МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзав
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2018.09.26
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзав

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тойрогтоо ажиллах үеэрээ Архангай Эрдэнэбулган сумын өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, тодорхой асуудлыг шийдвэрлэсэн байна.

Архангай аймгийн Эрдэнэбулган суманд энэ жил дахин 3 эрүүл мэндийн төв байгуулагдаж, өргөтгөсөн хэлбэрээр ажиллаж байгаа аж. Эрдэнэбулган сум буюу Цэцэрлэг хотод хөдөө сумдын оршин суугч олон байгаа нь өрхийн эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлдэг. Гэтэл үйлчлүүлэгчдийн тоог тооцолгүйгээр төсөв тооцдог учраас үйл ажиллагаанд нь хүндрэл учирдаг тухай өрхийн эмч нар ярьжээ. Мөн эрүүл мэндийн төвүүдийн халаалт дулааныг шийдвэрлэх зэрэг ажиллах таатай орчин нөхцөлийг хангахад тусламж үзүүлэхийг өрхийн эмч, мэргэжилтний холбооноос хүссэн байна.

Эрдэнэбулган сумын эмч, мэргэжилтнүүд

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг халаалтын хувьд хямд төсөр зардалтай технологийг ашиглахыг зөвлөж, хөрөнгө оруулалтыг орон нутгийн төсвөөр шийдвэрлэж болно гэдгийг хэлжээ. Мөн аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа зарим өрхийн эмнэлгийн төвийн барилга хуучирч муудсан, цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа, багтаамж муу зэргийг харгалзан өрхийн эмнэлгийн жишиг загвар болохуйц барилгын асуудлыг судлахаа илэрхийлсэн байна.

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд аймгийн төсвөөс хуваарилалт хийх боломжтой гэдгийг хэлэв

Түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн компьютер, тоног төхөөрөмж нь 2003 оноос хойш шинэчлэгдээгүй, хэрэгцээ шаардлага хангахгүй болсныг харгалзан компьютер хэрэгслийг шинэчилж өгөхөөр болж, эхний ээлжийг  нь гардуулан өглөө. Өрхийн эмнэлгийн эмч нарыг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх зэрэг асуудлыг орон нутгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, ажиллах боломж бүрэн байгааг сануулж, боловсон хүчний сурч боловсрох нөхцөлд дэмжлэг үзүүлж ажиллахыг аймгийн удирдлагуудад чиглэл өглөө.

Шинэ компьютер гардуулан өглөө

Эрүүл мэндийн төвүүдийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахад зөвхөн улсын төсөв гэлтгүй орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалт хийж, санал санаачилгатай ажиллахыг аймгийн удирдлагуудад мөн анхаарууллаа.

ШИНЭ МЭДЭЭ