С.Бямбацогт:  1400 орчим тусгай зөвшөөрлийг 400 болтол цөөлье
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2018.09.19
Улстөр

С.Бямбацогт: 1400 орчим тусгай зөвшөөрлийг 400 болтол цөөлье

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Та болон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Я.Содбаатар нар Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл санаачилсан гэсэн. Хуулийн гол агуулга нь юу вэ?

-Хүнд суртал, авлига хээл хахуулийг таслан зогсоох зорилгоор энэ хуулийн төслийг санаачилсан. Манай улсад сумын Засаг даргаас эхлээд Засгийн газраас олгодог 1400 орчим тусгай зөвшөөрөл бий. Эдгээр тусгай зөвшөөрлийг олгодог эрх мэдэлтэн, албан тушаалтнууд хүнд суртал гаргаж шан харамж харах, улмаар авлига авах тохиолдол түгээмэл гардаг. Харин хувийн хэвшлийнхэн, аж ахуйн нэгж байгууллагынхан, төрийн бус байгууллагууд албан тушаалтнуудын хүнд суртлыг давах гэж багагүй цаг хугацаа алддаг.

Ийм байдлыг л арилгах, хөнгөвчлөх үүднээс энэ хуулийн төслийг санаачилсан юм. Хоёрдугаарт, зөвшөөрснөөс бусдыг хориглодог гэсэн ойлголт хүмүүсийн дунд түгээмэл байдаг. Тусгай зөвшөөрөл шаардлагагүй л бол чөлөөтэй үйл ажиллагаа явуулж болохоор байхад төрийн байгууллагууд, албан тушаалтнууд хүнд суртал гаргаж, бизнес эрхлэхэд нь саад учруулдаг. Тиймээс зөвшөөрөл авахаас бусад нь чөлөөтэй гэдэг ойлголтыг бий болгох нь хуулийн төслийн хоёр дахь агуулга юм. Энэхүү хуулийн төслийг УИХ-д өргөн барихын өмнө Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн.

-Ярилцлагын өмнө та тусгай зөвшөөрлийг цөөлнө гэж байсан. Хуулийн төсөлд 1400 тусгай зөвшөөрлөөс хэдийг нь үлдээх заалт оруулсан бэ?

-1400 орчим тусгай зөвшөөрлийг 400 болтол цөөлье гэж байгаа.

-Тусгай зөвшөөрлийг цөөлснөөр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэт чөлөөтэй болох биш үү?

-Үгүй. Энэ хуулийг баталснаар зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаа чиглэл, төрөл, үүнтэй холбоотой суурь харилцаа илүү тодорхой болно. Мөн зөвшөөрлийг олгох, сунгах цахим хэлбэрээр зохион байгуулж болох зохицуулалт хуульчлагдана. Үүнээс гадна иргэд чирэгдэл хүнд сурталгүй төрийн үйлчилгээг авах, зөвшөөрөл олгох харилцаа ил тод, хяналттай болох боломж бүрдэнэ гэж харж байгаа. Түүнээс биш аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэт чөлөөтэй болно гэж харж болохгүй. Хуульд зөвшөөрөл олгох, сунгах, шинээр бий болгоход баримтлах зарчим, эдгээрийг хэрэгжүүлэх хүрээг тодорхой тусгасан.

Тодруулбал?

-Зөвшөөрлийг хоёр ангилах бөгөөд тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгохоор хуулийн төсөлд тусгасан. Мөн зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх хүчингүй болгох зэрэг харилцаанаас үүсэх үр дагавартай холбоотой бүхий л зохицуулалтыг багтаасан байгаа. Зөвшөөрөл эзэмшигчийн-эрх үүрэг, зөвшөөрлийн бүртгэл мэдээлэл, цахим сангийн талаар ч тусгасан.

-Багш нарын ажил хаялтад та ямар байр суурьтай байгаа вэ Зарим хүмүүст багш нарын ажил хаялтаар улс төр хийгээд байна гэсэн хардлага байна л даа?

-Багш нар өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалахаар жагссан байлгүй дээ. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ. Цаана нь улс төрийн бодлого байхыг үгүйсгэхгүй.

-Багш нар цалингаа 50 хувь нэмэхийг шаардаж байна. Ирэх оны төсөвт цалинг нь 50 хувиар нэмэх боломжтой юм уу?

-Засгийн газраас цалин нэмэх боломжгүй ч нэмэх талаас нь ажиллаж байгаагаа хэлсэн байна лээ. Тиймээс одоо багш нар, Засгийн газартай зөвшилцмөөр байгаа юм. Үүнээс болж хүүхдүүд хохирох ёсгүй шүү дээ.

  Б.ЦЭНД-АЮУШ

ШИНЭ МЭДЭЭ