МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Бороотой Нью-Йорк дахь НҮБ-ын "болзоо"
2018.09.26
Гадаад харилцаа

Бороотой Нью-Йорк дахь НҮБ-ын "болзоо"

Бороо асгарсан Нью-Йоркийн намар. Монголдоо бол ёстой л банштай цай уумаар санагдам хүйтэн бороо асгарсан энэ өдөр Манхэттен дүүрэгт хүн, машины хөл хөдөлгөөн хорьж, харин НҮБ-ын байранд олон орны төр засгийн тэргүүнүүд цугларчээ. Тэд  даяаршиж буй дэлхий ертөнцийг зовоож буй олон асуудлыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар  хөнддөг тэр уламжлалынхаа дагуу чуулж буй нь энэ юм. Есдүгээр сарын сүүлээр Нью-Йорк хот олон улсын төр засгийн тэргүүн, гадаад хэргийн сайд төлөөлөгчдийн хөлд дарагддаг.

Ерөнхий ассамблейн 73 дугаар чуулганаар 193 орны төлөөлөгч олон улсын энх тайван, аюулгүй байдал, терроризм, хэт даврагч бүлгүүдийн террорист ажиллагаа, гоц халдварт өвчний тархалт, түүнтэй тэмцэх, хар тамхи, түүний хор уршиг, өлсгөлөн, ядуурал, хүчирхийлэл, зэвсэгт мөргөлдөөн, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол зэрэг дэлхийн өмнө тулгамдаж буй 300 гаруй асуудлыг хэлэлцэж эхэллээ. НҮБ-ын байрны дэргэдэх пресс центр дүүрэн сэтгүүлч. Өөр, өөрийн хэлээр мэдээлэл бэлтгэн тэд газар дээрээс нь хурдан шуурхай хүргэх үүрэг хүлээн сууна.

Орон нутгийн цагаар есдүгээр сарын 25-ны өглөөний 09.00,  Монголын цагаар үдшийн 21.00 цагт Ерөнхий ассамблейн 73 дугаар  чуулганыг Ерөнхий нарийн бичгийн дарга  А.Гутеррес нээж үг хэлэхдээ  “Итгэл бол эмзэг цэг. Дэлхийн улс орнуудад дэг журам алдагдаж байна. Тиймээс дэг журмыг бий болгоход  НҮБ дэлхийн улс орнуудтай хамтран ажиллах ёстой. Бид энх тайвныг бий болгох, хүний эрхийг хамгаалах хэрэгтэй” гэв.  Тэрбээр уур амьсгалын өөрчлөлт дэлхийн тулгамдсан асуудал байсаар байгааг, үүний эсрэг дорвитой арга хэмжээ авахыг сануулж, технологийн хурдацтай хөгжил дэвшил ажлын байрыг булааж, хүмүүсийн орлогод сөргөөр нөлөөлж буйг онцоллоо. Цагаач дүрвэгчдийн асуудлыг цогцоор нь шийдэх, цахим гэмт хэрэгтэй тэмцэх, цахим аюулгүй байдлыг улс орнууд анхаарч ажиллахыг ч НҮБ-ын индэр дээрээс санууллаа.

Түүний дараа 73 дугаар чуулганыг даргалагч Эквадорын гадаад хэргийн сайд асан Мария Фернанда “Хүний наймаа, дүрвэгсэд,  үндэстний цөөн, хуванцар хог хаягдал, байгаль орчны доройтол,  эрүүл мэнд зэрэг асуудлаар улс орнууд нэгдмэл байр суурьтай, манлайлан оролцох”-ыг уриалж,  АНУ-ын удирдагч ноён Д.Трамп “Аль ч  үндэстний зан заншил, итгэл үнэмшил, уламжлалыг хүндэтгэнэ. Бид тэдэнд яаж амьдрах, юу хийх,  яаж мөргөхийг заахгүй. Ираны удирдагчид эмх замбараагүй байдал, үхэл, сүйрлийг тарааж байна. Тиймээс Ираны цөмийн зэвсгийн наймааг зогсоохын төлөө хамтрах хэрэгтэй.  Ираны удирдагчид эрдэнэсийн санг хоосолж, тэрбум, тэрбумаар нь халаасалж, ард иргэдийг шашин шүтлэг, сүм хийдээр нь барьцаалж байна” гээд социализмын улс орнуудад учруулдаг хор хөнөөлийн жишээгээр Венесуэлийг нэрлэлээ.

НҮБ-ын төв индэр дээрээс үг хэлэх хугацаа 15 минут.  Энэхүү 15 минутад улс орны төрийн тэргүүн нар дэлхийн болоод улс орон тулгамдаж байгаа асуудлаар илтгэл тавьдаг.

Вашигтоноос Нью-Йоркт газардсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд анх удаа оролцож байгаа юм. Өнгөрсөн жил тодорхойгүй шалтгаанаар  Монгол Улс нэг жил завсарласны дараа дахин НҮБ-ын танхимаас дэлхийн, болоод бүс нутаг, улс орныхоо талаар илтгэл тавих юм. АНУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гэрч болсон хоёр гол үйл явдлын нэг нь НҮБ-ын 73 дугаар чуулганд оролцох явдал байлаа.

НҮБ-ын чуулганд Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тасралтгүй долоон жил оролцож байсан юм. 2016 онд буюу хоёр жилийн өмнө Тогтвортой хөгжлийн асуудлаар хуралдаж, Монгол Улс НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар илтгэл тавьж байв. НҮБ-аас 17 зорилго, 360 зорилт бүхий тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг 2015 онд баталсан билээ. Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт улс орнууд ядуурлыг бууруулах, жендерийн тэгш эрхийг хангах,  байгаль орчноо хамгаалах, энх тайван шударга ёсыг бүрдүүлэх асуудал яригддаг.

Өнгөрсөн жил НҮБ-ын 72 дугаар чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцох ёстой байсан ч, яваагүй шалтгаанаа тайлбарлахдаа төсвийн үргүй зардалтай холбосон нь олон нийтийн шүүмжлэлийг ч багагүй хүртсэн билээ.  Тиймээс өнгөрсөн онд Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгчийн хувиар Ц.Мөнх-Оргил оролцож байжээ.

Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэн орсон 101 дэх орон. Түүх сөхвөл, 1947-1957 онуудад НҮБ-д элсэн орох өргөдлөө найман удаа гаргаж, дөрвөн удаа хэлэлцүүлсэн ч бүтэлгүйтэж байжээ. Учир нь тусгаар тогтсон Монгол Улс гэж Бээжин хүлээн зөвшөөрдөггүй байсан гэдэг.  Харин өнөөдөр их гүрнүүдийн дунд орших Азийн жижигхэн Монгол дэлхийн 193 улстай НҮБ-ын индэр дээр нэг төвшинд мөр зэрэгцэн тугаа намируулж байна. Учир нь, НҮБ-д элсэн орно гэдэг дэлхийд тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, хүлээн зөвшөөрүүлсэн үйл явдал.  Хүсээд, ч мөрөөдөөд ч НҮБ-ын гадна тугаа өлгөж чадахгүй, тусгаар тогтносон улсын хувиар оролцох боломжгүй олон орон дэлхийд бий.

НҮБ-д элсэн орсноос хойш нийтдээ 400 орчим сая ам.долларын тусламж дэмжлэгийг тус байгууллага монголчуудад өгсөн талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ярьж байна. Ерөнхий ассамблейн чуулганд  шууд улсаа төлөөлөн оролцох эрхтэй хүмүүс бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад бодлого хариуцсан сайд байдаг. Гадаад харилцааны сайдын хувиар Д.Цогтбаатар мөн анх удаа НҮБ-ын чуулганд оролцож, далайд гарцгүй орнуудын асуудал, терроризм, хэт даврагч бүлгүүдийн террорист ажиллагаа, гоц халдварт өвчний тархалт, түүнтэй тэмцэх, хар тамхи, түүний хор уршгийн талаар хэлэлцэх салбар хуралдаануудад оролцож буй юм. Тэрбээр “НҮБ-ын чуулган оролцоно гэдэг Монголын олон тулгуурт гадаад бодлогын нэг чухал арга хэмжээ.  Энэ  жил НҮБ эдийн засгийн хөгжлийн тогтворжуулах, ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүйсийн тэгш эрх, халдварт ба халдварт бус өвчлөлийн талаар хэлэлцэж байна” гэв.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд ОХУ, Хятад, Хойд Солонгос улсын гадаад харилцааны сайдууд нь оролцож байгаа бол Шинзо Абэ үдээс хойших хуралдаанд үг хэллээ. Энэ удаад НҮБ-ын гишүүн орнуудын эрх тэгш, эн тэнцүү оролцооны тухай  төлөөлөгчид хөндөж байна.  Ялангуяа хөгжилтэй орнуудын хөлд нь жижиг буурай, хөгжиж яваа орнууд чирэгдэж байгаа талаар, НҮБ-ын зүгээс эрх тэгш оролцоог бий болгох, хариуцлагатай болгох асуудлыг жижиг орнуудын зүгээс хөндөж байна.

Ийнхүү НҮБ-ын гишүүн орнууд цэнхэр бөмбөрцөг дэх олон асуудлыг хөндөн, хамтдаа гарц хайдаг өдрүүд эхэллээ. Нью-Йоркийн цагаар есдүгээр сарын 28-ны Пүрэв гаригт  У.Хүрэлсүх НҮБ-ын төв индэр дээрээс Монголоо төлөөлж үг хэлнэ. Тусгаар тогтносон, ардчилсан Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар дэлхийн өмнө.

ШИНЭ МЭДЭЭ