Төрийн удирдлагуудад "бэлгийн хайрцагт" уриалга хүргүүлэв
2017.12.18
Хүний эрх

Төрийн удирдлагуудад "бэлгийн хайрцагт" уриалга хүргүүлэв

Жил бүрийн 12 дугаар сарын 10-нд Дэлхийн улс орнууд Олон улсын хүний эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг.

Энэ жилийн хувьд Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форумаас НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтын үзэл санаан дор “Хэнийг ч орхилгүй хөгжье!” уриатайгаар тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн. Монголын Эмнести Интернэшнл байгууллага, Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Тэргэнцэртэй иргэдийн холбоо байгууллагууд Тогтвортой хөгжлийн 11 дэх зорилго буюу “Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих” зорилгын үзэл санаа, зорилтуудыг дэмжиж оролцсон байна. 

Монголын Эмнести Интернэшнл байгууллага “Шаардлагад нийцсэн орон байраар  хангагдах эрх”-ийн кампанит ажлыг 2016 оноос эхлүүлжээ. Тус кампанит ажлаараа Гэр хорооллын дахин төлөвлөлтийн алдаатай бодлогын улмаас орон гэргүй болсон болон цаашид орон байраа алдах эрсдэл бүхий иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагааг явуулжбуй аж.

Энэ сарын 9-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулсан “Хэнийг ч орхилгүй хөгжье” Хүний эрхийн ТББ-уудын нэгдсэн цуглааны үеэр “Иргэдэд ээлтэй хот”-ыг бий болгохын төлөөх 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Хот дахин төлөвлөлт-Газар чөлөөлөлт-Хүний эрх” онол, практикийн бага хурлын зөвлөмжийг хэрэгжүүлэхийг сануулсан “Бэлгийн хайрцаг-Мэндчилгээ”-г Монголын Эмнести Интернэшнлийн гишүүд, сайн дурынхан урлан бүтээж, цугласан иргэдээр гарын үсэг зуруулсан байна.

Ингэснээр тэд Хүний эрхэд суурилсан хот төлөвлөлт, хотыг дахин хөгжүүлэх аливаа үйл ажиллагаа нь иргэдийн хүний эрхийг зөрчихгүй байх, албадан нүүлгэх болон орон байргүй үлдэх эрсдэлээс хамгаалсан хуулийн хамгаалалтыг бий болгох, дахин төлөвлөлтийн үр дүнд орон гэргүй болсон иргэдээ түр орон байраар хангах яаралтай арга хэмжээг авах болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэй хотыг бий болгохыг уриалсан иргэдийн гарын үсэг бүхий “Бэлгийн хайрцаг-Мэндчилгээ”-г өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга, Хот байгуулалтын сайд Х.Баделхан болон Нийслэлийн Засаг дарга С.Батболд нарт хүргүүлжээ.

ШИНЭ МЭДЭЭ