Еранхий сайд У.Хүрэлсүх "Хар тамхины асуудалтай тэмцах дэлхийн уриалга" -д Монгол улс нэгдэж байгааг илэрхийллээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхлэхийн өмнө буюу есдүгээр сарын 24-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилсан “Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга” (Global call to action on the World Drug Problem) сэдэвт өндөр түвшний арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов. Арга хэмжээний үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзаж, энэхүү уриалгад Монгол Улс нэгдэж буйг илэрхийлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.
“Хар тамхины асуудалтай тэмцэх дэлхийн уриалга” нь хар тамхинаас үүдэн гарч буй аюул заналтай тэмцэх олон улсын хүч чармайлт, хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрчимжүүлэхэд оршиж байгаа юм.
Энэхүү уриалгыг АНУ-тай хамтран Коломб, Аргентин, АНЭУ, Перу, Мали, Зааны ясан эрэг, Малайз, Сингапур, Доминикан, Болгар, Япон, Саудын Араб, БНСУ, Морокко, Румын, Тайланд, Энэтхэг, ИБУИНВУ, Эстони, Итали, ОХУ, БНХАУ, Афганистан, Эквадорын Гвиней, Коста Рика, Гватемал, Кени, Иордан Улс гаргаж байгаа бөгөөд 130 гаруй улсын төр, засгийн тэргүүнүүд энэ арга хэмжээний үеэр уриалгад нэгдэв.
АНУ-ын энэхүү санаачилгыг дэмжиж буйгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес арга хэмжээний үеэр илэрхийллээ.