Хуулийн байгууллагуудын дунд шатрын тэмцээн болж байна
2018.09.17
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Хуулийн байгууллагуудын дунд шатрын тэмцээн болж байна

Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулан хуулийн байгууллагуудын дунд шатрын тэмцээнийг өнгөрөгч бямба гарагт (2018.09.15) Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллаа.

Энэхүү шатрын тэмцээнд Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль сахиулах их сургууль, Монголын Нотариатчдын танхим, Монголын Олон Улсын ба Үндэсний арбитр, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Хуульчдын холбоо, Монголын Цагдаагийн ахмадын холбоо зэрэг 14 байгууллагын 60 орчим шатарчид оролцож байгаа юм. Үүнээс нэг байгууллагаас гурван эрэгтэй, нэг эмэгтэй шатарчин оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

Улсын Их Хурлын Тамгын газраас УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Г.Алтан-Оч (ОУХМ), Г.Чулуун (Спортын мастер), Д.Ламжав (Спортын мастер) гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлсэн үгэндээ, “Монгол Улсад оюуны спортын нэг төрөл болох шатрын спорт хөгжиж байгаад баяртай байна. Өнөөдөр Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүссэний 90 жилийн ойг тохиолдуулан энэ сайхан тэмцээнийг зохион байгуулж байна. Нийт 14 баг оролцож байна. Шатрыг манайхан нийтлэгээр ганцаарчилсан спортын төрөл гэж ойлгодог бол өнөөдөр багийн төрлөөр тоглож байна. Монголчууд оюуны чадамж маш өндөртэй улс. Тийм учраас шатрыг сурснаараа хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлөөд зогсохгүй дэлхийд улс орныхоо нэрийг гаргасан олон сайхан шатарчдыг төрүүлэн гаргахад чухал ач холбогдолтой. Түүнчлэн Улсын Их Хуралд шатрын лобби бүлэг хүртэл байгуулагдаад шатрын спортыг дэмжих тал дээр идэвх санаачилгатай ажиллаж байна. Оюуны спортыг дэмжих ордон байгуулахаар санал гаргаад явж байна.   Үүнийг бодит ажил хэрэг болгож чадвал олон сайхан үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд нийт өмгөөлөгчид болон хуулийн байгууллагынханд Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэнд хүргэлээ.  

Уг тэмцээнийг Швейцарь системээр долоон өрөг тоглохоор зохион байгуулсан бөгөөд багаараа тоглож байгаагаараа онцлог юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

ШИНЭ МЭДЭЭ