэн хүн өөрийн шүдээ хараад, арчлаад явах бүрэн боломжтой гэж үзэж байгаа хэрэг. Жишээлбэл, дотор эрхтэнээ бид харж чадахгүй учраас юу болж байгааг мэдэх боломжгүй бол шүдийг хараад, арчлаад явах бүрэн боломжтой шүү дээ. Гэхдээ бид дэлхийн жишиг ийм байдаг гээд орхисонгүй. Монголын нөхцөл өөр учраас энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санал нэгдсэн гэдгийг онцолъё.

Тухайлбал, эдийн засгийн нөхцөл хүнд, үүнээс улбаалаад ажилгүйдэл, ядуурал их байна. Өнөөдрийн байдлаар манай улсын хүн амын гуравны нэг нь ядуу байна. Гэтэл шүдээ эмчлүүлэх нь манай улсад хэчнээн өндөр өртөгтэйг та бид бүгд мэднэ. Хэрвээ бид энэ асуудлыг тоолгүй нүдээ аниад өнгөрвөл ирээдүйд архаг, суурь өвчтэй бүхэл бүтэн үеийг бий болгох аюултай. Тийм ч учраас ирээдүйд залууст учрах эрүүл мэндийн асуудалд төр анхаарч, олон улсын жишигт байдаггүй буюу стандарт бус шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Ингэснээр уг хөтөлбөрийг ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж эхлэхээр дөрвөн чиглэлээр бэлтгэл ханган ажиллаж байна. Ингэснээр 2022 он гэхэд үндсэндээ 2-12 насны хүүхдүүдийн шүдийг эрүүлжүүлэх зорилттой ажиллаж байна.

-Он гарангуут эцэг эхчүүд хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ. Мөн нэг хүүхэд хэчнээн төгрөгийн үйлчилгээ авах боломжтой байх вэ. Тодорхой лимит тогтоох болов уу?

-Ямартай ч Засгийн газраас хөтөлбөр баталсан. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаарх төлөвлөгөөг бид боловсруулж байна. Урьдчилсан байдлаар аймаг, дүүрэгт байгаа шүдний хувийн эмнэлгүүд тухайн орчныхоо сургууль, цэцэрлэгийг хариуцдаг байхаар ярилцаж байна. Энэ бол урьдчилсан төлөвлөгөө. Өнөөдрийн байдлаар шүдний эмчилгээний өртөг харилцан адилгүй байгаа. Тухайлбал, шүдний эмчилгээний сайн тоног төхөөрөмжтэй бол хүүхдийн шүдний цоорлоос хамаараад 50 хүртэлх мянган төгрөгөөр эмчилж байна. Гэтэл судалгааны дүнгээс үзэхэд нэг хүүхдэд 6-8 шүд цооролтой гэж үзвэл маш өндөр тоо гарна.

Тийм учраас бид шүдний хувийн эмнэлгүүдтэйгээ харилцан тохиролцож буюу гэрээ хийж ажиллах саналтай байгаа. Тэд ч нийгмийн хариуцлагынхаа хүрээнд биднийг дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна. Энэ бол нэг талдаа хүүхдүүдэд хөнгөлөлт үзүүлэх нөгөө талаас бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж гэж харах хэрэгтэй. Мэдээж хувийн эмнэлгүүд учраас тодорхой хэмжээний хөнгөлөлт чөлөөлөлт гэх мэтээр ойлголцоод явна. Бид хүүхдүүдийнхээ төлөө ийм байдлаар харилцан ойлголцож ажиллана.

-Нийслэлд бол тухайн дүүрэг хорооны хувийн эмнэлгүүдтэйгээ ойлголцоод явчих юм байна. Харин хөдөө орон нутгийн иргэд хүүхдийнхээ шүдийг хэрхэн эмчлүүлэх вэ. Орон нутагт хувийн байтугай улсын эмнэлэг ч цөөн шүү дээ?

-Одоогоор энэ мэт нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж байна. Гэхдээ орон нутагт, тэр дундаа сумдад хувийн эмнэлгүүд маань зөөврийн тоног төхөөрөмжөөр иргэдэд үйлчлэх бололцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. Учир нь энэ бол байнгын үйл ажиллагаа биш шүү дээ. Тийм учраас хөтөлбөрөө хэрэгжүүлж дуустал энэ мэт зохицуулалт хийж болно гэж харж байгаа.

Цаашдаа бидний том зорилго бол эхний ээлжид 18 хүртэлх насны хүүхдүүдийнхээ шүдний эрүүл мэндийг сахиулъя. Цаашлаад амны хөндийн эрүүл ахуйг сахих, шүдээ эрүүл байлгах дадал зуршлыг эцэг эхчүүд нь хүүхдүүддээ суулгаж өгөх, бий болгох зорилт тавьж, үндэсний хөтөлбөр баталсан юм шүү дээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд бидний төлөвлөж буй бас нэг ажил нь сургууль, цэцэрлэгт амны хөндийн эрүүл ахуйг сахих, шүдээ тогтмол угаах нөхцөл бололцоог бүрдүүлэх юм. Үүнд тодорхой төсөв хөрөнгө тусгахаар төлөвлөөд байна. Энэ тухайд сургууль, цэцэрлэгүүдийн дунд уралдаан зарлаж идэвхжүүлэлт хийж ажиллах юм.

Ганцхан жишээ татахад, Япон улсад хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ чихэр идсэн л бол шүдээ угаах орчин нь бүрдсэн байдаг. Тийм учраас гаднын улс орны сайн жишгийг нэвтрүүлнэ. Гэхдээ цаашдаа өвдсөн шүд бүрийг төрөөс үнэгүй эмчлээд байна гэхээс илүүтэй шүдээ өвчлүүлэхгүй, эрүүл саруул авч явах дадал хэвшлийг эцэг эхчүүд төдийгүй хүүхдүүдэд суулгах нь хамгийн том зорилго юм.

-Төсөвлөсөн 50 тэрбум төгрөг хүрэлцэх үү. Мэдээж тодорхой тооцоолол хийсэн болов уу. Хувийн эмнэлгүүдэд дэмжлэг үзүүлэхээс авахуулаад маш их хэмжээний хөрөнгө шаардаж таарах байх?

-Хувийн эмнэлгүүдтэйгээ харилцан ойлголцоно. Тухайлбал, тарифаа тохирно гэсэн үг л дээ. Түүнчлэн хүүхдийн шүдийг эмчилж байгаа хувийн эмнэлгүүдээ эрүүл мэндийн салбараас хэрхэн дэмжих вэ гэдгээ ярилцаж байна. Тун удахгүй тодорхой концепц бий болно. “Эрүүл хүүхэд-эрүүл шүд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн шүдний эмчилгээний зардалд жилдээ 10 тэрбум төгрөг зарцуулах төлөвлөгөөтэй байна.

Гэхдээ энэ бол урьдчилсан тооцоолол. Хөтөлбөрөө яг хэрэгжүүлээд эхлэх үед бүх төлөвлөгөөг бүрэн боловсруулаад иргэдэд тодорхой мэдээлэл өгөх болно. Хөрөнгийг ирэх оны төсөвт суулгаж байж хэрэгжүүлэх учраас хугацааг таван жил гэж тооцож байгаа юм.

М.ӨНӨРЖАРГАЛ

ШИНЭ МЭДЭЭ