МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Г.Занданшатар: Ерөнхий сайдын дэргэд иргэдийн оролцоотой хяналтын хороо байгуулна
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшата
2018.09.24
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Г.Занданшатар: Ерөнхий сайдын дэргэд иргэдийн оролцоотой хяналтын хороо байгуулна

Төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөн болж өнгөрлөө. Тус зөвлөгөөнийг санаачлан, зохион байгуулсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатартай ярилцлаа.

-Та Төрийн албаны удирдах ажилтны зөвлө­гөөний үеэр тавьсан илтгэлдээ албаны хэрэг­цээний машиныг хувийн зорилгоор ашиглавал ха­риуцлага тооцдог болох талаар дурдсан. Энэ аж­лыг хэрхэн хийх юм бэ?

-“Төрийн албаны ма­шин” гэсэн тэмдэглэгээг төрийн бүх байгууллагууд аравдугаар сарын 1-ний дотор автомашинууддаа нааж, хэрэгжүүлэх даалгавар өгч байгаа. Бусад улстай харьцуулах юм бол манай төрийн албаны машинууд нэгдсэн паркгүй. Бид ирэх сарын 1-нээс өмнө наалтын нэгдсэн стандартыг батална. Түүнийг бүх харъяа байгууллагууд хэрэгжүүлнэ. Ер нь төрийн албаны машиныг зөвхөн албан хэрэгцээнд ашиглах ёстой. Уг наалт нь дээрээ хяналтын утасны дугаартай байх юм. Хэрвээ тэр машин баар, рестораны гадаа эсвэл аль нэг газар дүрэм, журам зөрчсөн үйлдэл гаргавал, сургуульд хүүхэд хүргээд ч юм уу хувийн байдлаар ашиглаж байвал иргэд утасдаад мэдэгдэнэ гэсэн үг. Бүх машинд ЖПС хяналтыг бий болгоно. Ингэснээр тэр машинууд хаана явж байгааг хянах боломжтой. Тэгээд иргэнээс ирсэн мэдээлэл үнэн бодитой эсэхийг түүгээрээ баталгаажуулна. Хэрэв тухайн автомашиныг албан хэрэгцээнээс гадуур ашиглаж байгаа нь тогтоогдвол хариуцлага тооцно. Зөвхөн ажлын цагаар төрийн албаны машин үйлчлэх ёстой. Ажлын бус цагаар явж байвал заавал “Ийм ажилд явж байна” гээд бүртгэгдсэн байх ёстой. Бүртгэлээс гадуур хувийн ажлаа хөөцөлдөж байх юм бол тухайн албан тушаалтан хариуцлага хүлээнэ гэж байгаа юм.

-Ер нь энэ зөвлөгөөний зорилго нь юу байв?

-Энэ зөвлөгөөний зорилго нь төрийн албыг шударга, хариуцлагатай, тогтвортой хам­гийн гол нь ёс зүйтэй, иргэд­дээ үйлчилдэг ардчилсан төрийн алба болгоход чиглэж байгаа юм. Төрийн албыг тойрсон олон яриа байсан. 60 тэрбум, Зам тээврийн хөгжлийн яаманд болсон хэрэг явдал гээд төрийн албаны  сахилга хариуцлагатай холбоотой асуудлуудыг нэг мөр цэгцлэх ёстой. Засгийн газар ч анх байгуулагдсан цагаасаа энэ чиглэлд ажиллаж байна. Засгийн газраас Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг баталж байлаа. Засгийн газрын анхны 01 тоот албан даалгавар нь сахилга хариуцлагыг бэхжүүлэх, төрийн албыг ёс зүйтэй, шударга болгох зорилготой байсан. Мөн Засгийн газрын 258 дугаар тогтоолоор бүх аймаг, сум, яамд гээд төрийн удирдлагын байгууллагуудад үзлэг шалгалт хийсэн. Уг шалгалтаар Ёс зүйн хорооны ажиллаж байгаа журам, архи согтууруулах ундаа хадгалж, хэрэглэж байна уу гэдгийг хүртэл шалгасан. Тэгээд шалгалтын үр дүнг хэлэлцээд бид эрс шинэчлэх шаардлагатай гэж үзсэн. Тийм ч учраас Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөний зорилго нь бол төрийн албаны өөрчлөлт шинэчлэлтийг тууштай хэрэгжүүлэх явдал байгаа юм. Ингэснээрээ төрийн алба мэргэж­лийн, чадвартай, хамгийн гол нь хүндээ үйлчилдэг, энэрэнгүй болгох зорилготой. Үүнийгээ бодитой хэрэгжүүлнэ гэж төрийн албаны удирдах ажилтнууд андгай тангарагаа өргөлөө.

-Зөвлөгөөн болоод өнгөр­лөө. Одоо энэ үйл ажил­ла­гаатай уялдуулаад ямар шийд­вэр, ажил хэрэг гарах вэ?

-Чиглэл чиглэлээр журам заавар, хууль дүрмүүд боловс­руулж, батлагдаж хэрэгжинэ. Энэ зөвлөгөөний үр дүнгээр Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулж өргөн барина. Төрийн албанд сонгон шалгаруулж авдаг зарчмыг улстөрчид, хэн нэгэн дарга, мөнгө төгрөг, улс төрийн намаас хараат бус болгох хэрэгтэй. Хүмүүс цэвэр мэдлэг чадвараараа өрсөлдөж, шалгалтаа өгөөд үнэхээр чадвартай нь төрийн албанд очдог байх ёстой. Тиймээс төрийн албаны чиг үүргийн шинжилгээний аргачлалыг баталж, үүнийг тодорхойлж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, Гадаад харилцааны яаман дээр хөрш орнуудын газарт шинжээч, мэргэжилтэн байлаа гэхэд орос, яятад хэлтэй. Тэр чиглэлээрээ Орос, Хятадын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлыг 10 жил судалсан байдаг ч юм уу шаардлагуудыг тавина. Ингэж төрийн албыг чадварлаг, мэргэшсэн хариуцлагатай бол­гоход чиглэгдэж байгаа. Мөн дээр нь ёс зүйтэй байх хэрэг­тэй. Төрийн албаны ёс зүйн тухай хууль батлагдана. Ерөнхий сайдын дэргэд иргэд, сэтгүүлч­дийн оролцоотой хөндлөнгийн хяналтын хороо байгуулна. Бүхэлдээ төрийн албыг цэвэр ариун, шударга, нээлттэй, хамгийн гол нь төрдөө үнэнч, ард түмэндээ зүтгэдэг ийм л алба болгох гэж байгаа. Өөрөөр хэлбэл, төрийн алба улс төр, хэсэг бүлгийн ашиг хонжооны биш, цүнх барьсан хүмүүсийн тушаал дэвших талбар биш болно. Бодитой төр түм­нийхээ төлөө зүтгэдэг, мэргэшсэн, чадварлаг хүмүүсийн ажлын байр, үр дүнгийн талбар болгоно.

-Хяналтыг сайжруулах юм байна. Хэзээнээс ажил хэрэг болох вэ?

-Аравдугаар сарын 1-ний дотор хууль дүрэм, бодлого боловс­руулах ажлууд эцэслэг­дээд, УИХ, Засгийн газар, Төрийн албаны зөвлөлд өргөн мэдүүлсэн байх үүрэг даалгавар өглөө. Хоёрдугаар, одоо нэгэнт батлагдаад хэрэгжиж байгаа журмуудын хэрэгжилтэд бид холбогдох байгууллагуудтай хамтран тогтмол хяналт тавина. Өдөр болгон миний ширээн дээр зөрчлийн мэдээ ирж байгаа. Аль яаманд ямар хүн согтуу, халамцуу байсан, хэн иргэдтэй зүй бусаар харьцсан гэх мэт бүх мэдээлэл ирдэг. Бид хяналтаа тавьж байгаа. Хэрэг зөрчил гарсан даруйд нь хариуц­лага тооцохыг Төрийн нарийн бичгийн дарга, шат шатны байгуул­лагуудын удирдах албан тушаалтнуудад үүрэг болгосон байгаа.

-Хяналтын хороо бий болгоно гэлээ. Ёс зүйн хороо гээд байгаа биз дээ?

-Монгол Улсын хэмжээнд 640 гаруй Ёс зүйн хороо ажиллаж байгаа. Харин Ёс зүйн хорооны зохион байгуулалт, дүрэм, журам цэгцлэгдээгүй, хуульчлагдаагүй учраас хэлбэрийн төдий ажиллаж байгаа юм. Үүнийг хөндлөнгийн хяналттай болгоно. Жишээлбэл, шүүхийн Ёс зүйн хороон дээр нэг ийм хэрэг гарсан байдаг юм. Шүүгч дээр хэрэгт татагдан шүүгдэж байгаа хариуцагч цүнхтэй юмтай орсон. Тэгээд цүнхгүй гарч ирсэн. Дараа нь хэрэг тэр хүний талд шийдэгдсэн. Түүнийг нь камерын бичлэгээр тогтоосон байдаг. Энэ хүн бол авлига авсан учраас хэрэг буруу шийдэгдсэн гэдэг гомдол шүүхийн Ёс зүйн хороон дээр хэлэлцэгдсэн байдаг юм. Мөн давхар энэ хэрэг Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байсан. Харин нөгөө хариуцагч болохоор “Би компьютертэй ороод компьютероо орхиод гараад ирсэн юм аа” гэж ярьдаг. Тэр нь нотлогдоогүй. Гэвч Ёс зүйн хороо, АТГ түүн дээр шийтгэл оноогоогүй. Дараа нь хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихлаа гээд өнгөрчихсөн. Хэрвээ түүнийг компьютер байсныг баталж чадаагүй бол тэр шүүгч ёс зүйн хариуцлагын хүрээнд шүүгчээсээ огцрох ёстой биз дээ. Иймэрхүү хэлбэрээр Ёс зүйн хорооны дүрэм, журам бодитой хэрэгжиж чадахгүй байгааг л илүү нарийвчилсан, хатуу чанд мөрдөгддөг болгох юм.

-Төрийн албыг иргэдэд чирэгдэлгүй болгох чиглэлд бусад орнуудын туршлагаас хуваалцах тухай та дурдаж байсан. Яг ямар ажил хийх вэ?

-Төрийн албаны удирдах ажилтны зөвлөгөөнд Гүржийн  Ерөнхий сайд асан, миний сайн найз Ника Гилаури ирж оролцлоо. Манайхтай адилхан хуучин социалист орон байсан улс шүү дээ. Энэ хүн улсдаа цахим шилжилт буюу төрийн албаны реформыг тууштай хэрэгжүүлсэн юм. Тодруулбал, иргэд гар утсаараа тусгай зөвшөөрөл гээд төрийн албаны бүх үйлчилгээг авах бололцоог нээсэн. Одоо 15 минутад үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээ бүртгүүлдэг гэх мэтчилэн энэ төрийн албыг шуурхай болгосон маш олон реформыг хийж чадсан ийм хүн байгаа юм. Тэр хүний туршлагаас хуваалцсан. Энэ чиглэлийн өөрчлөлтийг буюу цахим шилжилтийн төслийг хэрэгжүүлнэ. Ирэх оны гуравдугаар сарын 1-нээс бид энэ төслийг ард түмэндээ хүргэхээр зорьж байна. Жишээ нь, 11-11 төв рүү иргэд утасдаж санал, гомдлоо өгдөг байсан бол гар утсандаа аппликейшн суулгаад санал гомдолоо өгдөг, бас шийдвэрлүүлдэг болно гэсэн үг.

ШИНЭ МЭДЭЭ