МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Монголын хямрал зах зээлийн бус, улс төрөөс угшилтай
2018.09.03
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Монголын хямрал зах зээлийн бус, улс төрөөс угшилтай

УИX-ын гишүү н Б.Баттөмөртэй ярилцлаа.

-Эхний хагас жилийн статистик мэдээллийг харж байхад манай улсын эдийн засагт нааштай өөрчлөлт гарч байгаа гэжээ. Монгол Улс хямралаас гарч байна гэж ойлгож болох уу. Эдийн засагч хүний хувьд та энэ тал дээр тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Монголчууд бид ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэн 30 гаруй жилд хямрал дунд ажиллаж, амьдарсаар ирлээ. Бид хямралаас гараагүй. Ойрын жилүүдэд хямралаас гарах боломжгүй. Санхүүгийн хямрал Монголыг үргэлж дагана. Өрнөдийн ертөнцийг хямрал 600 жил дагаж байна гэж үздэг. Монголын хямрал зах зээлээс бус, улс төрөөс угшилтай. Монголын эдийн засаг дахь улс төрийн нөлөөллийг багасгаж, эдийн засгийг мэдлэгтэй удирдаж байж, хямралын нөлөөг багасгах тухай ярина. Хямралын шалтгаан нь Төрийн тогтолцооны алдаа, алдаатай бодлого, хөгжлийн бодлого төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналтгүй хөгжил, боловсон хүчний мэдлэг чадварын хомсдол, сахилга хариуцлагын тогтолцоогүй хөгжил гээд тоочвол маш олон. Төрийн апбанд түшмэдүүд нь хоноцын сэтгэлээр хандаж байгаа нь асуудлыг улам хүндрүүлж байна. Өнгөрсөн жилүүдэд эдийн засагт сэргэлтүүд гарч байсан. Тэр сэргэлтийг тогтвортой хөгжлийн суурь болгож чадаагүй нь харамсалтай. Одоо эдийн засагт сэргэлт илэрч байна.

-Яаж тэр вэ. Ард иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гаргах бол?

-Нэгэнт доройтсон эдийн засагт гарч буй бага сага өөрчлөлт, иргэдийн амьдралд сайн өөрчлөлт болж очтолоо удна. Яг одоо ямар ч ид шидтэн гарч ирээд гэв гэнэт амьдралыг огцом сайжруулчихна гэж байхгүй. Тэгж амлаж байгаа бол худал. Одоо гарч буй эерэг хандлага өөрчлөлтийг дунд, урт хугацаанд бэхжүүлж, төрийн зөв зохицуулалтуудыг хийж чадвал иргэдийн амьдралд бодит сайн өөрчлөлтүүд гарна. Төсвийн тэнцэл 2016 онд 1.1 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2017 онд 676.0 тэрбум болж буурсан.

Харин 2018 оны эхний хагас жилд орлого, зарлага нь тэнцэж 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Энэ Засгийн газар их том өр төлж байна. 2018 онд 3,8 их наяд төгрөгийн өр төлөхөөс эхний 7 сард 2,7 их наядыг төлсөн байна.Одоо үлдэж байгаа 5 сард 1,1 их наядыгтөлнө. Энэ их өрийг энэ засгийн газар тавиагүй нь ойлгомжтой. Татварын орлого өмнөх оны мөн үеэс 842.6 тэрбум төгрөгөөр өсчээ.

Төсвийн орлогын 80.4 хувийг татварын орлого бүрдүүлж, 6.8 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 2.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж байгааг чамлаж болохгүй. Нийгмийн даатгалын сангийн орлого 1.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 132.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Энэ бол хөдөлмөр эрхлэлт нэмэгдэж олон хүн, олон өрхийн орлого нэмэгдэж байгаагийн нотолгоо.

Мөнгөний нийлүүлэлт 3.9 их наяд буюу 28.7 хувиар, гүйлгээнд байгаа бэлэн мөнгө өссөнөөс үзэхэд эдийн засгийг тэлэх үйл явц муугүй явагдаж, төгрөгийн ханш, инфляци зорилтот түвшинд байна.

Хөрөнгийн захад үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын нийт үнэлгээ 2018 оны зургадугаар сарын эцсийн байдлаар 2.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 65.7 хувиар өссөн нь Монголд хөрөнгийн зах зээл хөгжих боломж их байгааг харуулж байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл 8.7 их наяд төгрөгт хүрч.өмнөх оны мөн үеэс 1.7 их наядаар өсчээ. Төлбөрийн тэнцэл оны эцэст 300-350 сая ам.долларын ашигтай гарах боломж байна. Засгийн газар бонд гаргахгүйгээр өрөө төлөөд, тайлан тэнцэл ашигтай гарч байна. Эдгээр өөрчлөлтүүд энэ Засгийн газрын үед гарч байна. Богино хугацаанд гарч буй энэ өөрчлөлт ирээдүйд сайн үр дүнд хүрэх эхлэл байгаасай гэж хүсч байна. Энэ өөрчлөлтийг хийж байгаа У.Хүрэлсүхийн Засгийн газар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар түүний багт баяр хүргэх ёстой. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж үг байдаг. Монгол Улс хөгжиж, ард иргэдийн амьдрал эерэг өөрчлөлт гарвал монголчуудад л хэрэгтэй.

-АН-ын удирдлагууд саяхан Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах асуудлыг хөндөж тавилаа. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Тиймээ, өөрчлөлт шинэчлэл хийж, зарим эерэг үр дүнг гаргаж буй Засгийн газрын бүх ажлыг харлуулж, огцруулах шаардлага тавьж байгааг хараад харамсч байлаа. 1996-2000 онд дөрвөн Засгийн газар огцроод  Монголд сайн сайхан зүйл юу ч болоогүй. Энэ Засгийн үед эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч байна. Энэ өөрчлөлтийг баталгаажуулах, улам сайжруулах шаардлагатай.

Дэлхийн улс орнуудад эдийн засаг нь улс төрөө тодорхойлдог. Гэтэл манайд улс төр нь эдийн засгаа байнга тодорхойлж ирснээс хямрал, хөгжлийн хоцрогдол, сахилга хариуцлагагүй байдал газар авч ирлээ. Энэ оны эхний хагас жилийн статистик мэдээнд эерэг сайн үзүүлэлт их олон гарсан байна. Тоо худлаа хэлдэггүй гэдэг биз дээ.

Хамтарч төсөл хэрэгжүүлж буй ОУВС, Дэлхийн банк гэх мэт олон улсын байгууллагууд манай Засгийн газар, Монголбанкинд сайн үнэлэлт өгч байна. Яг энэ эрчээрээ явбал 2019 оны сүүлийн хагаст Монгол Улс өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөс гарах боломж бүрдэнэ. Гэхдээ биднээс маш их хүчин чармайлт, их ажиллах шаардлага гарна. УИХ-ыг тараах тухайд МАН 2016 оны сонгуульд орохдоо ард түмэндээ амалсан мөрийн  хөтөлбөр бий. Энэ мөрийн хөтөлбөр биелэх бүрэн боломжтой. Хэдэн хүн тар гэснээр тарчихгүй л дээ.

-Монголын ардчилал гажуудсан гэж зарим хүн ярих юм. Та үүнтэй санал нийлэх үү?

-Монголын ардчилал гажуудсан нь үнэн. Ардчиллыг өмчилж болохгүй. Ардчиллыг зөвхөн эрх чөлөө гэж ойлгож, шударга ёс, тэгш эрх гэсэн ойлголтуудыг мартсан нь хамгийн том алдаа. Ардчиллынхаа мөн чанарыг ойлгохгүй 30 гаруй жил мунгинаж, баян хоосны огцом ялгарлаар дэлхийд толгой цохиж яваа нь үнэн.

1992 оны Үндсэн хуульд эдийн засаг нь төрийн зохицуулалттай, зах зээлийн  эдийн засаг байна гэж заасан. Энэ заалтын төрийн зохицуулалтыг зөв, гүйцэт, том эрх ашгийг барьж хийж ирсэнгүй. Ер нь монголчууд эх орноо цаашид авч явж чадах уу гэсэн асуудал хурцаар тавигдаж эхэллээ. Монголын ард түмэн төр засгаасаа шударга ёсыгтоггоох, сахилга хариуцлагыг бэхжүүлэх гэсэн хоёр асуудалд 30 гаруй жил хариу нэхэж байна. Бид тогтоож, бэхжүүлж чадахгүй л байна. Монголд шударга ёсыг тогтоож, хариуцлага сахилгыг бэхжүүлэхгүйгээр хөгжих тухай бодоод ч хэрэггүй.

-Та энэ Засгийн газрыг бонд гаргахгүйгээр асуудлаа шийдээд явж чадаж байна гэлээ. Цаашид энэ боломж ямар байх бол?

-Төсвийн тогтвортой байдлын тухай, Өрийн удирдлагын тухай хуулиудаар зайлшгүй шаардлагатай үед засаг бонд гаргаж санхүүжилт хийж байх ёстой юм. Гэтэл тооцоо муутай, арилжааны нэгдсэн тогтолцоогүй, бонд гаргаж, арилжааны банкуудад давуу байдлыг бий болгосон. 2012-2017 онд 15.9 их наяд  төгрөгийн 12.9 хувийн жигнэсэн дундаж хүүтэй бонд гаргасан байна. Энэ бондын 81.1 хувийг арилжааны банкууд худалдан авсан байна. Хүү нь 2015 онд хамгийн өндөр 14.6 хувь байжээ. 2012-2017 онд бондын үндсэн төлбөрт 13.4 их наяд, хүүгийн төлбөрт 2.7 их наяд төгрөг төлжээ.

Мөн 2016 онд 1.2 их наяд төгрөгийн 10.9 хувийн хүүтэй “Мазаалай” нэртэй гадаад бонд гаргаж, төсвийн алдагдал нөхөж, зарим хэсгээр нь "сайн" нэртэй хөтөлбөрүүдийг Төсвийн хууль зөрчин санхүүжүүлсэн нь улс орны эдийн засагт хүндээр тусч хор хохирол нь одоо ч үргэлжилж байна. Ер нь үүсмэл үнэт цаас нь эрсдэл үүсгэдэг санхүүгийн өвөрмөц хэрэгсэл. Төсвийн алдагдал 2012 онд 781.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 4.7 хувийг эзэлж байсан бол 2013-2016 онд тасралтгүй өссөөр 2016 онд 3.6 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ний 15.3 хувийг эзэлж байлаа. Төсвийн төлөвлөлт нь буруугаас алдагдал өндөртэй, түүнийг өндөр хүүтэй зээл авч санхүүжүүлж ирсэн нь алдаатай бодлогын нэг жишээ. 2017 оны нам-раас Засгийн газар бонд гаргахгүйгээр ажиллаж чадаж байна. Энэ ажлын үр дүнд арилжааны банкуудаас аж ахуйн нэгжүүдэд олгосон бизнесийн зээл 40 гаруй хувиар нэмэгджээ. Энэ бол маш сайн үзүүлэлт.

-Энэ засгийг гадаадаас 2.0 тэрбум долларын зээл авснаас гадаад өр нэмэгдүүлсэн гэж байгаа шүү дээ?

-Монгол Улсын нийт гадаад өр 2012 оноос хойш жил бүр тасралтгүй өсч ирлээ. Гэхдээ өмнөх онуудад гаргасан бондыг 2017 онд дахин бонд гаргах замаар сольж, өрийн дефолт зарлах эрсдэлээс зайлсхийсэн. Үүнд “Хуралдай” бондоор Хөгжлийн банкны 580.0 сая ам.долларын өрийг төлж, “Гэрэгэ” бондоор “Чингис” бондын 500.0 сая, “Дим сам” бондын 9.5 хувийг буцааж худалдаж авсан. Энэ бол зайлшгүй авах арга хэмжээ байсан. Гадаад өрийг нэмэгдүүлэхгүй зохистой харьцааг хадгалж, ажиллах шаардлагатай.

-Засаг өөрийн мэдлийн мөнгөө найдвартай төлөгдөх Засгийн үнэт цаасанд оруулахгүй арилжааны банкинд бага хүүтэй хадгалуулж банкууд түүгээр нь Засгийн газрын бонд худалдаж авдаг гэдэг шүүмжлэл ч бас байдаг?

-Тиймээ, шалгаж үзэж, алдаагаа засах хэрэгтэй. Зөвхөн Нийгмийн даатгалын сан 2012-2017 онд 146.0-583.0 тэрбум хүртэлх төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулсан байдаг. Энэ мөнгөөр хуулиар тогтоосон хэмжээнд нь ямар ч эрсдэлгүй Засгийн бонд худалдаж авсан бол 16.0 тэрбум төгрөгөөр энэ сангийн хөрөнгө нэмэгдэх байсан гэсэн тооцоо байдаг. Үүнийг л төрийн түшмэд төрийн ажилд хоноцын сэтгэлээр хандаж байна гэж хэлж байгаа юм.

-Монголын эдийн засагт тулгамдсан зарим асуудлын талаар ярилцлагаа үргэлжлүүлье. Эдийн засгийн өсөлтийг дагаад инфляцын түвшин нэмэгддэг. Инфляцыг доогуур тогтвортой барихын тулд яах ёстой вэ?

-Монголын эдийн засагт тулгамдсан шийдэх ёстой маш олон асуудал хуримтлагдсан. Эдийн засаг З хувиар өсөхөд, инфляц 7.7 болж байгаа нь буруу үзүүлэлт. Яагаад гэвэл өсөлтийг инфляц нь идчихэж байна. Инфляцын өсөлтийг эдийн засгийн өсөлттэй холбож тайлбарлаж хэрэггүй. Эдийн засаг өсөхөөр инфляц өсдөг гэдэг нь хуучирсан. Инфляцын түвшинг 0 хувиас дээгүүр барих нь дифляцийн аюулаас хамгаалах нэг арга гэдэг. Олон улсын туршилгаар хоёр хувийн инфляц хамгийн тохиромжтой гэж үздэг.

Инфляц өөрөө макро эдийн засгийн бусад үзүүлэлттэйгээ шууд холбоотой учир манайд яг хэдэн хувь байхыг улирал, жилээр нь нарийн тооцох шаардлагатай. Үнийн тогтвортой байдлыг хангаж, инфляцын түвшинг доогуур тогтвортой байлгахын тулд нүд салгалгүй ширтэх хэрэгтэй гэж зарим судлаач зөвлөдөг. Бидэнд нэг их ширтээд байгаа юм алга. Ер нь инфляцыг хяналтанд байлгах хэрэгтэй. Манай эдийн засгийн өсөлт нь түүхий эдийн үнийн өсөлт, ГХО аар дэмжигдэж, өдөөгдсөн өсөлт. Уул уурхайгаас бусад салбарыг идэвхжүүлэх замаар бүтээмжид суурилсан өсөлт рүү явах ёстой. Төсвийн алдагдлыг тууштай бууруулж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай.

Орчин үед эдийн засаг нь удирдагч нараа сорьж, шалгалт авч, тодруулж өгч байна. Эдийн засагт тогтвортой өсөлт, нам түвшний инфляц, ханшийн тогтвортой байдал гэсэн гурван үзүүлэлтийг хангаж ажиллах нь чухал. Энэ гурван үзүүлэлтийн харьцааг зөв барьж ажиллаж байгаа нь тодорч, чадаагүй нь бүдэрч байна. Монгол Улсын санхүүгийн тогтвортой хөгжил, тогтвортой байдлыг шинээр харах хэрэгтэй. Санхүүгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй Засгийн газар, Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны ажлыг нэгтгэж зангиддаг байгууллага, албан тушаалтан алга. Ийм байгууллага, албан тушаалтан хэрэгтэй байна. Монголын төрд хуримтлал алга. Хуримтлалтай болох хэрэгтэй. Энэ бүхэн нь хөгжлийн загвараа эргэж харах, шинэчлэх шаардлага үүсч байгааг нотолж байна.

-Монголд зээлийн хүү өндөр байгаа нь эдийн засагт хортой байна гэдэг. Та зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох саналыг дэмжиж байсан байх аа?

-Зээл гэдэг нь санхүүгийн бүтээгдэхүүн. Энэ бүтээг-дэхүүний үнэ яагаад өндөр байгааг задалж үзвэл гол зардал болох хадгаламжийн хүү өндөр байгаа юм. Яагаад гэхээр арилжааны банкууд зээлийг бие биетэйгээ өрсөлдөж өндөр хүүтэй авснаас үүссэн. Энэ асуудал дээр төрийн бодлого, зохи-цуулалтуудыг хийгээгүй зах зээл, үл үзэгдэгч гарт найдаж хаяснаас бид эдийн засгийн эрх чөлөөгүй амьдарч байна. Зээлийн хүү өндөр байх нь хадгаламж эзэмшигчдэд ашигтай боловч, зээл гэдэг бүтээгдэхүүний өртгийг өсгөж эдийн засгийг идэвхгүй болгож, үйлдвэрлэл, үйл-чилгээ, худалдааг боомилдог. Хадгаламжийн өндөр хүү банкуудад ч ашиггүй. Зээлийн хүү өндөр байгаагаас чанар-гүй, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ нэмэгдэж, банкуудын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж байна. Монголд санхүүгийн тогтвортой байдлыг хангах асуудал чухалаар тавигдаж байна. Энэ асуудлын хүрээнд макро эдийн засгийн зохистой орчныг бүрдүүлэх, төсөв мөнгөний бодлогын нөлөөг сайжруулах, банкуудын үр ашиг, засаглалыг сайжруулах ажлыг дунд, урт хугацаанд хийж хэрэгжүүлбэл зээлийн хүүг бууруулах боломж байна. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож өгч үр дүнд хүрсэн туршлага бас байна. Иймд зээлийн хүүг буурууулахдаа эдийн засгийн аргыг төрийн зохицуулалттай хослуулж хийвэл үр дүн гарна гэж үзэж байна.

-Эдийн засаг дахь банкны өндөр нөлөөллийг  багасгаж, хөрөнгийн захын нөлөөллийг нэмэгдүүлэх нь чухал гэж эдийн засагчид онцолдог. Энэ асуудлыг шийдэхэд "Эрдэнэс таван толгой" компанийн хийх IРО онцгой ач холбогдолтой биз дээ?

-Гадаад орнуудын жишгээр IРО гаргах бэлтгэл ажил 12-18 сар үргэлжилдэг гэдэг. Манай бэлтгэл ажил сайн хийгдэж байгаа байх гэсэн хүлээлттэй байгаа. Оны эцэст Монголын ард түмэн, УИХ-д танилцуулах байх. Хувьцаа гаргана гэдэг нь маш их үнэтэй санхүүжилт. Зээлээс ч үнэтэй санхүүжилт. Иймээс хувьцаа гаргахаас өмнө бонд гаргах нь үр дүнтэй ч байж мэднэ. Асар их, сайн чанарын нөөцтэй, зах зээлд ойр "Таван толгой" ХК-ийн хувьд хувьцаа нь хямд зарагдах эрсдэл өндөр байгаа юм. "Үсрэхээсээ өмнө сайтар хар” гэж үг бий. Өндөр эрсдэл гаргаж.өндөр ашиг олдог учир тооцоо судалгаа маш сайн хийх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд IPО үр ашигтай байх ёстой. Үр ашиг муутай тооцоо гарвал санхүүгийн өөр хэрэгслийг ашиглах шаардлага гарна. IРО хийх чиглэлээр зөвлөгөө өгдөг хөрөнгө оруулалтын зөвлөх банкууд байдаг. Энэ банкуудаас үр ашиг, зах зээлийн байдал, үнэлгээ гээд олон асуудлаар зөвлөгөө авах хэрэгтэй.

-IРО ийн бэлтгэл ажлын талаар танд ямар мэдээлэл байна?

-Надад одоохондоо тодорхой мэдээлэл алга. Гэхдээ энэ асуудлаар сонирхдог. Дэлхийд Ernest and Young, Deloitte, KPMG, Price water house coopers гэсэн дөрвөн том аудитын компани бий. Эдгээр компани IPO хийдэг том багуудтай.  Монгол Улсын Засгийн газар, сонгож авах андеррайтер компанитай хамтарч “Таван толгой” ХК-ийн үнэлгээг хийх ёстой. Энэ үнэлгээ компанийн ирээдүйн хэдэн жилийн санхүүгийн моделийг гаргаж ирнэ. Жилд хэдий хэмжээний бүтээгдэхүүн гаргаж, ямар үнээр борлуулах, ямар ашиг олох зэрэг моделийг 15,20,30 жилээр гаргана. IРО хийхэд андеррайтер их чухал үүрэгтэй, амжилтын баталгаа гэж үздэг.

Техникийн тайлан нь IРО ийн амин чухал хэсэг нь гэж үздэг. Биржээ сонгож, бүртгүүлэхийн тулд шаардлагад нийцсэн баримт бичгийг бүрдүүлэх гээд ажил ундарч байгаа байх аа. IРО-гоор босгосон хөрөнгөөр санхүүжүүлэх дэд бүтцийн төслүүд бэлэн болсон байх шаардлагатай. Бид урьд “Чингис” бондоор босгосон мөнгөөрөө санхүүжүүлэх төсөл бэлэн байгаагүйгээс алдаа гарч байсныг давтаж болохгүй.

М.Мөнхцэцэг

ШИНЭ МЭДЭЭ