МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Г.Занданшатар: Хичээлийн бус цагаар ухаалаг утас хэрэглэхийг хориглоогүй
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар
2018.09.06
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Г.Занданшатар: Хичээлийн бус цагаар ухаалаг утас хэрэглэхийг хориглоогүй

Засгийн газрын хуралдааны шийдвэрүүд болон цаг үеийн асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараас тодрууллаа

-Сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг гар утас хэрэглэхийг хязгаарласан нь Засгийн газрын өчигдрийн хуралдааны онцлох шийдвэр байлаа. Ухаалаг утасны хэрэглээг хэрхэн хязгаарлах юм бэ?

-Засгийн газар өнөөдрийн (өчигдрийн) хуралдаанаараа гар утасны хэрэглээг сургалтын орчинд хязгаарлах Засгийн газрын тогтоол гаргалаа. Тогтоолд ирэх сарын 1-нээс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг хязгаарлахаар заасан. Энэ нь хүүхдүүдийг цахим халдлага, донтолт, гадуурхлаас сэргийлэхээс гадна эрүүл мэнд, амь насыг нь хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор авч буй арга хэмжээ юм.

Он гарсаар Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвөд цахим  дарамтад өртсөн 125, цахим донтолтын 35 дуудлага бүртгэгдсэн бол Сэтгэцийн эрүүл мэндийн төвд цахим донтолттой 23 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна.

Энэ тоо цаашид өсөх хандлагатай байгааг холбогдох байгууллагууд мэдээлсэн. Мөн улсын хэмжээнд хүн амд ногдох нүүр номын хуудас хэрэглэгчийн тоогоор манай улс дэлхийн дунджаас 2.1 дахин, Ази тивийн улс орнуудаас 3.6 дахин их гэсэн судалгаа гарсан байна лээ. Тиймээс энэхүү шийдвэрийг хэрэгжүүлэх нь их чухал юм. Тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд нарийвчилсан журам гаргана. Энэ журмаар хэрэглэж болох утасны марк болон ямар үед ухаалаг утас ашиглаж болохыг нарийн зохицуулах юм.

-Бүх ангийн сурагчдыг ухаалаг утас хэрэглэхийг хязгаарлаж байгаа юу?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн хичээлийн бус цагаар болон сургалт хүмүүжлийн зорилготой үйл ажиллагааг ухаалаг утсаар дамжуулан явуулахыг хориглоогүй. Онцгой шаардлагатай үед сурагчдын эцэг, эх сургалт явуулж буй багш нарын гар утсаар дамжуулан хүүхэдтэйгээ ярьж болохоор тогтоолд тусгасан.

-Бусад улс оронд сурагчдын ухаалаг утасны хэрэглээг хэрхэн хязгаарладаг вэ?

-Ухаалаг гар утасны хэрэглээ хүүхэд, өсвөр насныхны хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг олон улсад судалгаагаар тогтоож, үүний эсрэг арга хэмжээ авч байна. Тухайлбал, БНСУ-ын ухаалаг гар утсанд донтсон өсвөр насныхны дунд явуулсан судалгаагаар тэдний тархины эсийн хөгжил удаашралтай байгаа нь тогтоогдсон байна. Мөн Их Британи Улсын Лондоны их сургуулийн судалгаагаар сургуулийн орчинд гар утасны хэрэглээг хориглосноор сурагчдын хичээлийн ерөнхий дүн эрс сайжирсан дүгнэлт гарчээ.

Үүнээс гадна Франц Улсад ерөнхий боловсролын сургуулийн орчинд ухаалаг утас болон цахим хэрэгсэл хязгаарласан хууль баталж, энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Тус хуулиар 3-15 насны хүүхдийг ухаалаг утас болон интернетэд холбогддог бусад тоног төхөөрөмжийг хичээлийн цагаар хэрэглэхгүй байх зохицуулалт оржээ. Харин 15-аас дээш насны хүүхдүүд сурдаг ахлах сургуулийн орчинд гар утасны хэрэглээг хэрхэн хязгаарлахыг тухайн сургуулийн захиргаанд даалгасан байна.

-Засгийн газрын төвшинд “Фэйсбүүк” компанийн төлөөлөгчидтэй уулзана гэсэн мэдээлэл байна. Ямар асуудлаар уулзалт хийх вэ?

-Өнөөдөр (өчигдөр) “Фэйсбүүк”-ийн төлөөлөгчидтэй уулзана. Уулзалтын гол зорилго нь дэлхийн нийтийн нийгмийн сүлжээний сөрөг тал болж буй хуурамч хаяг, худал мэдээлэл, гүтгэлгийг хэрхэн зохицуулах талаар ярилцах юм. Герман Улс терроризм, садар самуун, хүчирхийллийг сурталчлах, гүтгэлэг тараах, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх мэдээлэл тараахаас сэргийлж “Фэйсбүүк”-тэй хамтран ажиллахаар зохицуулсан байдаг. Бид ч бас энэ асуудлаар ярилцахаар болсон.

-Засгийн газраас санал тавьсан гэсэн үг үү?

-Тийм. “Фэйсбүүк" иргэдийн мэдээллийг алдсан болон гүтгэлэгтэй холбоотой асуудлуудаар хамтран ажиллах шаардлага гарсан. Үүний дагуу бид хүсэлт тавьсан юм.

ШИНЭ МЭДЭЭ