МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Г.Занданшатар: Дараагийн сайдын асуудлыг албан ёсоор яриагүй
2018.10.01
Улстөр

Г.Занданшатар: Дараагийн сайдын асуудлыг албан ёсоор яриагүй

УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлтийн үеэр /2018.10.01/ УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараас намрын чуулганаар хүлээгдэж буй асуудлуудын талаар зарим зүйлийг торууллаа.

-Намрын чуулганаар хүлээгдэж буй асуудлуудын нэг бол Зам тээврийн хөгжлийн /ЗТХ/ сайдыг томилох явдал байгаа. Сайдын асуудал ямар шатандаа явж байгаа вэ?

-У.Хүрэлсүхийн Засгийн газар сахилга хариуцлагыг дээд зэргээр сахиж ажиллаж байгаа. Хууль зөрчсөн асуудал байхгүй. ЗТХ-ийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар өөрсдөө сахилга хариуцлагаа хүлээж, албан тушаалаа өгөх өргөдлөө өгсөн. Тэр дагуу асуудал шийдвэрлэгдсэн. Сайдын асуудал УИХ-аар шийдэгдэх учраас Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-д өргөн мэдүүлэх журмын дагуу ажиллана. Энэ хүрээнд Ж.Бат-Эрдэнэ сайдын өргөдлийг зөвшилцөх саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Ерөнхийлөгчөөс есдүгээр сарын 24-ний өдөр хариу ирсэн. Үүнийг үндэслээд, намрын ээлжит чуулган эхэлж байгаа энэ өдөр Ж.Бат-Эрдэнэ сайдын өргөдлийг шийдвэрлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлж байна.

-ЗТХ-ийн дараагийн сайдаар хэн яригдаж байгаа вэ?

-Дараагийн сайдын асуудал албан ёсоор яригдаагүй байна.

-Энэ удаагийн чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх үү?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар 67 гишүүн гарын үсэг зурчихаад байгаа. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Мөн Ерөнхийлөгч чуулган нээж хэлсэн үгэндээ тогтолцооны хямралыг шийдвэрлэх асуудалд санал нэгтэй байгаагаа илэрхийллээ. Тэгэхээр үндсэн зарчмын хувьд бид Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай гэдэг дээр ойлголцолд хүрсэн гэж болно. Засгийн газар Үндсэн хуулийн шинэчлэлт, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр Гурван тулгуурт хөгжлийн бодлогодоо тусгаад байгаа.

-2019 оны төсвийг хэлэлцэх гэж байна. Төсвийн хүрээнд эдийн засаг сайжрах хандлага байна уу?

-Чуулганаар улсын төсвийг хэлэлцэнэ. Улсын төсөв нэлээн тэлсэн. Орлого 3,5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Эдийн засгийнхаа өсөтийг нэмэгүүлсэн төсөв болж байгаа. Дэлхийн эдийн засагт өрнөж буй үйл явц, олон улсын худалдааны дайн, нефтийн үнийн өсөлт зэрэг нь манай эдийн засагт нөлөөлж байгаа ч бид сахилга хариуцлагыг сайжруулснаар эдийн засгийн өсөлт оны эцэст 8 хувьд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байгаа.

М.Хангал

ШИНЭ МЭДЭЭ