Иргэдээ хамгаалах чиглэлээр хамтарч ажиллана
2017.09.22
Хүний эрх

Иргэдээ хамгаалах чиглэлээр хамтарч ажиллана

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяр, Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл нар 2017 оны 9 дүгээр сарын 22-нд Эмнести Интернэшнл Дэлхийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Минар Пимпл, Зүүн Ази хариуцсан захирал ноён Николас Бекүйлин, Эмнести Интернэшнл Монголын Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа нарыг хүлээн авч уулзлаа.

 Уулзалтаар шаардлагад нийцсэн орон байраар хангагдах эрхийн хүрээнд гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, төлөвлөх, барилгажуулахтай холбоотой гарч байгаа хүний эрхийн асуудлуудыг хөндөн ярилцлаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяр

"Танай байгууллагаас шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл нь Улаанбаатар хот төлөвлөлтийн бодлого, эрх зүйн орчныг хүний эрхийн суурь зарчим, хэм хэмжээнд нийцүүлэхэд чухал нөлөөллийн арга хэмжээ болж байна. Бид хот, мөн гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой үүсч буй зөрчил маргааныг анхаарал хандуулж ажиллах болно. Энэ хүрээнд зарим хуулийн төсөлд санал хүргүүлэн ажиллаж байна. Тухайлбал, УИХ-аас баталсан Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдэд хүний эрхийн үндсэн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэх чиглэлээр саналаа хүргүүлсэн.

Одоогоор УИХ-д 2018 онд өргөн барих Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлээ боловсруулж байна. Энэ хүрээнд илтгэлд оруулах сэдвүүдийг судалж, дүн шинжилгээ хийж байна. Орон байртай байх эрх, хот дахин төлөвлөлт, газар чөлөөлөлттэй холбоотой тулгамдсан асуудлууд гарч, хууль бодлогын орчинд нөлөөлөх шаардлагатай гэж үзвэл 17 дахь илтгэлд тусган шийдвэр гаргагчдын сонорт хүргэх болно” гэв.

Эмнести Интернэшнлийн төлөөллийн ярьснаар бол "Улаанбаатар хотыг дахин төлөвлөх одоогийн төлөвлөгөө нь нийслэлийн 1,3 сая хүн амын ойролцоогоор 9 хувь нь амьдардаг гэр хорооллын 24 байршлын 75 хэсэгчилсэн талбайд хотын нутаг дэвсгэрийн 14-15 хувь буюу 1500 га газарт хэрэгжиж байна. Энэхүү төсөл хөтөлбөр нь иргэдийг тохилог орон сууцаар хангах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хотын иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах зорилготой. Түүнчлэн газар ашиглалтыг сайжруулах, гэр хорооллын айлуудыг ус дулааны нэгдсэн шугаманд холбогдсон орон сууцаар хангах замаар агаарын, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн болно.

Гэвч газар өмчлөх, эзэмших эрх нь хууль ёсоор үүсээгүй иргэдийг дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцох ямар ч эрхгүй үлдээснээр хүний эрхийн талаарх олон улсын хэм хэмжээгээр хүлээсэн үүрэг зөрчигдөх нэг шалтгаан болж байна. 

Хүн амынхаа шаардлагад нийцсэн орон байраар хангагдах эрхийг хамгаалахын тулд Монгол Улсын Засгийн газар энэ эрхийг зөрчих аливаа үйлдлээс зайлсхийх, зогсоохоос гадна, уг эрхийг хашаа, байр түрээслүүлэгч, хувийн барилгын компани зэрэг гуравдагч этгээд зөрчихөөс иргэдээ хамгаалах ёстой юм.

Тиймээс хот дахин төлөвлөлтийн шаардлагад бүрэн нийцсэн, тодорхой төрийн зохицуулалт, үр дүнтэй зөвшилцөх явц байхгүй, хэрэгжилтэд нь хяналт тавиагүйгээс дахин төлөвлөлтөд хамрагдаж буй иргэдийн шаардлагад нийцсэн орон байртай байх эрх зөрчигдөхөд хүрч байна”...

Эмнести Интернэшнлийн Даян дэлхийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхий захирал ноён Минар Пимпл, Зүүн Ази хариуцсан захирал Николас Бекүйлин нар энэ сарын 20-22-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байгаа бөгөөд айлчлалын үеэр Улаанбаатар хот дахь хот дахин төлөвлөлтөд орсон дүүргүүдийн иргэдтэй "Эрхээ хэрхэн хамгаалах вэ?” сэдвээр уулзалт зохион байгуулах юм. Уг арга хэмжээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөллийг байлцуулан хамтран ажиллахаар боллоо. Хүний эрхийн Үндэсний Комисс тус байгууллагатай хот дахин төлөвлөлт, газар чөлөөлөлттэй холбоотой асуудалд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн 5 дугаар сард "Хот дахин төлөвлөлт, газар чөлөөлөлт-Хүний эрх” сэдэвт онол, практикийн бага хурлыг хамтран зохион байгуулж, гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх, иргэд, олон нийтэд хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хот дахин төлөвлөлтэй холбоотой төрийн албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажлууд хийхээр төлөвлөөд байна.

Эх сурвалж: mn-nhrc.gov.m

ШИНЭ МЭДЭЭ